Б.Шүүдэрцэцэг:“Үүлэн хээтэй орчлон”-г барьж аваад тавихгүй дуусгахаар ном байгаасай гэж хүссэн
Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Үүлэн хээтэй орчлон” романыхаа нээлтийг тавдугаар сарын 2-нд хийж, уншигчдынхаа гарт шинэ номоо хүргэсэн юм.
Түүний сүүлийн үеийн уран бүтээл болон шинэ романых нь талаар ярилцлаа.
- “Үүлэн хээтэй орчлон” романы нээлтээ хийлээ. Номондоо юуны талаар өгүүлсэн бэ?
- Шинэ номын нээлт их сайхан болсон. Энэ зохиолыг уншигчид маань нэлээн их хүлээсэн байсан л даа.
“Үүлэн хээтэй орчлон” бол 1900-гаад оны Монгол орны амьдрал, бурхны сургаал, үйлийн үрийн талаар хөндсөн уран сайхны роман юм. Болж байгаа үйл явдал нь Манжийн дарлалын төгсгөл, Үндэсний хувьсгалын эхэн үед өрнөнө. Хүн сайны үрийг тарьж, сайн сайхан зүйл хийж явбал сайн үрийг нь амсана. Харин нүгэл үйлдэх юм бол, үр хүүхдээр ч тогтохгүй, үр удамдаа ч тасрахгүй гай удсаар байх муу үйлийн үрийг боловсруулна гэдгийг харуулсан роман юм.
- Яагаад заавал энэ сэдвээр бичих болов. Номоо хэр хугацаанд бичив?
- Хүн дөчин нас хүрээд амьдралын талаар их эргэцүүлдэг юм байна. Монголчууд "40 хүрсэн эр, дөрвөө дарсан ат" гэж зүгээр ч нэг хэлц үг гаргаагүй байх. Энэ үгэнд асар нарийн гүн ухаан шингэсэн байдаг. Дөчин нас гэдэг бол амьдралыг арай өөрөөр хардаг, амьдралын утга учрын талаар эргэцүүлж, хорвоод яах гэж ирсэн юм бэ гэдгээ гүн гүнзгий боддог үе. Тиймээс нэлээн хэдэн жилийн өмнөөс бурхны сургаалыг сонирхон уншиж эхэлсэн. Амьдралын нууцыг тайлах олон олон асуултын хариулт нь бурхан Буддагийн сургаалд байдаг гэж боддог.
Тэгээд хүн хэзээ ч хэн нэгэнд муу юм хийхгүй амьдрах, сэтгэл санаа амар амгалан байх нь л аз жаргал юм гэдгийг энэ зохиолоороо дамжуулан хүмүүст хэлэхийг зорьсон.
Уран зохиолд хүмүүжүүлэх нөлөө байхгүй л гэдэг. Гэхдээ хүн сонссон, үзсэн, уншсан зүйлсээсээ л мэдээлэл авдаг, төлөвшдөг нь жам ёс шүү дээ.
Бурхан багшийн сургаалд хэн ч сэтгэлээрээ гэгээрч чадвал хүн бүхэн бурхан болж чадна гэсэн байдаг. Тэгэхээр хүн уншиж, ухаарч, гэгээрэхэд хожимдох гэж байхгүй. Миний номыг уншсан хүн бүхэн ухаан сууж гэгээрэх нь юу юм, гэхдээ уншиж дуусаад нэгийг бодоосой.
Энэ зохиолоо өнгөрсөн зунаас бичиж эхэлсэн. Би ер нь ямар ч зохиолыг хурдан бичдэггүй. Хэдийгээр бодит түүх биш ч гэсэн тухайн цаг үеийн талаарх судалгаа хэрэгтэй. Өнөө үе биш учраас өмсөж зүүхээс эхлээд, тэр үеийн Хүрээний гудамж, сүм хийдүүд, хөдөөгийн ахуйн тухай нарийвчлан бичихэд амаргүй байлаа. Энэ зохиолын үйл явдал нь Богдын Хүрээ, Түшээт хан аймгийн Ахай Засгийн хошуу, Илдэн Засгийн хошууг тойрон эргэлддэг. Заримдаа хичнээн хоногоор ганц ч хуудас бичихгүй, заримдаа овоо урагшилна. Ингэсээр бүтэн жил бичиж дуусгалаа. Ер нь би номыг “машиндаж” чаддаггүй юм.
