Б.Баатар: Улстөрийн том бүлэглэл дүрс бичлэгийг хулгайлсан байж болзошгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд “Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар болон хөтлөгч П.Анужин нарын санаачлан хэрэгжүүлсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг тарж, олны анхаарлыг татсан. Өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт гарч байгаагүй тэрхүү нууц бичлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар өртсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Тэгвэл “Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар тухайн дүрс, бичлэгийг зориуд цацаагүй, “алдагдсан” гэх тайлбарыг өгч байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Олон үг нуршиж, оршил хийлгүй шууд л гол яриандаа оръё. Та бүхний санаачлан, хэрэгжүүлсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрс өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдаж, цахим ертөнцөд шуугиан тариад байна. Эхлээд таны байр суурийг сонсох нь зөв байх?
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг хулгайд алдагдаж, олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Өнгөрсөн хугацаанд бид нэвтрүүлэгтэй 50 гаруй зочин урьж оролцуулсан байдаг. Дараагийн нэвтрүүлгүүд ч эхнээсээ бэлэн болж, заримынх нь зураг авалтын явц үргэлжилж байна.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нэвтрүүлгийн архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар МАХН-ын дарга Н.Энхбаярын болон бас бус бичлэг алдагдлаа. Бид үүнийг маш нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Цацсан процесс ч мэргэжлийн өндөр төвшинд байсныг харсан байх.
Манай серверийн хувьд хэн дуртай нь орж чадахгүй.
Хийсэн эвлүүлэг ч тэр, тайлбар текст гээд үнэхээр өндөр хэмжээнд зохион байгуулалттай нь харагдаж байна. Манай серверийн хувьд хэн дуртай нь орж чадахгүй. Маш сайн хамгаалалттай. Энэ бол ганц, хоёр хүн эсвэл нэг жижигхэн компанийн хийх ажил биш. Энэ бол маш том бүлгийн хийсэн тусгай ажиллагаа гэж бодож байна.
-Нэвтрүүлгийнхээ хар дүрсийг алдсанаа яг хэзээ мэдэв?
-Олон нийтийн сүлжээгээр цацагдахад нь л мэдсэн. Түүнээс өмнө гадарлаа ч үгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол нэг сар, түүнээс ч өмнө хулгайлсан байж магадгүй.
-Гэхдээ тийм чухал баримт, дүрсийг өнөөг хэр нь хадгалж байсан нь ямар учиртай юм бэ?
-Нэвтрүүлгийнхээ зочдын дүрсийг улсын архивт хадгалахаар төлөвлөж, хүлээлгэж өгөх гэж байсан. Тиймээс л бүх дүрсээ сервертээ хадгалсан.
-Цацагдсан дүрсүүд дээр гарч байгаа ярианы агуулга олон нийтийг багагүй бухимдуулж, эгдүүцлийг нь төрүүлж байх шиг байна?
-Нэвтрүүлэг гэдэг ямар хүч, хөдөлмөрөөр гардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Ялангуяа ярилцлага гэдэг маш том итгэлцэл дээр явдаг. Ярилцлагын нэвтрүүлэгт хүнийг яриулах гэдэг маш том техник байдаг. “Монгол тулгатны 100 эрхэм” бол хүний сэтгэл рүү өнгийсөн, уран сайхны тавилттай нэвтрүүлэг учраас маш их хугацаа шаарддаг.
Энэ бол найруулагч миний цэвэр алдаа. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүний гэр бүл, манай нэвтрүүлгийн хөтлөгч Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөтлөгч П.Анужин нараас ч мөн уучлалт гуйж байна.
-Өршөөгөөрэй, та яагаад бүх зүйлд буруутай гэж. Алдчихсан гэсэн биз дээ?
-Нэвтрүүлгийн явцад манай хоёр хөтлөгч зочидтой ярьсан янз бүрийн хэсгүүд бий. Гэхдээ нэвтрүүлгийн туршид хоёр хөтлөгч зочидод тал зассан байдалтай харагдаж байвал энэ бол цэвэр найруулагчийн өөрийн тавилт гэдгийг ойлгоорой.
Хоёр хөтлөгч өөрсдийн гэсэн дүртэй, иймэрхүү байдлаар ингэж асуугаарай, тэгж хэлээрэй гэж найруулагч үүрэгддэг. Тиймээс хөтлөгчид хувь хүний үнэт зүйл гэхээсээ илүү маш том дүр бүтээж байдаг гэж хэлж болно. Үзэгч та бүхэнд хэрвээ эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол энэ бол найруулагчийн 100 хувь буруу юм шүү гэдгийг хэлье.
