Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын тусгаар тогтнолын товчоон” хэмээгчийн тухайд

ikon.mn
2015 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

(шүүмж)

Түүх гэдэг зүйл өнгөрсөн үеийн туршид суртал, ухуулгын хүчтэй зэвсэг болсоор иржээ. Манай улсын хувьд ч бас ийм байсан, одоо ч энэ л хэвээрээ байна. Түүхийг улс төрийн намууд өмчилж, түүхээр бамбай хийн өөрсдийнхөө үйл ажиллагааг хаацайлж, ямар нэгэн үйл явдлыг магтан дуулах хэрэгсэл болгож байна. Түүгээр ч барахгүй өөрсдийн түүхчидтэй болсон гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн нийгмийн түүх бичлэгийг хэт үзэл сурталжсан хэмээн цоллох боловч өнөөгийн түүх бичлэг илүүтэй үзэл сурталжих хандлагатай болж байна. Үүний нэгэн жишээ нь БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Монголын тусгаар тогтнолын товчоон” хэмээх цуврал бүтээл юм. Уг бүтээл илт нэг талыг барьж бичсэн, МАХН-ын үйл хэргийг магтан дуулсан, үзэл сурталжсан бүтээл болжээ.

Гэвч энэхүү бүтээлийн олзуурхууштай тал нь Монголд өрнөж байсан үйл явдлуудын цаад мөн чанарыг олон улсад өрнөж буй үйл явдлуудтай холбон үзүүлэхийг оролдож, илүү өргөн цар хүрээнд авч үзсэн болон олон нийтэд ойлгомжтой нийтлэлийн хэлбэрээр бичсэн явдал юм.

Гэхдээ түүхийг нийтлэл хэлбэрээр бичнэ гэдэг нь тухайн зүйлсийг зохионо, өөрийн үзэл бодлыг хавчуулна гэсэн зүйл огтхон ч биш юм.

Нэгдүгээр боть буюу “Талд ассан түймэр” хэмээх бүтээлд 1911 оны тусгаар тогтнолын хэргийг Эрдэнэ дайчин чин ван Ханддоржид хэт нялцаан бичсэн байна. Хувьсгалын бүхий л хэргийг Ханд ван ганцаар санаачлан хэрэгжүүлсэн мэтээр дүрслэн бичжээ. Тухайн цаг үеийн хувьсгалд тэр ноён тэгж оролцсон, энэ ноён ингэж оролцсон гээд тоочоод байвал бүгд л хувьсгалын удирдагч, идэвхийлэн оролцогч болон тодрон гарч ирэх нь лавтай. Эндээс түүхийг жалга довны үзэлдээ ашиглах, түүхэн үйл явдлыг орон нутгийн шинж чанартай болгох, тэдгээртээ зориулсан ой тэмдэглэх, нэг нэгнээ магтан дуулж, шагнаж урамшуулах ажлын эхлэл тавигдаж байгаа юм.

Уг нь эрхэм гишүүн номныхоо оршил үгэнд дурдахдаа: “Түүхийн элдвээр өөрчлөн засварлах нь түүхэн сургамжаа олж харах боломжийг үгүйсгэн, үйлдсэн алдаагаа дахин дахин давтах аюул буй болгодог гэдэг.”, мөн “...тухайн цаг үеийн товчооныг элдэв өнгө, будаггүйгээр өгүүлэхийг чармайсан болно.” гэсэн байх юм. Гэтэл номын агуулга нь энэ бүхний эсрэг, огт өөр зүйлийг харуулаад байгаа нь гайхалтай.

Жишээлбэл номын 20-р талд Ханд ванг дүрслэн бичихдээ: Түүний бүх биенийх нь булчин шөрмөс зангирч, нүд нь хар цагаанаар эргэлдэн, шанааных нь булчин хөвчрөн, гүрээнийх нь судас төвийж, номхон дөлгөөн төрийн хэргэмтэн биш, жинхэнэ монгол эрийн хилэнт дүр тодроход хамт яваа хиа нар нь өөрийн эрхгүй сүрдэн бөхийсэн авай. Хүүгээ алдсан эцэг хүний тухай өгүүлсэн энэ хэсэг “элдэв өнгө, будаггүйгээр өгүүлэхийг чармайсан” түүхийн номонд бус уран зохиолын номонд ч гоёдмоор харагдана. Эсвэл Ханд ван Жанчхүүгийн даваан дээр ийн “хилэнт дүр” гарган байх цаг дор эрхэм гишүүн тэмдэглэлийн дэвтэр бариад хажууд нь “бөхийж” байсан эсвэл тэдгээр дагалт хиа нарын нэг нь тэмдэглэн бичснийг сурвалж болгон ашигласан. Гэхдээ тэр сурвалж нь хаана байгаа талаар ишлэл, зүйлт хайгаад олсонгүй.