- “Үүлэн хээтэй орчлон”-г уншигчид хэрхэн хүлээж авна гэж бодож байна вэ?
- Ямар ч гэсэн уншигч энэ номыг минь хүн барьж аваад тавилгүй унших ном болоосой гэж хүссэн.
Нобелийн шагналт анхны өнгөт арьст зохиолч эмэгтэй Тонни Морисон “Таны уншихыг хүссэн ном олдохгүй байгаа бол тэр номоо та өөрөө л бичнэ гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Ямар ч байсан би өөрөө уншмаар санагдсан номоо л бичсэн. Энэ номонд хайр сэтгэл, адал явдал, бас цаанаа Үндэсний хувьсгалын үр соёолж буй XX зууны эхний торгон зааг дээрх Монгол орны нийгмийн төрхийг ч багтаасан. Миний номыг хүн уншиж дуусаад үйлийн үрийн тухай бодолд ороосой, гэгээрэлд хүрэх алсын замыг нь ганц зулаар ч болсон гэрэлтүүлээсэй гэж бодож бичсэн ном юм. Би ер нь бусдад айхтар сургаал, цэцэн мэргэн үг айлдаад байхаас санаа зовдог. Би ямар Аристотель юм уу, архад хутагт биш. Бурхан багш хүртэл сургаалаа зөвлөгөө мэт айлдаж үлдээсэн байхад.
- Цөөнгүй зохиол тань кино болж үзэгчдэд хүрсэн. Цаашдаа кино зохиол бичих үү?
- “Шүүдэр” продакшн бүрэн хэмжээний хоёр уран сайхны кино, нэг баримтат кино хийсэн. Хоёулаа ашгийн бус кинонууд. “Ану хатан” бол асар том төсөвтэй түүхэн кино байсан. Харин “Улаан пальто” хүүхдийн сэдвийг хөндсөн уянгын драм. Олон улсын жижигт түүхэн болон хүүхдийн кинонд төр дэмжлэг үзүүлдэг практик бий. Гэвч бид улсаас ганц ч төгрөг авалгүй киногоо бүтээж олон улсад гаргасан. Ер нь аливаа салбарт төр оролцоод ирэхээрээ л гольдрил нь буруу тийшээ явдаг. Төр кино урлаг хөгжих эрх зүйн болоод эдийн засгийн орчинг нь бий болгож, оюуны өмчийг хамгаалах, шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулахаас илүүгээр кино урлагт хутгалдсаны хэрэггүй.
Миний хувьд ашиг хонжоо харахаасаа илүү үүнийг л кино болгоё гэсэн сэдвээ сонгож авдаг. Гэхдээ кино мөнгөөр бүтэж, эргээд зардлаа нөхөх ёстой учраас дандаа тэгэж ашиг харахгүй кино бүтээнэ гэж байхгүй.
“Шүүдэр” продакшн нэг киногоо олон улсад гаргачихсан учраас дараагийн бүтээл чанаргүй байх эрхгүй гэж бодож байгаа. Тиймээс кино хийх гэж нэг их яарахгүй байна. Ямар ч байсан “Ану хатан”-аас маш их зүйл сурсан. Олон улсад кино гаргахад техникийн ямар шаардлага хангах, ер нь Ази кино ямар байх ёстой гээд их олон зүйл мэдэж авсан. Миний бодлоор Монголчууд Азийнхаа зах зээлд зориулж кино хийх нь илүү үр дүнтэй.
Хонг Конгийн олон улсын кино фестивальд 2013 онд анх удаа очиж байлаа. Энэ фестивалийн үеэр кино худалдааны хэсгээр явж, продюсер, кино худалдааны компаниудтай танилцаад Азийн кино зах зээл ямар өргөн боломжтойг мэдэрсэн. Тэнд манайхаас “Аравт”, “Ану хатан” хоёр л зарагдаж байсан. "Ану хатан" “Эрэлхэг гүнж” нэртэйгээр өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн зах зээлд DVD-ээр гарч эхэлсэн. Amazon.com, Wall mart сүлжээгээр захиалж авч болно. Англи, Испани дуун болон бичгэн хөрвүүлэгтэйгээр гарсан байна лээ.
