21 аймгаас шалгарсан шилдэг адуучид энэ 10 дугаар сарын 06-нд Хүй долоон худагт өрсөлдсөн. Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчдыг шалгаруулах “Адуучин” тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж, тэмцээний төрөл бүрт амжилттай оролцсон адуучдыг нийлбэр дүнгээр нь шалгаруулж эхний таван байрын эзнийг тодруулсан юм.
Айргийн тавд шалгарсан шилдэг адуучидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөөний цай хамт уулаа.
Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ арга хэмжээ чухал. “Адуучин” тэмцээн монголчууд төдийгүй гадаадынхны сонирхох аялал жуулчлалын том брэнд болно. Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгож байгаа. Үндэсний их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион байгуулдаг болох нь зөв гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр ярьж байлаа.
Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг сум, аймаг, улсын гэсэн 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд сүүлчийн шалгаруулалтыг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт Хүй долоон худагт явуулна.
“Адуучин” тэмцээний шилдэг таван оролцогч болох Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай, Сэлэнгийн Цагааннуурын С.Батсуурь, Дорноговийн Айрагийн Е.Баасанхүү, Өвөрхангайн Бүрдийн Д.Охинтогтох, Дорнод аймгийн Матад сумын адуучин Г.Баяржаргал нар энэ өдөр Төрийн ордонтой танилцаж, Төрийн түүхийн музей үзэж сонирхлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|