24-р талд бүр ч сонирхолтой зүйл байна. “...Сонгоол буриад Цогто Бадмаевич Бадамжапов Төлүүгийн даваа даван, алсад шаргалтан харагдах ой модыг баясан харж, эцэг дээдсийн нутаг минь гэж бодсоор уруудаж байлаа.” энэ хэсэгт эрхэм зохиогч нөгөө “түүхийн элдвээр өөрчлөн засварлах, элдэв өнгө, будаггүйгээр өгүүлэхийг чармайсан”-аа  бүр ор тас мартаад зуугаад жилийн өмнөх хүний бодлыг уншдаг болчихсон төдийгүй нутгийнхаа давааны нэрийг хавчуулаад авав. Энэ мэт зүйл нэг бус удаа тохиолдоно. Түүхийн ухааны доктор хүн ийм юм бичихээр бусад нь ойлгомжтой биз ээ.

Цаашаа “архинд хөлчүүрэхсэн” Цогто Бадмаевич Бадамжапов, Ханд ван нарын яриаг мөн л хажуунд нь сууж байсан мэтээр сийрүүлэв. Ийнхүү эх сурвалжаас авсан юм уу, зохиогоод биччихсэн юм уу хүмүүсийн харилцан яриа хоёрдугаар боть болох “Ээдрээт цагийн бичээс”-т ч мөн олон буй. Хэрвээ ямар нэгэн эх сурвалжаас авсан бол дурдах хэрэгтэй л дээ.

Мөн 31-р талд “есаул” гэдэг бол монгол хэлний засуул гэсэн үгнээс гаралтай морин цэргийн цол гэсэн тайлбар байна. Энэ үгний гарлын тухайд хэд хэдэн үзэл байх бөгөөд нэг хэсэг эрдэмтэд монгол хэлнээс, нэг хэсэг нь түрэг хэлнээс, өөр нэг хэсэг нь бүр иран хэлнээс гаралтай хэмээн үзэж өөр өөрсдийн тайлбарыг гаргаж дэвшүүлсэн байх бөгөөд шууд монгол хэлний засуул гэсэн үгнээс гаралтай хэмээн бичих нь арай л хэтийдсэн дүгнэлт болжээ. Хэрвээ үнэхээр монгол хэлнээс гаралтай гэдгийг нь тогтоочихсон бол ямар баталгаа нотолгоон дээр үндэслэж байгаагаа мөн л дээрээс хойш нэхээд байгаа эх сурвалжтайгаа дурдах ёстой.

Ийнхүү эхний хэдэн хуудаснаас л “Талд ассан түймэр”-ийн бичлэгийн хэв маяг, үндсэн утга санаа илрэн гарч, элдвээр өөрчлөн засаагүй түүхэн үйл явдлын тухай бус уран зохиолын ном болох нь илэрхий болов.

Харин хоёрдугаар ботид  1921 оны хувьсгалын удирдагчдын үйл хэргийг цагаатгах үүднээс бичсэн нь С.Данзан шоронд хоригдож байхдаа “ноёд лам нар хагаралдаж гадны харгисуудын золиос болж олон сайхан сурвалжит ноёдын алтан амийг бүрэлгэлээ гэж бид өөрсдөө шаналан ярьж байсан цаг саяхан. Гэтэл нэг мэдэхэд би ч эрх тушаалын төлөө арсалдан тэмцэлдэж бусадтай арцалдаж, бас л гадны хүчний золиос болоод сууж байдаг. Ингэхэд би чинь өөрийнхөө төлөө явсан болж таарав уу? Бодоотой тэмцэлдэж явахдаа өөрөө ингэж дуусна гэж юу бодохов хэмээн нударга зангидан харуусав”  гэснээс тодорхой харагдана. Энэ бол цэвэр зохиогчийн үзэл бөгөөд С.Данзанд энэ тухай бодож суух цаг ч байгаагүй бизээ учир нь түүнийг 1924 оны намын III их хурлын дундуур ямар нэгэн шүүх ажиллагаагүйгээр буудан хороосон байдаг. Тодруулбал 1924 оны наймдугаар сарын 28-ны шөнийн 03 цагт Данзан нарыг хэргийг шийдэх тусгай комиссыг байгуулж 24 цагийн дотор таслан шийтгэхээр зааж наймдугаар сарын 30-нд буудан алсан. 28-ны шөнийн 03 цаг буюу 29-ний өдөр гарсан уг шийдвэр ийнхүү 24 цаг хүрэхгүй хугацааны дотор гүйцэтгэгдсэн юм.

Ийнхүү С.Данзан зэрэг Монголын удирдах албан тушаалтнууд үгүй болсон нь ЗХУ-ын шууд гар хөл болох үндсэн нөхцөл болсон мэтээр дүрсэлж энэхүү Коминтерн ба ЗХУ-ын зүгээс явуулж буй монголын өндөр албан тушаалтнуудыг хороох нь 1911 оны хувьсгалыг эхтэйг Да лам Г.Цэрэнчимэдийн үхлээр давхар тайлбарлахыг оролджээ.