- Сайны хажуугаар саар гэгчээр “Ану хатан”-г Америк руу гаргахдаа найруулагчийнхаа нэрийг бичээгүй гэсэн маргаан гарсан тухай сонсогдож байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид дистрибьютертэй гэрээ байгуулж, олон улсын хувилбар бэлтгэхэд Тайваний мэргэжилтэн ирж ажилласан. Киноны англи титрийг тэр хүн хийсэн. Энэ ажлыг зүгээр нэг англи хэлтэй хүн хийх аргагүй юм билээ. Гэрлийн инженер, тайзны зураачийг, хувцасны зураач гэхийг зүгээр нэг махчлан орчуулахын аргагүй мэргэжлийн нэр томъёо. Тэр шатанд л техникийн алдаа гарсан байх. Ер нь Монголд гарснаас өөр шинэ хувилбар хийсэн юм шүү дээ. Дахиж хөрөнгө оруулж, Америкт дуу оруулалтыг дахин хийж, шинэ үзэгдэл, шинэ найруулга хийсэн. Нэгэнт киногоо гадаадад гаргах эрхийг дистрибьютер компанидаа олгосон гэрээ хийсэн хойно, DVD болоод гарах хүртэл бүх үйл ажиллагаа биднээс гадуур явсан. Кино худалдаа, киноны салбар их нарийн юм билээ. Кино зарна, кино зарна гээд өөрөө киногоо бариад явдаг ч үгүй.
- Залуучууд ном уншихгүй байна гэх шүүмжлэл их байдаг. Зохиолч хүний хувьд хүмүүс номыг хэр их хүлээдэг, уншдаг гэж бодож байна вэ?
- Гурван сая хүндээ харьцуулаад үзэхэд Монголчууд тийм ч сайн уншдаг үндэстэнд орохгүй. Тухайлбал Орост хийсэн судалгаагаар нийт хүн амынх нь 23 хувь нь сүүлийн гурван сард ном худалдан авсан, номд 994 рубль буюу дөч орчим мянган төгрөг зарцуулсан тухай уншлаа. Гэтэл ЮНЕСКО-гийн судалгаагаар Оросууд хамгийн их уншдаг 10 үндэстний 7-д орсон юм билээ. Монголчууд хаана нь явааг нарийн гаргасан тоо алга. Хэрэв гурван сая хүний 23 хувь нь сүүлийн гурван сард ном худалдан авсан гэвэл 690 мянган ном зарагдсан гэсэн үг. Харамсалтай нь Монголчууд ийм хэмжээнд уншдаг үндэстэн биш. Энэ нь төвлөрсөн томоохон хот цөөтэй. Үүнээс татаасгүй амь зуудаг нь ганц Улаанбаатар учраас худалдан авах чадвартай ганц хоттой гэсэн үг. Бусад нь тархай бутархай, тогтмол орлогогүй, аймгийн төв, сум, хөдөө нутаг учраас зөвхөн ном ч биш урлагийн бүтээлийн борлуулалт дэндүү өчүүхэн байдаг.
Гэхдээ би өөдрөг хүн. Анх 2003 онд “Хулан” туужийг хэвлүүлснээс хойш тогтмол ном бичиж байгаа. Тиймээс өөрийн гэсэн уншигчтай болсон. Мэдээж 200 сая хүнтэй Орос, тэрбум гаруй иргэнтэй Хятадтай харьцуулахааргүй ч сайн ном бичихэд хүмүүс уншиж байна аа. Хамгийн чухал нь үндэсний зохиолчид Монгол хэлээр бичиж, театрт жүжиг тавьж, киногоо бүтээж байгаа нь эх хэл минь амьд оршин байгааг илэрхийлж байна. Түүнээс Монгол хэлээр бичсэн зохиолыг хүмүүс нь огт уншихгүй болчихвол эх хэл оршин тогтнохгүй мөхнө гэсэн үг.
Зарим хүн Монголын зохиолчдын номыг уншдаггүй, дэлхийн сонгодгоо уншдаг гэж ярьдаг нь надад инээдтэй санагддаг. Дэлхийн сонгодгууд бидэнтэй бидэнгүй оршиж байна, оршсоор ч байх болно. Харин Монгол хэлгүй болчихвол монгол үндэстэн үгүй болно. “Мэлхийн зулзага мэлхийндээ л хөөрхөн” гэдэг шиг Монголын уран зохиол гэдэг монгол хүндээ эрхэм юм шүү дээ. Тиймээс Монгол хүн Их Д.Нацагдорж, Г.Аюурзана, Т.Галсан, Б.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэгийг уншиж л байвал Монгол хэл, монголын уран зохиол амьд байгаагийнх.