-Үүний ард УИХ-ын гишүүн Х.Баттулгыг байгаа гэж хардах хүн олон байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би тэгж бодохгүй байна.
-Гэхдээ дүрс бичлэгийг үзэж байхад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хэн ч муулаагүй. Бусдыг нь бол хэлэх, хэлэхгүй үгээр ярьж байгаа харагдсан. Үнэхээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалгаар та бүхэн өөрсдөө олон нийтэд цацчихсан юм биш үү?
-Тэгж хар төрүүлэхээр л хийсэн байна шүү дээ.
-Албаар уу?
-Тийм ээ, та бүхэн битгий ингэж юмыг нэг талаас нь харж бай л даа.
-Тэгвэл ингэж хардахгүй байх нэг ч болтугай шалтгааныг хэлж болно биз дээ?
-Хэрэв Х.Баттулга гишүүн хулгайлж, эсвэл би тэр хүнд зориулж дүрс бичлэгийг олон нийтэд цацсан бол өөрөөр эвлүүлэх байсан. Харамсалтай нь, дүрс бичлэгийг хулгайлсан нөхдүүд олон нийтийг яг ийм төөрөгдөлд оруулахын тулд л эвлүүлгийг нь хийсэн байна. Үүнийг л ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй юм.
-Ингэхэд та УИХ-ын гишүүн Х.Баттулгатай яг ямар холбоотой юм бэ?
-Бид адилхан зураач, багын найз, сайхан ах дүүгийн л холбоотой.
-Ингээд л болоо гэж үү. Ямар нэгэн бизнесийн холбоогүй гэж ойлгож болох уу?
-Би Х.Баттулга гэдэг хүнтэй ах дүү, уран бүтээлч хүнийхээ хувьд л холбоотой. Хүндэлж явдаг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ дүрс бичлэг алдагдсан асуудал тэр хүнтэй ямар ч холбоогүй. Тэгээд ч алдагдсан бичлэг дээр ч гарч байсан шүү дээ.
-Нэвтрүүлгээ хийхэд тэр хүнээс нэг төгрөг ч аваагүй, өгөх ч үгүй гээд л үү?
-Тийм. Манай бүх зүйлд оролцдоггүй, хэрвээ холбоотой байсан бол зарим нэр бүхий хүнийг нэвтрүүлэгтэй урьж оруулахгүй байсан биз дээ гэх мэтээр ярьж байна. Мөнгө төгрөг, бизнесийн холбоо огт байхгүй.
-Ойлголоо. Дүрс бичлэг олон нийтэд цацагдсанаас хойш МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр бүлтэй холбогдсон уу?
-Үгүй. Бид Н.Энхбаяр гэдэг хүнийг мандан бадарч байх үед нь, хаан шиг байх үед нь очсонгүй. Ганцаардсан байх үед нь очиж нэвтрүүлгээ хийсэн. Түүний сэтгэл зүрх рүү илүү их ойртохыг, зовлонгоос нь нимгэлэхийг, хуваалцахыг хүссэн. Гэтэл ийм хариуцлагагүй үйлдэл гаргасандаа би харамсч байна. Магадгүй Н.Энхбаярт хэт их долигоносон гэсэн ярианууд ч байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ бол мандан бадарч явах үед, ид үед нь, яг ажлаа хийж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн яриа биш. Бид Н.Энхбаярын түүхэн яриагүйгээр Монголын түүхийг бичиж, ярьж болохгүй. Тиймээс бид яриулж, бичиж авсан. Монгол Улсын бүх Ерөнхийлөгчид нэвтрүүлэгтээ орох урилга явуулсан ч Н.Багабанди гуай тодорхой шалтгааны улмаас орохоо түр хойшлуулсан. Гэхдээ Н.Энхбаярын тэр нэвтрүүлэг хийхээс авахуулаад дуусах хүртэл нь маш том дарамтад байсан.
-Ямар дарамт?
-Улстөрийн том, том дарамтад орсон. Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдөө над руу ярьж байсан. Энэ нь манай хөтлөгч, ажилчдад их нөлөөлж байсан гэхэд болно. Үүнээс үүдэлтэй юм болов уу л гэж бодож байна. Өөр хэлж, мэдэх зүйл алга.
