Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

НУГАРШГҮЙ ХАТАН ЗҮРХТЭН

FORBES MONGOLIA сэтгүүл
2015 оны 3 сарын 8
Forbes Mongolia
Зураг зураг

НУГАРШГҮЙ ХАТАН ЗҮРХТЭН

FORBES ASIA сэтгүүл жил бүр “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй”-г тодруулдаг.  Энэхүү жагсаалтад Forbes Mongolia сэтгүүлээс нэр дэвшүүлсэн Монполимет группийн ТУЗ-ийн дарга Цэдэнгийн Гарамжав шалгарч, Сингапурын Temasek Holdings-ийн захирал Ho Ching, Австралийн Hancock Prospecting-ийн захирал Gina Reinhart,  Хятадын Soho China-ийн захирал Zhang Xing зэрэг дэлхийн нэр хүндтэй эрхмүүдтэй хамт орсныг дуулгахад таатай байна. Ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Forbes Mongolia сэтгүүл Монголын нийт эмэгтэйчүүддээ дараах нийтлэлийг зориулж байна. 
                           

БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ТУСАМ ДАРХЛАА БИЙ БОЛДОГ

Монголын бизнесийн ертөнцөд 1991 оноос эхлэн хөл тавьсан Ц. Гарамжав оргүй хоосноос эхлэн хүнд аж үйлдвэрийн салбарын том группийг бий болгож, олон зуун айл өрхийн аж амьдралыг авч яваа Монголын цөөхөн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний ажил, амьдрал үргэлж хүнд сорил бэрхшээлийн дунд байсаар иржээ. Бурхан хүчирхэг нэгэнд залуу идэр цагаас нь эхэлж сорил бэрхшээлийг илгээн, ямар ч үед бууж өгөхгүй хатан зүрхтэнг бий болгодог гэдэг. Тэгвэл түүний хорвоод мэндлэн ухаан орсон цагаас л эхлэн хүнд сорилтууд хүлээж байв. Тэр ээжээсээ үлдэн хоцорч, ухаан орсон цагаасаа л эмэг эх Норжмаа, аав Цэдэн хоёрынхоо хайр энэрлээр энгийн даруу өсжээ. Норжмаа эмээ нь өөрийн гэсэн орлогогүй ч өглөө болгон ач охиндоо нэгтийн дэвсгэрт бэлдэж өгч явуулдаг байсныг тэр дурсах дуртай. Түүний энэ эгэлхэн амьдрал аливаа юмны өнгөн талыг биш мөн чанарыг харж амьдрах ухааныг зааж өгчээ. Хайртай хүмүүс гэдэг мөнх биш тул ямар ч үед өөрийгөө болоод өрөөлийг авч явж чаддаг байх ёстой гэсэн манлайлагч хүний мөн чанар энэ үед л түүнд суусан гэлтэй.

16 настай ахлах ангиа онц төгссөн охин өөрийн сонголтоор бус амьдралын төөрөг зургаар инженер, геологичийн мэргэжлийг сонгожээ. Мэргэжлээ солих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч удаа дараа бүтэлгүйтэж байв. Тэр мэргэжилдээ шууд биш дасаж дурласан гэвэл зохино. Хожим нь өөрийн сонголтоор Москвагийн их сургуульд хөрс судлаач, Итали улсын Ром хотод ашигт малтмалын олон улсын гэрээний эрхийн талаар мэргэшин суралцжээ. Сургуулиа төгсөж мэргэжлээ голох завгүй ажилласан тэрбээр хорь шүргэх насандаа Г. Нармандах хэмээх математикч мэргэжилтэй ханьтайгаа учирч байв. Амьдрал нь цэгцэрч хоёр сайхан охины ээж болоод байсан ч амьдрал түүнд бас нэгэн том сорилтыг илгээж 35 хан насандаа ханиасаа хагацжээ. Хатуу зовлонг ийн амссан ч ханийнхаа дурсгалыг мөнхөлж нэрэмжит математикийн олимпиадыг нь жил болгон зохион байгуулж шилдэг сурагчдад шагнал урамшуулал олгодог болжээ.