Манайхан “Бид дэлхийн хаана явна вэ?” гэж их ярих юм. Үнэн хэрэгтээ бид хөгжлөөрөө дэлхийн хаана явдаг билээ? Уран зохиол нь, кино нь ч улсынхаа хөгжлөөс яаж хол тасарч чадах вэ дээ. Монгол Улсын эдийн засаг хөгжсөн цагт дэлхий соёлыг минь илүү сонирхоно. Түүнээс юун “Чонон сүлд”, манайхан өөрсдөө хийж чадна гэх мэтээр цэцэрхэх нь буруу л даа. Бас Монголын бүх кино хог гэх нь ч утгагүй.
Одоо уран бүтээл туурвиж байгаа хүмүүс хөгжих замыг нь засч байна гэсэн үг. Тиймээс би Монголынхоо бүх зохиолчдод хайртай, бүгдийг нь дэмждэг. Өнөө үед уран бүтээлээ бичиж яваа зохиолчдын хийх ажил нь уншигчдынхаа хүрээг тэлэх явдал гэж боддог. Гэтэл харамсалтай нь тамын тогооныхоо үлгэрээр “Гэдсэндээ хөлөө жийлцэх” явдал мэр сэр байх л юм. Миний хувьд сайн уншигчидтай. Пэйж рүү маань орж “Үүлэн хээтэй орчлон” хэзээ гарах вэ?, дахин хэзээ кино хийх вэ? гэсэн асуултаар булах үе бий. Энэ л миний аз жаргал юм даа.
- Та Монголын утга зохиолд Шүүдэрцэцэг гэдэг зохиолчийн хэв маягийг бий болгож, өнөөгийн Монголын утга зохиолд үүрэг гүйцэтгэж байна гэж боддог уу?
- Үүнийг би биш уншигчид хэлэх байх. Ер нь сайхан урмын үг маш их сонсоно оо. Манай нэг томоохон улстөрч “Шүүдэрцэцэг ээ, чи өнгө юм байна. Үзэгдэл болоорой” гэж хүнээр хэлүүлсэн байсан. Дэлхийн банканд ажилладаг охин нь Монголоос аавдаа миний “Домогт Ану хатан”-ыг захисан юм билээ. Аав нь онгоцонд явж байхдаа уншиж дуусгасан гэсэн.
Мөн Шведээс гурван жилийн өмнө надад нэг захидал ирж байсан. Шведэд амьдардаг монгол эмэгтэйн дүү нь хорт хавдараар өвчилж, тэнд амьсгал хураасан юм билээ. Тэр бүсгүй “Миний дүү амьсгал хураатлаа “Ану хатан”-ыг уншиж, түүний дүрээс эрч хүч авч хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан. Дэрэн дороос нь навсархай “Ану хатан” гарч ирсэн гэж бичсэн байлаа. Нөхөртөө тэр захидлыг нь үзүүлэхэд “Үүнээс илүү ямар ч магтаал, одон чамд хэрэггүй юм байна ” гэж хэлж байсан юм.
- Тэгвэл сайхан урмын үгнээс гадна шүүмжлэл ирдэг байх. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
- Би ном бичээд 13 жил болжээ. Энэ хугацаанд миний тухай ганцхан шүүмжлэл гарсан. Ер нь би магтаал болоод шүүмжлэлийн алинд нь ч ач холбогдол өгдөггүй.
Бурхны сургаалд “Магтсан үгэнд омойтон онгирох хэрэггүй. Муушаасан үгэнд гомдон гутрах ч хэрэггүй. Хэн нэгний ганц үг таны амар амгаланг тийм амархан эвдэж болохгүй” гэсэн байхыг уншсан.
