ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн намуудын бэлгэдэл юу илэрхийлнэ вэ?

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2015 оны 8 сарын 5
Хөдөлмөрийн Үндэсний Нам

Хар өнгөтэй цэргийн дүрэмт хувцас бүхий ооч сахалтай, баруун гараа дээш өргөсөн Гитлер, цэрэг хүрэм байнга өмсдөг байсан Мао Зедун, энгэртэй одон медалиа  зүүсэн мөн л цэргийн хувцастай  Сталин нар  бол  ХХ  зууны  дэлхийн дарангуйлагчид юм. Яагаад эдгээр авторитар удирдагчид байнга цэрэг хувцас өмсдөг байсан бэ? Олон нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд дарангуйлагчид ийм хувцсыг илүүд үздэг байжээ. Хар өнгө айдас түгшүүр төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлэх бол цэргийн дүрэмт хувцас нь бусдад сүр хүчийг үзүүлдэг. Энэ бол бэлгэ тэмдэг юм.

Харин Монголчуудын хувьд эртнээс төрөө дээдэлж  ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж залбирдаг ард түмэн. Монголын улс төрийн амьдралд ч бэлгэ тэмдэг чухал үзүүлэлт болж байдаг.   

Бэлгэ тэмдэгт намыг туг, лого, өнгө, уриа лоозон гээд бүгд багтана. Өнгөрсөн, одоо, ирээдүйн улс төрийн хүчнүүд ч бэлгэ тэмдгийг чухалчилсаар байх нь дамжиггүй.

Монголын улс төрийн намуудын харьцуулалтын тухай цувралынхаа энэ удаагийн дугаарт намуудын бэлгэдлийн тухай онцоллоо.

 

Ардчилсан нам: АН-ын бэлгэдэл нь нар зөв чиглэлд тасралтгүй сүлжилдэн холбогдсон зөв гурван гурвалжин дээр чандмань байрлаж, эдгээр нь хөх дэвсгэр дээр цагаан өнгөтэй. Дэвсгэр дотуураа цагаан, гадуураа улаан хүрээгээр хүрээлэгдсэн дугуй хэлбэртэй байдаг. Намын нэр уг хөх дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн байна.

 

МАН: МАН-ын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна. 

 

МАХН: МАХН-ын бэлгэдэл нь уламжлал, шинэчлэлийг тусгасан нь эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэдэг. МАХН-ын сүлд голдоо арга билэг, эв нэгдлийг илэрхийлсэн соёмбын хос загасыг дүрсэлсэн, ахмад, дунд, залуу гурван үеийг төлөөлсөн гурван давхар бүхий нийтдээ 15 дэлбээтэй, дэлгэрэн цэцэглэж байгаа улаан цэцэг байна.

 

Хөдөлмөрийн үндэсний нам: ХҮН-ын бэлгэдлийн тухайд Монгол үндэстнийг эрхэм болгож, үзэл санааных нь гол тусгал нь Монгол хүн байхыг илэрхийлдэг. Монгол Улсаа харийн дайснаас хамгаалан тэмцэж явсан журамт баатруудын өнөөг хүртэл туг далбаан дээрээ хэрэглэсээр ирсэн далбаан дээрх Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмдэг, өнгөрсөн одоо ирээдүйд мандан бадрахын бэлгэ болсон соёмбын тигэнд хүний дүрсийг байрлуулжээ. Энэ нь эрхэм сайн, сайханд Монгол хүний ухаан, зориг, чадлаар хүрэх юм шүү, ийнхүү хүрсүгэй, монгол хүнээ дээдэлнэ гэснийг илэрхийлсэн бэлгэдэлтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа