Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хэзээ ч мөрөөдөхөө битгий зогсоо гэсэн постер би саяхан харлаа л даа. Постерийн дор нэг зураг байнаа тэр нь гүйлтийн зам дээр гүйж буй усны үхэр толинд өөрийгөө ганц эвэрт морь болчихож гэж харж байгаа юм байна. Ёжтой ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг ямар ч байсан урам зориг өгөхөөр биш. Мөрөөдөөд л бай нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ гол нь мөрөөдөхөө л больж болохгүй шүү, мөрөөдөхгүй л бол амьдрал утгагүй шүү гэх мэтчилэн маш олон хүмүүс ярьж бичих юм. Яагаад ч юм туйлшраад байх шиг, чухал зүйлийг дунд нь орхиод байх шиг.

Тийм л дээ мөрөөдөл гэдэг эерэг зүйл, сайхан зүйл бас нандин зүйл. Гэтэл мөрөөдөл гэдэг энэ үгийн цаана яг юу байдаг юм бэ гэдэг талаар та бодож үзсэн үү.

Нэг жишээ авъя л даа. Бараг л бодит жишээ. За ямар ч байсан мөрөөдөх нь зүйтэй юм байна гээд дөнгөж 10 жилээ төгсөж буй сурагч би Эйнштэйн шиг мундаг эрдэмтэн, Билл Гейтс шиг мундаг бизнесмэн болно гэдэг тэр мөрөөдлийг тээлээ гэж бодьё л доо. Гайхалтай мөрөөдлүүд. За гэтэл нөгөө бодит байдал, бодит амьдрал гэдэг зүйл амьдралынх нь дараагийн 4-н жилд гарч ирнэ шүү дээ. Их сургуулийн амьдрал, оюутны амьдрал гарч ирнэ. Хайр сэтгэлд умбаж жаргаж бас шархалж үзнэ, хичээл дээрээ ганц нэг удаа унана, сайн муу багш нарын гараар дамжиж зарим нь ухааруулж зарим нь харин ‘услана’, давтамжтайгаар тэмдэглэх “баасан ахын бидэй”-д хүссэн хүсээгүй очдог болно согтож тасарч шартаж үзнэ, өөрөө гэхээсээ илүү өрөөл бусад ялангуяа гэр бүл нь сонгож өгсөн мэргэжлийнхээ хичээлд дургүй болохоор яаж ийж байгаад дүнгээ л гаргуулдаг болно, болсон болоогүй олимпиад, уралдаанд оролцоно, эхнээсээ дуусталаа онолоор бөмбөгдүүлсээр байгаад бодит практик ертөнцөөс салаад сансарт ниснэ. За гэх мэтчилэн 4-н жилийн амьдрал яваад л өнгөрнө. Санаанд багтамгүй олон зүйл энэ хугацаанд тохиолдоно шүү дээ. 4-н жилийн дараа алдсан зарим нэгнийх нь хувьд 5-н жилийн дараа сая нэг амьдралд хөл тавихад бэлэн болно, харамсалтай нь энэ үед 10-н жилийн гэгээлэг мөрөөдлүүд нь хүүхэд насны “гэнэн” мөрөөдөл болж хувирсан байх ба харин оронд нь өндөр цалинтай ажилд орох, байр машинтай болох, өндөр албан тушаалын ажилд орох гэх мэтчилэн жинхэнэ материалаг чанарын зүйлс гарч ирнэ. Юун яасан ийсний чинь эрдэмтэн, бизнесмэн олигтойхон хувцаслаад, байр орон унаатай болохгүй бол найз нөхдийн онигоо болж дуусах нь байна. Харамсалтай нь, хамгийн харамсалтай нь цаг хугацаа хэзээ ч хэнийг ч хүлээдэггүй болохоор бүх материаллаг зүйлсээ авчихаад за одоо л мөрөөдлийнхөө араас явъя даа гэх тэр мөчид хэтэрхий хожимдсон байх.

Хүн бүхэн адилгүй гэж бид их ярьдаг. Гэтэл үнэндээ мөрөөдлөө өнөө маргаашийн амьдралын зорилгоороо дараад солиод мартаад яваад байвал бид нэг нэгнээсээ нээг их ялгагдаад байх зүйл бий гэж үү. Яааг үнэндээ мөрөөдөл гэдэг чинь таныг бусдаас өөр гэдгийг баталж харуулдаг хамгийн томоохон зүйлүүдийн нэг юм шүү дээ.

Мөрөөд. Гэхдээ утга учиртай мөрөөд. Утга учиртай гэдэг нь хэрвээ танд мөрөөдөл байгаа бол өнөөдөр бүр яг одоо өөрөөсөө ЯАГААД гэж асуу. Мөрөөдлийнхөө учир шалтгааныг олж мэд. Гэхдээ та өөртэйгөө шударга байгаарай. Бодитоор, үнэнээсээ, яагаад гэдгээ олж мэд. Хэрвээ та өнөөдөр яагаад би энэ зүйлийг мөрөөдөөд байна вэ гэдэгтээ хариулж чадахгүй бол таны мөрөөдөл үнэхээр таны мөрөөдөл биш байж болох.

Та мөрөөдлөө хаана “тээж” явдаг вэ? Бодол сэтгэлдээ? Дотроо? Хааяа асуултанд хариулахад хэрэгтэй гээд “халаасандаа” юу? Эсвэл таны мөрөөдөл яг одоо таны өмнөөс хараад сууж байна уу? Яг одоо мөрөөдөлдөө хүрэхийн тулд би яах вэ гэдэг асуулт таны толгойд эргэлдэж байна уу? Тэгвэл:

Та яагаад гэдгээ мэдэхгүй бол таны мөрөөдөл хэзээ ч хүчирхэг байж чадахгүй.

Та өөрөө л хичээхгүй бол таны мөрөөдөл таны тархинд өдөр тутамд эргэлддэг хэдэн арван мянган бодлын нэгээс хэтрэхгүй.

Та өнөөдөр л өөрийнхөө мөрөөдлийн төлөө эхлэхгүй бол таны мөрөөдөл хэзээ ч биелэхгүй

Эцэст хэлэхэд нь таны мөрөөдөл өөрөө хэзээ нэг өдөр биелэхгүй.

Та, зөвхөн та л өөрөө хэзээ нэг өдөр мөрөөдлөө БИЕЛҮҮЛЭХ болно.

 Эх сурвалж: www.erdenesukh.com