Магтаал, шүүмжлэл бүрт ач холбогдол өгөөд байвал дотоод сэтгэлийн амар амгалан байхгүй болно. Миний хамгийн том шүүмжлэгч, уншигч би өөрөө. Бичиж туурвиж буй хүн бүрийн дотор оргил бүтээл бичихсэн гэсэн мөнхийн хүсэл бадарч явдаг. Би ч миний хамгийн оргил бүтээл төрөөгүй л гэж боддог. Тиймээс өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч нь би өөрөө. Заримдаа надаас нэг ч хуудас гарахгүй үе зөндөө.
Дондогдулам хатны тухай “Эх Дагины өчил” гэдэг роман бичиж эхлээд зуугаад хуудас болсон байснаа бүгдийг нь устгасан. Яагаад гэвэл гурван жилийн өмнө эхэлж байсан зохиолоо өнөөдрийн өнцгөөс харахад надад таалагдаагүй. Зуугаад хуудас гэдэг их хөдөлмөр. Гэхдээ би XX зууны хамгийн нөлөөтэй, хамгийн хөрөнгөлөг, хамгийн оюунлаг тэр эмэгтэйн тухай эхний нооргоороо зохиол биччихэж чадахгүй нь. Энэ нь өөрөөсөө урвасантай адил.
Надаас өөр хэн ч бичиж буй зохиолыг минь устгах хэмжээнд шүүмжлэлтэй хандаж чадахгүй шүү дээ. “Эх Дагины өчил” зохиолд түүхийн зөвлөхөөр ажиллаж буй доктор Д.Энхцэцэг багш цуглуулсан эх сурвалжаараа нэг сэдэвт ном биччихсэн байхад миний зохиол тэгээс эхлэх гэж л байна даа.
- Түүхэн болсон үйл явдлаар зохиол бичих, өөрөө зохиож бичих хоёр юугаараа ялгаатай вэ?
- Роман бол зохиолчийн чадварыг сорьсон төрөл юм. Роман бичиж байж зохиолч болно гэж хуучны том зохиолчид хэлэхийг олон сонссон. Би анхны романаа хэвлүүлчихээд “Одоо л зохиолч болох нь дээ” гэж бодож зүрхэлж билээ. Тэгэхэд АУЗ Ш.Дулмаа эгч номын нээлтэн дээр ирээд “Шүүдэрээ минь С.Удвал гуайг залгамжлах нь” гэхэд айдас төрсөн. Түүхэн зохиолыг бичихэд маш их судалгаа хийх хэрэгтэй. “Ану хатан”-г бичихэд XVII зууны Монгол орны амьдрал, шашин, ардын урлагаас эхлээд Монгол угсаатны нэгэн мөчир салаа болсон Ойрадуудын ахуй амьдрал, түүхийг судлах хэрэгтэй болсон.
Сүүлд нь кино бүтээж байх үед зураачид маань тайзаа бэлдэхдээ тавгийн идээнд өрөм тавих гээд сууж байсан. Гэтэл Ойрадууд өрөм загсаадаггүй. Айргийн тос хэрэглэдэг. Айргаа цэгээ, тэрлэгийг лавшиг гэх жишээний.
Орчин үеийн зохиолыг ч амархан гэж болохгүй л дээ. Оюун санаандаа баатар бүхнээ амилуулж, мэдэхгүй салбар, очоогүй газар орноо бас л судалж , үгээр урлаж, утгын гүнд нэвтэрч байж бичнэ.
Ном бичиж олонд хүргэж, түүгээрээ амьдарна гэдэг асар хэцүү. Хэрвээ миний анхны ном “Хулан”-г хүн сонирхоогүй бол би дахин ганц ч ном бичихгүй байсан. Ер нь ямар ч ном бичнэ гэдэг хэцүү. Агуу их бичгийн хүмүүн В.Инжинаш ном бичнэ гэдгийг “чөмөг дундраасан хөдөлмөр” гэсэн байдаг.
- Тэгэхээр Эх дагины тухай номоо дахиад шинээр эхэлж байгаа гэсэн үг үү?
- Тийм ээ. Цоо шинээр эхэлнэ. Хэрвээ сайн бичиж чадахгүй бол бүүр огт бичихгүй гэж бодож байгаа. Эх дагина Ц.Дондогдулам бол Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үед амьдарч байсан хүн. Үхэл нь ч учир битүүлэг. Архивын баримт шүүж үзэхэд дөнгөж 46-тай таалал болсон энэ хүний үхлийн шалтгааныг олж чадаагүй.
