• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон: Бээжинд болох жагсаалд Монголын цэргийн бүрэлдэхүүнийг оролцуулах хүсэлт ирсэн

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Сайдын цаг” уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр оролцож, тус салбарт хийж буй эрх зүйн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ баримт бичгийг  сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай салбарын эрдэмтэн, судлаачид боловсруулсан. Уг баримт бичгийг УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилаа, эдийн засгийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан батлан хамгаалах салбарыг нээлттэй, иргэнлэг болгох чиглэлийг Цэргийн бодлогын үндэст суулгасан. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг.

Тиймээс батлан хамгаалах салбарын нэгдмэл байдлыг хангахын тулд шинэ баримт бичгийн дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгчийн дор нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн эрх зүйн хэм хэмжээ, нийтлэг дүрэм, цол, алба хаах хугацаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцох зэрэг үзүүлэлтүүд нэг стандартад байна” хэмээн Ц.Цолмон сайд мэдээллийнхээ эхэнд хэлэв.

Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хөрөнгө ДНБ-ий нэг хувьд ч хүрдэггүй

“Цэргийн бодлогын үндэс батлагдсаны дараа салбарын холбогдох хуулиуд шинэчлэгдэнэ. Үүнд Батлан хамгаалах хууль, Зэвсэгт хүчний хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэгдэнэ.

Өмнө нь батлан хамгаалах салбар санхүүгийн бэрхшээлийн улмаас зэвсэг, тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй байсан. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг хүлээгээд суух бус батлан хамгаалахын салбарт тохирсон эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Монгол Улсыг батлан хамгаалахад уламжлалт болон шинээр үүсч буй нөхцөл байдал зохицож, шинэ аюулын эсрэг сөрж зогсоход шаардлагатай байгаа бүхнийг бий болгох ёстой.

Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн чадавх батлан хамгаалах салбарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хөгжих ёстой. Харамсалтай нь бусад оронтой харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хөрөнгө маш бага. ДНБ-ий нэг хувьд ч хүрдэггүй. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Эдийн засгийн эх үүсвэрийг төсвөөс гадна Зэвсэгт хүчний хөгжлийн сан, гадаад хамтын ажиллагааны тусламж, бүтээн байгуулалтад оролцож хөрөнгө бий болгох зэргээс бий болгох бодлого баримтлан ажиллаж байна.

2013 онд Засгийн газраас “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, зөвхөн орон сууц, автозам барилга зэргээс гадна уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Батлан хамгаалахын хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллан Санамж бичиг байгуулсан. Өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэсэн. Үүний гол зорилго нь БХЯ худалдан авалт хийхдээ дотоодынхоо үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох боломжийг бүрдүүлэх юм” гэлээ.

942 алба хаагч зургаан оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна

Түүнчлэн, “Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд иргэдийг олон хэлбэрээр цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт 500 орчим оюутан хамрагдсан бол энэ онд 1,000 гаруй болж нэмэгдсэн. Цаашдаа хувийн болон төрийн өмчийн томоохон их дээд сургуулиудын дэргэд Цэргийн танхим байгуулах төлөвлөгөөтэй байна. МҮИС өөрийнхөө дэргэд Цэргийн танхим байгуулж, оюутан залууст цэргийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, цэргийн дэг журам, сахилгад сургах хүсэлт тавьсан.

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд идэвхтэй оролцож байгаа. 2002 оноос эхэлсэн энхийг сахиулах ажиллагаанд Монголоос давхардсан тоогоор 11 мянга гаруй алба хаагч оролцсон. Өнөөдрийн байдлаар 942 алба хаагч зургаан оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа. 2015 он гарснаас хойш долоон улс оронтой хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Миний бие Москвад болсон “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах сайд нарын хуралдаан”-д оролцсон. Мөн Ялалтын баярын 70 жилийн хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргүүд оролцсон. Түүнчлэн ирэх есдүгээр сард Бээжинд болох жагсаалд Монголын цэргийн бүрэлдэхүүнийг оролцуулах хүсэлт ирсэн. Уг жагсаалд оролцохоор бэлтгэл хангаж байгаа” гэв.

Цэргийн алба хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангадаг. Тэгээд тэтгэвэрт гарахад нь албан тушаалын орон сууцнаас гарах, орон гэргүй болох асуудал үүсдэг. Тиймээс цэргийн алба хаагчид хувийн орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх үүднээс банк, санхүүгийн байгууллагууд, барилгын компаниудтай хамтран “Цэргийн орон сууцны хуримтлал”-ыг бий болгож байгаа. Алба хаагчид сар бүр цалингаасаа тодорхой хуримтлал бий болгож, ипотекийн зээлд хамрагдах юм. Энэ ажлыг 2015 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Албан тушаалын орон сууцны хөтөлбөр  хэвийн үргэлжилж байгаа хэмээн сайд хэллээ.

Тэрбээр, “Цэргийн алба хаагчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Дотоодод Батлан хамгаалах их сургуулиар бакалавр төгсгөж байгаа. Үүнээс дээш зэргийг гадаадын их дээд сургуулиудад эзэмшиж байгаа. Гадаад орнуудад нийт 531 алба хаагч мэргэжил дээшлүүлж байна. Үүнээс хамгийн их буюу 357 нь ОХУ-д суралцаж байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
AA MEDEHGUI [150.129.143.49] 2015/6/5
TAIWAN HONG KONG MAKAO ENE TERTEIGEE MUR ZEREGTSUULCHIHNE DE MEDEJ L BNA
0 | 0 Хариулах
Зочин [209.95.48.85] 2015/6/4
Очих ёстой харин ч нэлээн хэдэн зууны дараа очиж байна ямар ч байсан нэг очиоод ирхэд гэмгүй шүү! Харин хэдэн орны цэрэг ирэх юм болдоо
1 | 0 Хариулах
Зочин [202.179.20.76] 2015/6/4
Orsod jagsaj bolsiim Hytdad yagaad bolohgui gej
0 | 0 Хариулах
Нямаа [112.72.13.183] 2015/6/4
Зүгээр ш дээ, яадгийн оролцуулсан нь дээр.
2 | 0 Хариулах