Мөн түүнчлэн зохиомол шинжтэй харилцан яриа ч олноор үргэлжилнэ. Жишээлбэл, Дугаржав Сүхбаатарын өрөөнд орж ирж суугаад: -Жанжинд орос хувцас сүрхий зохисон байна шүү гэхэд –Сүхбаатар инээмсэглэж: -Дайны цагт биед эвтэйхэн юм... гэжээ. Энэ хоёрын уулзалтын талаар хэн бичиж үлдээв. Бүр Сүхбаатарын инээмсэглэлийг хүртэл тэмдэглэн үлдээжээ. Эх сурвалж ?. Улмаар Хиагт хотыг эзлэхийн өмнө Д.Сүхбаатарын цэргүүдэд хандаж хэлсэн гэх үг мөн л зохиогчийн нэмэлт. Ийнхүү хардлага төрүүлэхийн учир нь жанжны хэлсэн үгэн дунд хожим Х.Чойбалсангийн хэлсэн үгний Тусгаар тогтнолын төлөө үхэхгүй амь, урсахгүй цус үгүй хэмээн өгүүлсэн үгс байгаа явдал юм. Д.Сүхбаатарын хэлсэн үгийг хожим Х. Чойбалсан иш татсан гэвэл бас л өрөөсгөл ойлголт болох нь лавтай.

ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ҮХЭХГҮЙ АМЬ, УРСАХГҮЙ ЦУС ҮГҮЙ БӨГӨӨД МАШИД ЭРХЭМЛЭЖ ЯВААРАЙ ХЭМЭЭН ХОЙЧ ҮЕ ТА НАРТАА ҮЛДЭЭВ.

Х. ЧОЙБАЛСАН

Энэ мэтчилэн хэлсэн үг, бодсон бодол тоогоо алдаж байх зуур дунд нь санаатайгаар эсвэл санамсаргүйгээр хаясан зүйлс мөн байх ажээ. Тухайлбал 104-р талд Ардын журамт цэргүүд болон улаан цэргийнхэн Хүрээнд орж ирсэн болон түүний дараах хэдэн өдрийн явдлын талаар өгүүлжээ. Гэхдээ энд тэд Хүрээнд орж ирсний дараа орос цэргийн комендант байгуулж, хотын үйл ажиллагаанд хяналт тогтоон, долдугаар сарын 8-12-ны өдрүүдэд “сэлгүүцэж явсан”, “сэжиг бүхий” зэрэг шалтгаанаар олон хүнийг баривчлан гянданд хорьж, байцаалт авч байсныг дурдсангүй. Ирэхэд нь бүгд сайхан угтаж авсан, энэ мэт сайхан өдрүүд үргэлжлэн Богд хааныг буцаан залсан ёслол хийсэн мэтээр өгүүлжээ. 1921 оны хувьсгал үнэхээр чухал үйл явдал мөн байсан. Гэхдээ үргэлж бүгд шулуун дардан замаар хийгдэж, ард олныг жаргуулчихсан юм биш гэдгийг үнэн мөнөөр өгүүлэх нь эрхэм гишүүний өмнөх үг болгондоо нуршаад буй “өнгө будаггүй” үзүүлэх зарчим болох бус уу?

Мөн 127-р талд “Бодоо Ерөнхий сайдын өргөөнд орж ирсэн Сокобин хятадаар мэндчилэхэд Цэрэндорж сайд орчуулга хийж өглөө”  гээд цааш нэг нүүр дүүрэн харилцан яриа бичсэн мөртлөө дор нь “Сокобин Бодоотой уулзсан эсэх нь түүний тэмдэглэлээс яг тодорхой харагддагүй...”  гэх мэтээр тайлбар хийсэн нь аль нь алиныгаа үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй болжээ. Хэрвээ дээрх яриа зохиомол шүү гэж хэлээд байгаа бол урьд урьдын яриа бүгд зохиомол, харин Сокобин Бодоотой уулзсан нь үнэн бол доорх тайлбар нь худлаа болж таарна.

Ийнхүү үндсэн хууль, намын хурал гэх мэтээр үргэлжилсээр уг ном “Өглөөний тунгалаг нар шинээр Улаанбаатар нэртэй болсон Их Хүрээг гийгүүлж байхад Гэндэн цээж дүүрэн амьсгалж, Шинэ Монголын шинэ үе эхэлж байна гэж чин сэтгэлээсээ бодож...” зогсоход эрхэм гишүүн хажуугаас нь харан зогсож, Гэндэнгийн чин сэтгэлийн бодлыг уншин зогсож буйгаар дуусна. Энэ үед Гэндэн чин сэтгэлийн бодлоо тэмдэглэн үлдээсэн эсвэл зохиогч хажууд хамт байсан бололтой. Нэгдүгээр ботийн Ханд вангийн булчин хөвчрөн байхыг харсантай адилаар.

