ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7 ихээхэн өөрчлөгдөх сураг сонсогдож байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Apple компанийн алдарт iPhone гар утасны 7 дахь загвар худалдаанд гарахад хэдхэн сар үлдээд байна. Тиймээс шинэ утасны талаар зарим мэдээллүүд технологийн мэдээллийн сувгуудаар задарч эхэлжээ.

Энэ талаар маш үнэн зөв таамаг гаргадаг 9to5 Mac-ын Марк Гурмэн дараачийн iPhone утасны загварыг сонгохын тулд гурван өөр санааг уралдуулж байгаа тухай бичжээ.

Үүнээс гадна 3.5 мм-ийн чихэвчний оролтыг Apple бүр мөсөн алга болгож байгаа тухай тэр бас бичсэн байна. Үүний оронд чихэвч нь одоогийн USB кабель ордог Ligthning портоор холбогддог болох юм.

Хэрвээ та анзаарсан бол 3.5 мм чихэвчний оролт iPhone 6, 6s дээр томдож байгааг харж болно. Дараагийн iPhone илүү нимгэн болвол багтаах аргагүй болох юм.

Нэр дэвшиж байгаа гурван дизайны санаан дотор одоогийн 6s-ийн хэлбэрийг хадгалж үлдэх хувилбар байгаагаас гадна өөр цоо шинэ, маш нимгэн загварын хувилбар байгаа гэнэ.

Тэгэхээр iPhone 7 нь дизайн, гоо зүйн хувьд нэлээд том өөрчлөгдөж магадгүй нь.

Үүнээс гадна iPhone 7-той цуг цоо шинэ утасгүй Beats чихэвч зарлагдаж магадгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь Bluetooth технологитой, утаснаас чихэвч хүртэл, бас зүүн болон баруун чихэвчний хооронд утасгүй буюу ямар ч утас оролцоогүй бүтээгдэхүүн байх гэнэ.

Одоохондоо ийм технологийг ганц хоёр жижиг компаниуд (Bragi, Skybuds) санаачлаад байгаагаас илүү дэлгэрээгүй байгаа юм. Ийм бүрэн утасгүй чихэвч бүтээхэд инженерийн нарийн түвэгтэй шийдэл шаарддаг гэнэ. Тухайлбал баруун, зүүн чихэвч хооронд Bluetooth радио сигнал дамжихад хүний биеийг нэвтлэх асуудалтай тулгардаг ажээ.

Гэхдээ Apple өнгөрсөн жил зөвхөн судалгаа шинжилгээнд $8 тэрбумыг зарцуулсан тул гайхалтай бүтээл гаргаж чадах нь тодорхой юм.

 

Эх сурвалж: Techinsider