УИХ-аас Тэтгэвэрийн зээлийн хүүтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг томилсон юм. Тэтгэврийн бодлогыг боловсруулахдаа ямар зарчим барьж байгаа талаар ажлын хэсгийн ахлагчаас тодрууллаа.
-Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогоор тэтгэврийн ямар асуудлуудыг зохицуулах вэ?
-Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого энэ цаг үед, энэ Засгийн газар, парламент дээр хэлэлцэгдэж байгаа нь жам ёсны насжилттай холбоотой. 1960-аад онд Монгол Улсын хүн ам эрс нэмэгдсэн. 1960-1979 он хүртэл маш их хэмжээний хүүхэд төрсөн. Нэг айл дунджаар долоон хүүхэдтэй байсан. Тухайн үед төрж байсан хүмүүс энэ жилээс эхлэн тэтгэвэрт гарч байна.
Ийм асуудалтай тулгарсан ямар ч Засгийн газар, парламент бодлогоо заавал шинэчилдэг. Энэ бодлого өнөөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүст бараг нөлөөлөхгүй. Ирэх 30 жилийн тэтгэврийн насны хэт өсөлт, энэ өсөлттэй холбоотой тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тодорхойлох юм. Өөрөө хэлбэл, ирэх 30 жилийг харсан бодлогыг ярьж байгаа. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр буурахгүй, насыг нь нэмэхгүй.
-Тодруулбал ямар зохицуулалтууд орсон бэ. Яг хэдэн оноос энэ өөрчлөлт мэдрэгдэж эхлэх вэ?
-Цаашид тэтгэвэр авагчдын тоо эрс өснө. Энэ үед хүссэн төсвөө нэмэгдүүлж чадахгүй болвол ямар ямар эх үүсвэрээс тэтгэвэр авч болох вэ гэдгийг зохицуулж өгч байгаа юм. Тухайлбал хувийн даатгал давхар төлөөд хувийн тэтгэвэр авч болно. Мөн эв санааны зарчмын гэрээгээр тэтгэвэр тогтоолгох вэ гэх мэт зарчмыг нь бодлогоор тодорхойлох юм.
Өнөөдөр 20, 30-тай байгаа залуус өндөр тэтгэвэр авахын тулд нэмж ямар татвар төлж, хуримтлал үүсгэж болохыг зохицуулна. Ирээдүйд олноороо тэтгэвэрт гарахад улсын мөнгө нийгмийн даатгалын шимтгэлийн зардал тэтгэвэр нэмэгдүүлэх хэмжээнд хүрч чадахгүй байвал нэмэлт тэтгэврийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар тусгах юм.
-Тэтгэврийн зээлийг бодлогоор зохицуулсан уу?
-Тэтгэврийн зээлийг энэ бодлогоор зохицуулахгүй. Учир нь тэтгэврийн зээл огт өөр асуудал. Тэтгэвэр гэдэг хүн бүр ахмад насанд хүрэнгүүт нь ямар баталгааг хангах вэ гэдэг бодлого. Тэтгэврийн зээл бол хувь хүний сонголтын асуудал. Хувь хүний хийж байгаа эдийн засгийн сонголт нь банктай хийж байгаа гэрээгээр зохицуулагдаж байгаа. Банктай хийж байгаа гэрээ нь ямар байвал иргэд хохирохгүй байх тал дээр хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байгаа бол тусдаа хууль гаргах ёстой.
-Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ гэсэн асуудал яригдаж байгаа. Үүнийг бодлогоор зохицуулах уу?
-Хүн ам зүйн асуудал дээр сонирхолтой зүйл бий. 1960-аад онд төрсөн буюу бидний үеийнхэн төрдөө гурван удаа цочрол өгч байгаа онцлогтой хэсэг. Нэгдүгээрт хэтэрхий олноороо төрж, хоёрдугаарт их дээд сургуульд орох болоход сургуулийн төлбөр улсад маш хүнд болсон. Их өрийг бий болголцсон үеийнхэн гэж хэлж болно. Гуравдугаарт бид тэтгэвэрт гарах насандаа ирээд цочроож байгаа юм.
Урьд өмнө нь тэтгэвэрт гарч байснаас тав дахин олон хүн тэтгэвэрт гараад эхлэхээр тэтгэврийн сан яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Одоо яригдаж байгаа энэ бодлого энэ цочролд бэлтгэсэн бодлого. Түүнээс өнөөдөр тэтгэвэрт авч байгаа хүмүүст халдахгүй.
1960-аад онд олноороо төрсөн хүүхдүүд өөрсдөө цөөхөн хүүхэд төрүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг залуучууд төлдөг. Тэгэхээр цөөхөн хүүхэд төрүүлээд цөөхөн татвар төлөгчийг бий болгосон. Ингэхээр бидний төрүүлсэн цөөхөн хүүхэд татвар төлнө, бид олуулаа төрсөн учраас олуулаа тэтгэвэр авна. Энэ нь одоогийн байгаа нөхцөл байдлын эсрэг дүр зураг юм. Энэ нь 20-иод жилийн цочрол бий болгоно.
Аливаа нэгэн улс орон ийм цочролыг хоёр аргаар даван туулдаг. Нэгдүгээрт тэтгэврийн насаа нэмдэг. Герман тэтгэврийн насаа нэмж 75 болгосон. Хоёрдугаарт нэмж зээл авдаг. Грек нэмж зээл аваад дампуурсан.
Харин манай улс хэт их өр тавихгүй, тэтгэврийн насаа хэт нэмэхгүй дундын хувилбарыг олохын тулд ажилласан. Ингээд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран Засгийн газар нь бодлогоо шинэчилж болно гэсэн эрхийг Засгийн газарт нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг сайн, өр зээл тавихгүйгээр тэтгэврээ өгч чадаж байвал тэтгэврийн насыг нэмэх гэж яарахгүй. Харин үнэхээр өр тавиад, улс дампуурчих гээд байвал нэг хоёр жилийг нэмэх асуудлыг ярьж болно гэсэн байдлаар зохицуулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|