Гуравдугаар ботид Коминтерний Монгол дахь төлөөлөгчдийн зөрчилдөөнийг тодотгон харуулахыг хичээжээ. Ингэхдээ монголчууд өөрсдөө Коминтерн руу удаа дараа бие биенээсээ нууцаар захидал бичиж, заавар зөвөлгөө хүсэж байсан талаар огт дурссангүй. Мөн ЗХУ, Коминтерний зүгээс өгч байсан зааварчилгааг монголчууд яагаад үг дуугүй биелүүлж байсан талаар Орост талтай гэхээс өөр үгээр тайлбарласангүй.

Өмнөх хоёр ботийн адил үйл явдлуудыг хүмүүсийн хоорондын яриа мэтээр зохиомолоор үргэлжлүүлсэн байна. Жишээлбэл, Хорхогны мах идэж, бага зэрэг шимийн юм ууж халсан (19-р тал), Хоол цай болцгоож, бага зэрэг хатуухан юм хүртсэн тэдний хооронд илэн далангүй яриа өрнөв (55-р тал), Бүрэнхийд тамхи татан зогссон Дамбадоржид дөхөн ирсэн Амагаев (67-р тал) гэх мэтээр уянгын халил хийжээ. Хатуухан юм хүртэх явдал бол хожим худалдааны нөлөөгөөр оросуудаас сурсан зүйл байх. Монголчуудын дунд хатуухан юм хүртэж байсан уламжлал байгаагүй нь харагддаг.

Эдгээрээс гадна 64-65-р талд Ерөнхий сайд Цэрэндоржийн ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөлийн талаар өгүүлж тэгэхдээ дан ганц Дамбадорж бүхнийг гардан хийж албан тушаалд нь буцаан оруулсан, Коминтерн үүнийг “...зүгээр нэг үйлдэл гэж хүлээж авсангүй. Цэрэндоржийн шахалт нь баруунтнууд сөрөг довтолгоонд орсон хэлбэр гэж үнэлсэн...” зэргээр бичсэн байх боловч үнэн хэрэгтээ Цэрэндоржийн асуудлыг Коминтерн бүр БХК(б)Н-ын Улс төрийн товчоо аль 1925 онд авч хэлэлцээд Монголын засгийн газрын тэргүүнээр Цэрэндоржийг үлдээх зайлшгүй шаардлага байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 1926 онд Коминтерний Гүйцэтгэх хорооноос Цэрэндорж бие даасан бодлого явуулж байна. Нам түүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд нь бэхжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан баримт орос, монголоор байдаг. Ядаж тэр баримтыг үзчихгүй дээ. Тэгэхээр энэ бүхэн бол Дамбадоржийн ганцаар хийсэн ажил биш юм.

Энэ мэтчилэн энэхүү бүтээл нь цэвэр магтан дуулал, сэтгэл хөдлөлөөр бичигдсэн, түүхийн баримт сэлтийг өөрийнхөө үзэлд тааруулан тайлбарлах гэж оролдсон явцуу бүтээл болжээ. Цаашид энэ мэт түүхэн нэр зүүсэн уран зохиол, түүхийн бүтээл хоёрыг ялган салгаж ойлгох нь зүйд нийцэх бөгөөд авах гээхийн ухаанаар хандах нь уншигч таны эрх болно.

Сайд байсан хүн түүх судалж болохгүй гэж байгаа юм биш. Гэхдээ л шинжлэх ухаан түүний  дотор багтах түүх, соёл, боловсролыг бүрэн хариуцаж байсан сайд хүн хариуцаж байсан салбараараа доктор хамгаалаад улмаар энэ мэт түүхий бүтээл гаргаад байгаа нь телевизийн нэвтрүүлэгт орохдоо ч ил цагаан хэлж байгаа намдаа оруулж байгаа хувь нэмэртэй нь холбоотой болов уу. Энэ мэт түүхий түүхийн докторууд олон байгаа мэт.

Эх орончдын нэр барьсан иймэрхүү ном дүрстүүдээс болж дараа дараагийн дурынхан түүхэн зохиол нэртэй хогийн цуглуулга гаргасаар байх болно. Үүний бас нэгэн илрэл нь эрхэм гишүүний бичсэн дээрх номнуудаас ямар ч ялгаагүй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд орсон “Чин ван Ханддорж” хэмээх ном мөн “Монголын тусгаар тогтнолын товчоон” цувралын IV дэвтэр болох “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” зэрэг юм.

 

МУИС-ийн Түүхийн тэнхимийн магистрант С.Ууганбаяр