Оросын архивт байдаг болов уу гэж боддог. 100 гаруйхан жилийн өмнө болсон үйл явдал хэр нь тодорхой ул мөр үлдээгүй. Ийм түүхийг бичнэ гэдэг тоглоом биш.
Яахав, зүгээр нэг зохиол бичье гэвэл болно. Гэвч тэгэж гоомой юм хийж чадахгүй. Оюун санаандаа тэр хүний амьдралаар амьдарч үзэх хэрэгтэй болно. Мэдрэх, шаналах хэрэгтэй. Богдын музейг би зургаан удаа үзсэн. Мөн Дондогдулам хатны албат асан хүмүүсийн үр садтай уулзаж байсан. Тэгэх тусам бичихээс зүрх алддаг.
Уг нь гурван жилийн өмнөөс бичиж эхлээд “Ану хатан” кино руу орсон юм. Гэтэл би өдөр нь кинон дээрээ ажиллаад шөнө нь романаа бичээд байж чаддаггүй хүн. Би нэг ажил эхэлбэл түүндээ байгаа бүхнээ зориулж байж дуусгадаг зантай.
“Ану хатан”-ы хэмжээний киног энгийн нэг эмэгтэй, нөхөртэйгээ хамтраад бүтээнэ гэдэг амар байгаагүй. Улсаас огт тусламж аваагүй, гадны хөрөнгө оруулалтгүй бүтсэн том хэмжээний анхны түүхэн кино.
Энэ жил манай кино урлагийн 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд асар том үйл явдлыг харуулсан, томоохон төслийн хэмжээний кино хэдхэнийг бүтээсэн. “Цогт тайж”-ийг Оросын тусламжаар, нийт зураг авалтын 80 хувийг тэнд хийсэн. “Мандухай цэцэн” киног Японы хөрөнгө оруулалт, техникийн тусламжаар, одоогийн ханшаар 2-3 сая долларын хөрөнгийг Сангийн яамнаас гаргаж, гурван жилийн хугацаанд 5,000 цэрэгтэйгээр хийсэн. Үүнийг дөнгөж байгуулагдаад анхны киногоо хийж байсан “Шүүдэр” продакшнтай харьцуулах аргагүй шүү дээ.
Ийм том төслийн хажуугаар роман бичнэ гэж бүр ч санахын хэрэггүй юм билээ.
- Анхны номуудаа одоо уншдаг уу. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?
- Уншаад голдог. Амьдрал өөрөө үргэлж өөрчлөгдөж, хөгжиж, мөнхийн хөдөлгөөнд байдгийг Гегель баталсан биз дээ? Гэхдээ тэр номнууд хүмүүст яагаад таалагдсан бэ гэдэг талаас нь боддог. 2000-аад оны эхэн үеийн Монголчуудын амьдрал, хүсэл тэмүүлэл, тэр үеийнхнийг уран зохиолд бичсэн учраас таалагдсан байх. Тиймээс “Хулан”, “Шүрэн бугуйвч” туужууд уншигчдад, ялангуяа залууст таалагдсан байх. Намайг залуусын сэдвийг орхисноос хойш “Хулан”, “Шүрэн бугуйвч” шиг номууд гарсангүй. Нэг хэсэг миний номуудаар “амьсгалж “байсан үе бий. “Боолын гэрээ”, “ Шүрэн бугуйвч” хоёр зэрэг кино театрыг дүүргэж байсан. Одоо хүртэл “Шүрэн бугуйвч” киноны дууг утсан дээрээ татсан хүнтэй тааралдсаар л байна. Ном нь ч кино нь ч хүмүүст их хүрсэн.
Би ер нь өөртөө л таалагдсан зохиолоо бичдэг. Одоо бодоход анхны номоо хэвлүүлж байхад Монголд номын дэлгүүр ч байхгүй болчихсон үе байж. Тэр үед Улсын их дэлгүүрийн гуравдугаар давхарт номын гурван тасаг байсан. “Хулан”-г хэвлэлтээс аваад л 128-ыг нь шууд захиалгаар борлуулсан. Тухайн үед хэвлэсэн зардлынхаа 50 хувийг өдөрт нь олчихоод өөрөө хүртэл цочирдож билээ. Тэгэж хүмүүс Монгол номоо ямар их хүлээж байгааг, сайхан зохиолоор цангаж байгааг мэдсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