Бэрхшээлийг даван туулах тусам дархлаа бий болдог гэж тэрбээр залуучуудад хэлэх дуртай. Заримдаа давж гарч дийлэхээргүй хэтэрхий хүнд сорилтууд тулгарах үед хүүхэд насандаа уншдаг байсан зөгнөлт зохиолууд нь түүнд эрч хүч өгдөг байв. Түүний дотор “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” ном сэтгэлд нь онцгой тод үлджээ. Капитан Немогийн шумбагч хөлөг онгоц далайн том эргүүлэг хар нүхэнд ордог хэсэг дээр “Энэ том эргүүлгээс Немогийн онгоц гарч чадна гэдэгт би бүрэн итгэж байна” гэсэн үг гардаг нь түүнийг зоригжуулдаг байсан гэнэ. Ялангуяа Монполимет компанийн хөгжлийн эхэн үед том том эрсдэл, алдагдлууд гарч их хэмжээний өр зээлэнд унаж байжээ. Тус компанийн анхны хайгуулын ажил бүтэлгүйтэж олборлолт явуулах ямар ч боломжгүй газар хуримтлуулсан бүх хөрөнгөө оруулаад алдаж байв.

Мөн үйл ажиллагаагаа сайжруулах зорилготой 1990 оны дундуур Америкийн алдарт Caterpillar компаниас тодорхой шалгуурыг даван байж 12 ширхэг экскаватор, бульдозер лизингээр авсан боловч хоёр сая долларын өрөнд орж уурхайн орд болон техник төхөөрөмжөө алдаж явсан түүхтэй. Энэ бүх зүйл нь эмэгтэй хүнд битгий хэл эр хүнд ч даван туулахад бэрх даваа байсан нь ойлгомжтой. Тэрбээр энэ үеийг дурсахдаа “Үнэхээр аймшигтай байсан. Гэхдээ Монгол хүний хэцүү бэрхийг даван туулах чадвар өндөр байдаг юм билээ” гэж хэллээ. Энэ үед шокноос хурдан гарч дараа дараагийн алхмаа цаг алдалгүй тунгаан бодож чадсан нь хямралаас гарахад тусалжээ. Мөн түүнд итгэдэг хамт олных нь итгэл, дэмжлэг бас их хүчийг өгч байв.

“Хүнд бэрхийг туулаад чулуу шиг хатуу зүрхтэй болсон хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ энэ гараг ертөнц маань эерэг энергээр бүтсэн байдаг тул зөв ариун сэтгэлтэй, зүтгэлтэй явбал хөх тэнгэр, хөрст дэлхий хүртэл тусалж дэмждэг юм байна лээ” хэмээн ярив. Түүний хатан зориг, хөдөлмөрч чанар, холч ухааныг хамт ажиллаж байсан Оросууд нь гайхан биширч “ОХУ-ын уул уурхайн тэргүүний ажилтан” гэсэн цол хүртэл өгч байсан нь санаандгүй зүйл биш юм.

ТЭД ХАМТДАА ЧАДСАН

1992 онд Монполимет хэмээх компани байгуулагдахад итгэл, сэтгэлээрээ нэгдсэн хамтрагчдаа хатагтай Ц. Гарамжав бараг гэр бүл шигээ үздэг. Энэ нь орчин үеийн бизнес эрхлэгчдэд содон сонсогдоно. Гэвч хүнд өгөх хамгийн том бэлэг бол итгэл юм гэдэгт тэр одоо ч эргэлздэггүй. Ц. Гарамжав захирал залуу насанд нь итгэл хүлээлгэж хамтран зүтгэсэн хамт олныхоо сайн талыг нь харж хамтдаа өсөн дэвжиж иржээ. Анх гар нийлсэн 100-аад ажилчдын 80-90 хувь нь одоо ч компанидаа ажилласаар байдаг. “Энэ 100 хүн л бусад ажилчдадаа нөлөөлж, ажлыг урагшлуулан, группийнхээ ноён нуруу болж байдаг.

