ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

President.mn
2015 оны 8 сарын 14
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 жилийн ойг тус тус тохиолдуулан Дархан-Уул аймгийг цахилгаан, дулаанаар найдвартай хангахад мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн очиж гардуулж өглөө.

Дархан хотод дулааны цахилгаан станц барих шийдвэрийг 1961 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гаргаж 1965 оны 10 дугаар сард 48 мВт хүчин чадалтай станцын нээлтийг хийж байжээ. Өдгөө энэ байгууллага жилд Монголын эрчим хүчний системд 200 сая кВт цаг цахилгаан, эрчим хүч, Дархан хотдоо 500 мянга орчим Гкал дулаан түгээж байгаа юм байна.

Тус станцынхан байгууллагынхаа  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг станцын гол зүрх болсон Цахилгаан цехэд 72 цаг хүндэтгэн байрлуулаад үүний дараа хүндэтгэлийн хоргонд залахаар боллоо.