ӨРШӨӨЛ, УУЧЛАЛ, ЦАГААТГАЛ
ӨРШӨӨЛ, УУЧЛАЛ, ЦАГААТГАЛ-ын ялгааны талаар Хууль Зүйн Яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболдоос тодрууллаа.
ТӨРИЙН ЭНЭРЭНГҮЙ ЁСНЫ ЗАРЧИМ НЬ ӨРШӨӨЛ
-Өршөөлийн тухайд...?
-Монгол Улсын Үндсэн хуульд ямар субъект өршөөл, уучлал, цагаатгалыг хэрэгжүүлэх эрхтэй вэ гэдгийг нарийн заасан байдаг.
Үндсэн хуульд зааснаар өршөөл үзүүлэх эрх нь УИХ-ынх. Өөрөөр хэлбэр Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах эрхийг УИХ-ын онцгой бүрэн эрх гэж Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан. Өршөөл үзүүлэх тухай хуулиар хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг.
Монгол Улсын Үндсэн хууль
Хорин тавдугаар зүйл
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
14/ өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
Сүүлийн 20 жилд Өршөөл үзүүлэх тухай хууль долоон удаа гарсан байдаг.
Өршөөл үзүүлэхдээ УИХ заавал Өршөөл үзүүлэх тухай хууль гаргадаг. Алийг нь яаж шийдэхээ их хурал өөрөө мэддэг буюу өршөөл бол цэвэр улс төрийн шийдвэр байдаг. Жишээ нь шоронгийн дүүргэлт их байгаагаас шалтгаалж өршөөл үзүүлэх тохиолдол бий. Сүүлд долоодугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор Өршөөл үзүүлэх тухай хууль гаргасан боловч хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс л өршөөгдсөн байна.
Өршөөл гэдэг нь онолын дагуу шорон хэт дүүрэх, тодорхой үзэгдлийн улмаас олон хүн зэрэг шоронд орсон тохиолдолд ялын бодлогоо зөөллөх зорилгоор авдаг арга хэмжээ юм.
Татварын өршөөлийн тухайд гэвэл эрүүгийн өршөөлийн хуулиас өөр байдаг. Гэхдээ заримдаа хоёулаа ойролцоо гарах тохиолдол бий. Эрүүгийн хуулиар татварын хэрэг нь өршөөлд ороод, дараа жил нь Татварын өршөөлийн тухай хуулиар татвар нь өршөөгдчихдөг давхардсан шинж байна.
Өөрөөр хэлбэл татварын хэрэг Эрүүгийн хуулиар хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт ордог учраас өршөөгдчихдөг. Үүнээс ял завших тохиолдол бий. Татварын өршөөлийн тухай хууль нь гэмт хэрэгтэй хамааралгүй, татвараа нуусан, зайлсхийсэн, буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан улсуудад тэр жилдээ эсвэл тодорхой хугацаанд өршөөл үзүүлэхийг хэлээд байгаа юм.
Төр эрүүгийн харилцааны явцад маш олон яллах, цээрлэх, хорих, шийтгэх зарчимтай. Үүнээс хамгийн энэрэнгүй зарчим нь өршөөл, уучлал юм.
Жишээ нь хүүхдийн хоолой хэрчсэн насанд хүрээгүй хоёр эрэгтэй хүүхдийг УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн. Тэр жил насанд хүрээгүй бүх хүмүүс өршөөгдсөн юм. Хүмүүс түүнийг нь Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан гэж андуурах тохиолдол бий.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ХЭНИЙГ Ч УУЧЛАХ ЭРХТЭЙ
-Уучлалын тухайд...?
-Уучлал бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг. Үндсэн хуулийн 33 дугаар зүйл дээр зааснаар энэ бол Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Жишээ нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч нэг жилд 45 хүн уучилж байсан шийдвэрийн тухай би мэднэ. Уучлал үзүүлэх шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ялаас нь хэсэгчилэн болон бүрэн чөлөөлнө.
Монгол Улсын Үндсэн хууль
Гучин гуравдугаар зүйл.
1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8/ уучлал үзүүлэх;
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг ч уучлах эрхтэй. Тийм ялтай хүнийг уучилж болохгүй гэж заасан юм байхгүй.
Харин олон хүнийг уучлах боломж байдаггүй. Өршөөл, уучлал хоёрын гол ялгаа нь энэ. Нэг нь хэсэг бүлэг хүмүүсийг өршөөдөг. Нөгөө нь нэг хүнийг уучилдаг.
Уучлал жил бүр л гардаг. Ерөнхийлөгч өөрөө уучлал үзүүлэх хүсэлтээс харж байгаад, Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх журмын дагуу уучилдаг. Өөрөөр хэлбэл бүрэн чөлөөлсөн бол яах вэ, өргөдөл гомдлыг аваагүй бол яаж хариу мэдэгдэх вэ, цаазаар авах ялтай хүмүүсийг яах вэ гэх мэт нарийн зүйлсийг тэр журамд заасан байдаг.
Тэгэхээр өршөөл, уучлал бол хоёр өөр ойлголт. Нэг нь УИХ-ын бүрэн эрх, нөгөө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх.
Өршөөл, уучлал дээр тухайн хүний эдийн болон эдийн бус гэм хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд өршөөгдсөн ч хохирлоо төлөөгүй байдаг. Тэгэхээр хохирсон хүмүүс нь уучилж, өршөөсөн тухай шүүхийн тогтоолыг үндэслээд хохирлоо иргэний журмаар нэхэмжилж, мөнгөө авах боломжтой.
Тиймээс тухайн хүний учруулсан хохирлыг өршөөж, уучилж байна гэсэн үг биш. Хэргийг нь л уучилж, өршөөж байгаа юм.
ЦАГААТГАЛ ХОЁР ХЭЛБЭРТЭЙ
-Цагаатгалын тухайд...?
-Цагаатгал хоёр хэлбэртэй. Нэг нь Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулагдана. Энэ хууль 1998 онд батлагдсан. Үүнийг иргэний шүүхээр шийддэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн гэдгийг нь баталж чадвал нэг удаа нөхөн олговор олгодог.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах комисс гэж байдаг. Комисс материалыг нь бүрдүүлээд өгөхөд иргэний шүүхээр шийдэгддэг.
Эрүүгийн хэрэгт холбогдогсдыг цагаатгах гэж байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулагдаж, Шүүхийн бүрэн эрхэд хамаардаг асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар цагаатгах тогтоол гэдэг нь шүүгдэгчийн гэм буруугүйг нотлосон шүүхийн шийдвэрийг хэлнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль
5 дугаар зүйл. Нэр томъёоны тодорхойлолт
5.1.21.“цагаатгах тогтоол” гэж шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг;
Ер нь цагаатгах тогтоол гаргах практик шүүхэд их цөөхөн байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр ихэвчлэн гардаг. Цагаатгах тогтоол ямар тохиолдолд гардаг вэ гэхээр анхан шатны шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэгдсэн, давж заалдах шатны шүүх нь хэргийг авч үзээд тухайн хүний гэм буруу нь тогтоогдохгүй бол гаргадаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