Төлөвшсөн 100 хүн гэдэг бол бат зоосон туг л гэсэн үг” хэмээн тэрээр бахархан ярина.

Гар гараасаа барилцан энэ группийн 22 жилийн түүхийг бий болгосон нь тэдний хамгийн том бахархал. Одоо хамтран ажиллагсад нь бүгд тэгш сайхан амьдралтай, эдийн засгийн боломжтой болжээ. Заримдаа тэрээр “Би та нарын өмнө хэлсэн амандаа хүрсэн шүү” гэж хошигноход бүгд “Баярлалаа” гэж хэлдэг гэнэ.  Ц. Гарамжав захирлын нэг бахархал нь Монполиметийг байгуулж өнөөдрийг хүртэл явсан хорь гаруй жилийн хугацаанд олон арван инженер, техникийн ажилтан, менежерийг давхар мэргэшүүлэн орчин үеийн техник, технологийг удирдан ажиллуулах чадвартай болгон мэргэшүүлсэн явдал юм. Ирэх жилийн есдүгээр сард 23 жилийн ойгоо тэмдэглэх энэ хамт олны дунд Монгол улсын зөвлөх инженер Д. Баасандалай, механик инженер Г. Дашгаадан, захирал С. Энхтуяа, захирал Г. Наранбат зэрэг Монгол улсдаа нэр хүндтэй инженер, техникийн ажилтнууд байдаг. “Хамт олны маань дундаас хүчирхэг инженерүүд төрөн гарч, биднээс илүү болоод, бид нарт зааж зөвлөөд ирэхэд хамгийн сайхан байдаг” хэмээн ярьж байгаагаас нь үзэхэд бусдаасаа түрүүлж сэтгэн холыг хардаг, бусдыгаа дэмжин дээш гаргаж ирж чаддаг хүн л жинхэнэ лидер болдог юм байна гэсэн бодлыг эрхгүй төрүүлнэ. 

НӨХӨН СЭРГЭЭЛТ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

Монполимет групп нөхөн сэргээлтийн ажилд эхнээсээ л чухал ач холбогдол өгсөөр иржээ. Иймдээ ч тэд “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж”-ээр өнөөг хүртэл найман удаа шалгарчээ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор тус групп хоёр ч удаа Монгол улсын хэмжээний “Байгаль орчны нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт”-ыг ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн BGR төсөлтэй хамтран зохион байгуулсан байна.

Мөн Монгол улсад анх удаа нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 16 га талбайд сэлгэмэл устай, олон төрлийн загас, шувуудтай, цэнгэг уст Тосон нуурыг байгуулж 2011 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд хүлээлгэн өгснөөр Монгол улсын гадаргын усны нөөцөд албан ёсоор бүртгүүлжээ. Улсдаа анх удаа нөхөн сэргээлтийн талбайнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж аялж амрах, ажиллах, мал бэлчээх, жимс жимсгэнэ тариалах орчинг бий болгож ажиллажээ. Тэд Булган аймгийн Бүрэгхангайд байрлах уурхайн талдаа нуур, загас үржүүлгийн аж ахуй, Төв аймгийн Заамарт байрлах уурхайн талдаа жимс, жимсгэнийн аж ахуй барьж орон нутагт нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.  

Заамар суманд 625 га-д олборлолт хийсний 615 га-д техникийн, 370 га-д биологийн нөхөн сэргээлт хийж, 14 төрлийн 60 гаруй мянган ширхэг мод тарьжээ. Харин Тосонгийн ордод ашиглалтын үйл ажиллагааг нөхөн сэргээлтийн ажилтай хослуулан амжилттай явуулж байна.

