Замын цагдаагийн газрын саяхны хоногийн мэдээллээр Улаанбаатар хотод ганц ч жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй байсан. Энэ бол сүүлийн 30 жил тохиолдоогүй ховор зүйл байх. Манайхан замын хөдөлгөөний дүрэм баримтлах тал дээр тун тааруу.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо огт зөрчил гэж үзэхгүй, тоодог ч үгүй байсан. Гэтэл согтуу жолоочийн буруугаас болж хамгийн онц ноцтой осол гарч байсан түүх бий. Хэдийгээр Замын хөдөлгөөний дүрэм, хууль журам гэж байсан ч тоодог жолооч байсангүй. Замын цагдаа нар ажлаа хийгээд, зөрчил гаргасан жолоочийг торгодог ч нөлөөлөл багатай байлаа.
Тэгвэл Замын хөдөлгөөний шинэ хууль гарч, торгууль мөнгө нь нэмэгдсэнээс хойш жолооч нарын хэнэггүй байдал өөрчлөгдөж байх шиг байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо огт зөрчил гэж үзэхгүй, тоодог ч үгүй байсан.
Тэр дундаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод, 400-аад мянган төгрөгөөр өгөөд томроод байх чадалтай нөхдүүд хэд билээ дээ. Түүнээс гадна манай замын цагдаа нар үнэхээр сайн ажиллаж байна.
Бүр дэндүү сайн шүү. Дандаа л торгодог, өө хайдаг, “шидэт дохиурын эзэн” гэж гоочлуулдаг хэдэн цагдаа нараа энэ удаа амаа олохгүй магтчихъя, яадаг юм. Үнэхээр сайн ажиллаж байгаа нь үнэн юм чинь, яадаг юм. Хэдийгээр торгуулийн мөнгөн дүн өссөн нь сайн хэрэг.
Гэхдээ хуулийг сайн хэрэгжүүлэхгүй бол гууль л болж хувирдаг. Тэгвэл манай замын цагдаа нар өдөр, шөнөгүй хүйтэнд хөрч, хөл гараа хөлдөөх шахам зогсч, согтуу жолооч нартай тэмцэж байна. Одоо шөнийн цагаар жолоо бариад явж байгаа машинтай хүн болгон мэдэж байгаа байх.
Тиймээс “Өнгөрсөн шөнө” гэсэн шалтагтай согтуу жолооч нартай тэмцэх гэж цагдаа нар өглөө эрт, үүрээр зам дээр зогсч байна. Тэд үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах цагаасаа, гэртээ амрах мөчөөсөө хасч согтуу жолооч нартай тэмцэж байна шүү дээ. Тэд ингэж сайн ажиллаж байгаа болохоор өндөр торгуультай хуулийн заалт чинь биелж байгаа юм. Хууль биелэхээр яах билээ. Мэдээж согтуу жолоочийн тоо буурна. Бүр байхгүй болно.
Согтуу жолоочгүй байна гээд бод доо. Онц ноцтой авто осол гарч, гэм зэмгүй иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирохгүй шүү дээ. Манайхан болохоор торгуулийн мөнгө нэмэгдчихсэн болохоор цагдаа нар сайн ажиллаж байна. Нэг ч болов согтуу жолооч бариад, их мөнгө авахын төлөө зүтгэж, өдөр шөнө, өглөө оройгүй зам дээр зогслоо гэж дайраад байгаа. Зарим нь “Согтуу явж байгаад цагдаад баригдсангүй. Би азтай” гэж тэнэгтэх нь ч бий. Тэгвэл цагдаа мөнгөний төлөө ч биш, согтуу жолооч битгий байгаасай гэж л зогсч байгаа шүү дээ.
Харин та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, цагдаад баригдсангүй гэж баярлахдаа яарах хэрэггүй. Цагдаад баригдаагүй явснаас болж ноцтой осол гаргаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирвол яана. Цаашлаад амь насаа алдвал яах билээ. Эсвэл бусдын амь насанд хүрч, амьдралынхаа хамаг сайн сайхан он жилүүдийг торны цаана өнгөрөөвөл яах билээ. Согтуу жолоочийг ийм л хэдэн сонголт хүлээж байдаг.
Их азтай нь зүгээр гэртээ харьчих л байх. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг биз дээ. Тэгвэл манай замын цагдаа нар сүүлийн үед үнэхээр сайн ажилласны хүчинд согтуу жолоочгүй өдөр гардаг болж. Магадгүй зарим нэг нь цагдаад баригдалгүй харьсан л байх. Гэхдээ л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолооч үнэхээр багасаж байна. Энэ бол замын цагдаа нарын л ач шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!