-Тухайлбал, ямар улстөрчдөөс дарамт, шахалт үзүүлсэн юм бэ?
-Эмэгтэй хүн шиг олон юм ярихыг хүсэхгүй байна.
-Бичлэгийг хулгайлж, олон нийтэд тараасан нь улстөрийн зорилготой гэж ойлгож болох уу?
-Тийм. Би Монголын төрийг тунгалаг байгаа гэдэгт итгэж байна. Харин улстөрд бол бохир. Хүний юмыг хулгайлдаг. Түүнийгээ олон нийтэд цацдаг. Улстөрийнхөө нөлөөнд оруулдаг. Нэг хүнийхээ нэр хүндийг өсгөхөд бусдыг унагах гэж оролддог. Унагахын тулд ямар ч үнээр, юуг ч хамаагүй хэрэглэдэг.
-Н.Энхбаярын гэр бүлийнхээс гадна өөр дүрс бичлэг алдагдсан гэсэн. Нууц биш бол тодорхой мэдээлэл өгөөч?
-С.Зориг агсны тухай баримтат кино хийж байгаа. Киноны зураг авалт түр хугацаанд зогссон байсан. Энэ үеэр харданд хуулаад серверээс тусад нь тавьчихсан байсан дүрс, материал алдагдсан. Үүнд, сонингийн хайчилбаруудыг скайнердсан файлууд байсан.
-Мэдэгдэж байгаа нь л энэ хоёр уу?
-Тийм ээ.
-Ингэхэд нэвтрүүлгийн бусад оролцогчдын ч гэсэн хар дүрс бий байх нь ээ?
-Бүх зүйл маань хадгалагддаг. Ц.Элбэгдоржийн дүрс, бичлэг байсан. Магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сул хар дүрс алдагдсан байхыг үгүйсгэхгүй. Хэчнээн дүрс, бичлэг алдагдсанаа мэдэхгүй байна.
-Тэгвэл өнөөдөр, маргааш дахин хэн нэгний хар дүрс бичлэг олон нийтэд цацагдаж магадгүй гэж ойлгож болно биз дээ?
-Тийм.
-Хууль хяналтынханд хандсан уу?
-Цагдаагийн байгууллагаас гадна Оюуны өмчийн газар хандсан.
-Хуулийн байгууллага гэмт этгээдийг олж чадна гэдэгт итгэж байгаа юу?
-Мэдээж итгэж байна. Хууль, хяналтынхан маань шуурхай ажиллаж энэхүү хэргийг үнэн зөвийг тогтоох байх. Гэхдээ би нэг л зүйлд илүү итгэж байна.
-Юунд тэр вэ?
-Цахим гэмт хэрэг хэзээ нэгэн цагт илэрдэг. Цахим ертөнц үргэлж ул мөрийг үлдээж байдаг. Энэ ч утгаараа гэмт этгээдүүдийг барина гэдэгт итгэлтэй байна.
-Сул дүрс хадгалагдаж байсан гэдгийг танай ажлын хамт олноос гадна өөр хүн мэдэж байсан уу. Зарим хүн дотроосоо алдсан байж болзошгүй гэж үзэж байна. Дахин хэлэхэд, нөгөө хэсэг нь бүр таныг зориудаар олон нийтэд тараасан гэж хардаж байгаа юм билээ?
-Тэгж хэлж байгаа хүн өөрөө хулгайлсан байж болзошгүй гэж л хэлэх байна даа.
-Яагаад?
-Ямар ч мөнгө төгрөг, улс төрөөс илүү миний уран бүтээл. Итгэл, үнэмшил маань шүү дээ. Тэр утгаараа би хэзээ ч тийм зүйл хийхгүй. Яасан байсан ч тийм зүйл хийхгүй.
-Хүн болгон л өөр өөрсдийнхөөрөө дүгнэж, үгээ хэлж байна шүү дээ. Таны хэлж, хардаж байгаа шиг энэхүү хэрэгт улстөрийн том бүлэглэл оролцсон бол хэргийг нуун дарагдуулах, цагдаагийн байгууллагад нөлөөлөх гэж оролдохыг үгүйсгэхгүй?
-Магадгүй цагдаа нар хэргийг нуун дарагдуулах гэж оролдож болно. Гэхдээ эцсийн дүнг нь цаг хугацаа харуулна. Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
