Таван толгойн хэлэлцээ гацсан шалтгаан тус компани Чалкотой хийсэн нууц гэрээнээс үүдэлтэй хэмээн ажлын хэсгээс мэдээлсэн. Уг гэрээ нь гуравдагч этгээдэд үзүүлэхгүй байх ёстой хэдий ч өдгөө ард түмэнд ил болгох хэрэгтэйг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлсэн юм. Энэ саналтай олон хүн нэгдэж буйг цахим ертөнцөөс харж болно.
Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ алсын стратеги талаас нь үзсэн гэлцдэг. Гэвч баян хүнийг балаг тойрдоггүйн үлгэр монголын ард түмнийг тойрсонгүй. Тухайн үедээ “Эрдэнэс-Таван толгой”-н зүгээс “Шинхуа” компанитай холбоотой ажиллах нь зүйтэй хэмээн
албаныхан хэлж байв.
Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компанид үйл ажиллагааны зардал хэрэгтэй.
Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ алсын стратеги талаас нь үзсэн гэлцдэг.
Тиймээс олборлосон нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн тул худалдан авагч талыг шахаж нүүрсээ ирээдүйд cap, улирлын графикаар нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулаад “Эрдэнэс-Таван толгой” мөнгө авч байж.
Ер нь ийм их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөгийг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой хэмээн Б.Энэбиш хэлсэн байна.
Тиймээс их хэмжээний мөнгө өгч чадах Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай гэрээ байгуулсан аж. Зүүн Цанхийн талбайд “Чалко”-той нүүрсний нийлүүлэлтийн гэрээтэй, харин Баруун Цанхид “Шинхуа”-тай бизнесийн аль нэг хэлбэрээр холбоотой ажиллах нь гэсэн төсөөлөл, төлөвлөгөө тухайн үед Б.Энэбиш захиралд төрж байснаа хэлсэн байдаг юм.
“Чалко” компанитай 2011 онд байгуулсан гэрээний дагуу дунджаар долоо орчим жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ хамгийн ихдээ 30 саяас хэтрэхгүй байжээ.
Харин гэрээ байгуулснаас хойш тав дэх жилдээ орсон байгаа юм. Сү.Батболдын Засгийн газрын үед Чалкогоос зээлсэн 350 сая ам.доллар үндсэндээ ямарваа нэг барьцаагүй, нүүрсээ олборлоод графикийн дагуу нийлүүлнэ гэсэн тохироотой байсныг эх сурвалж хэллээ.
Чалкогоос зээлсэн 350 сая ам.доллар үндсэндээ ямарваа нэг барьцаагүй, нүүрсээ олборлоод графикийн дагуу нийлүүлнэ гэсэн тохироотой.
Эхний ээлжинд авсан 250 сая ам.долларын жилийн тогтмол гурван хувь байсан аж. Мэдээж мөнгө зээлж байгаа талаас барьцаа хөрөнгө байнга нэхдэг байж. “Эрдэнэс-Таван толгой” компаниас Засгийн газрын баталгаа гаргуулахыг шаардах, эсвэл ордынхоо лицензийг барьцаалах, нэг бол компанийн хувьцааны хэсгийг барьцаалах шаардлага байнга тавьж байсныг тухайн үеийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Б.Энэбиш нэгэн ярилцлагадаа дурджээ.
Ямартай ч урагшлуулах хэрэгтэй хэмээн хөрөнгө оруулагчдын хийж байсан хэлэлцээ гацах нь тэр. 130 сая ам.долларын өрөөс гадна “Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх тухай заалт бий. Мөн өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлнэ.
Тиймээс энэхүү гэрээ хэлэлцээнд том тээг болж буй. Ингээд бас дуусахгүй манай талаас өрөө төлөөл гэрээгээ цуцлах болвол Монгол Улсын Засгийн газар дор хаяж 50 сая ам.долларын төлбөрт унаж, Нью-Йоркийн арбитрын шүүхэд дуудагдах заалт ч тусгагдсан байна. Энэ мэтчилэн халаглаад ч барахгүй олон зүйл ар араасаа урган гарав.
Барьцаанд буй “Таван толгой”-н хувь заяа нааштайгаар эргэх, үгүйг одоо ажиллаж буй ажлын хэсгийнхэн шийдэх нь. Тиймээс элдэв хардлага сэрдлэггүй цааш алхах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байлаа.
Таван толгойн ордод хөрөнгө оруулалт татах жүжгийн зохиолыг 2010 онд бичиж эхэлсэн. Гэвч тааруухан эхлэлтэй зохиолын төгсгөл муухан байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Элдэв нууц, далд төлөвлөгөө, гэрээ хэлэлцээрт дөнгөлүүлсээр хумхын тоос мэт замхрах вий гэх болгоомжлол ард түмний дунд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|