1990-ээд оноос хэрэгжиж эхэлсэн Алт хөтөлбөрийн хүрээнд хөвөгч платформ дээр суурилагдсан, автомат удирдлагатай, олон шанагат экскаваторын зарчмаар ажилладаг, уулын баяжуулах эко технологи бүхий Драгийн 1-р үйлдвэрийг 2003 онд ашиглалтад оруулсан бол 2005 онд Драгийн 2-р үйлдвэрийг ашиглалтад оруулав. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандад 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2014 онд ашиглалтад оруулжээ. Мөн  Дорноговь аймгийн Өргөн өртөөнөөс салбарласан 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьж 2013 онд ашиглалтад оруулсан байна.

Монполимет групп ажилчдынхаа тав тухтай орчинд онцгой анхаардаг ба үйлдвэрийн ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах зорилгоор 1200 хүний багтаамжтай орчин үеийн тохилог орон сууц бүхий иж бүрэн ажилчдын тосгон барьж байгаа гэнэ. Мөн хамтран ажилладаг сум орон нутгийнхаа сургууль, эмнэлгийг засварлах, тохижуулах, интернет сүлжээнд холбох, ус худагтай болгох зэрэг нийгэмд чиглэсэн ажлуудыг өөрсдийн хүч, хөрөнгөөр хийж иржээ. Хамгийн ойрын жишээ гэхэд Бүрэг хангай суманд ЗДТГ-ын байрыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн ба улмаар Заамар, Дашинчилэн сумдад ахуй үйлчилгээний тохилог төв барьж өгөхөөр ажиллаж байна. Эдгээр нь хүний төлөө, хөгжлийн төлөө чадах боломжоороо хийж бүтээж байгаа Монполимет компанийхний сэтгэлээ шингээсэн ажил үйлсүүд нь юм.

Зөвхөн уул уурхай гэлтгүй барилгын салбарт ч тэд амжилттай ажиллаж, 2004 оноос барилгын Нар Урт компанийнхаа ажлыг эхлүүлэн, 40 мянгатад 96 айлын орон сууц барьсан нь 2006 оны шилдэг 10 барилгын нэгээр шалгарав. Энэ мэтээр тус компани байгаль орчны нөхөн сэргээлтийн болоод бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, баялаг бүтээх үйлсэд хүчээ өргөж явна. 

ХҮЧТЭЙ ЗАЛУУ ҮЕ МОНПОЛИМЕТИЙН ИРЭЭДҮЙ

2013 оны тавдугаар сард Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) Лондон дахь төв оффисын байранд нэгэн Монгол эмэгтэй ЕBRD-ын дэд ерөнхийлөгч ноён Фил Беннеттэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ эмэгтэй бол Ц. Гарамжав захирлын том охин Н. Мөнхнасан  юм. Монголын дэд бүтцийн хэд хэдэн төсөлд зоригтой хөрөнгө оруулалт хийсэн ЕBRD энэ удаад олборлолтын салбараас төрөлжсөн үйлдвэрлэл рүү шилжсэн Монполимет компанийг сонгож Дорноговь аймгийн Сэнж Худгийн шохойн чулууны ордыг түшиглэн, хуурай технологи бүхий өндөр чанарын эко цементийн үйлдвэрийг барихад санхүүжилт хийхээр тохиролцоонд хүрсэн нь энэ байв. Тус гэрээний талаар ЕBRD-ын дэд ерөнхийлөгч ноён Фил Беннет “Энэхүү хөрөнгө оруулалт бол мөнгөн дүнгээрээ ч, цар хүрээгээрээ ч Монголын эдийн засгийг солонгоруулахад ихээхэн хувь нэмэр оруулах чухал төсөл юм” хэмээн онцолжээ. Сонирхолтой нь энэ гэрээ зурагдахаас нэг жилийн өмнө ЕBRD өөрийн харилцагч дэлхийн 35 орноос тухайн жилийн шилдэг гурван бизнес эмэгтэйн нэгээр Монполимет группийн ТУЗ-ийн дарга Цэдэнгийн Гарамжавыг тодруулж байв.

1990-ээд оны эхээр хатагтай Ц. Гарамжав нэгэн зоригтой бөгөөд хүндхэн шийдвэрийг гаргажээ. Дөнгөж 14 настай байсан том охиноо нэгэн түшигтэй америк гэр бүлд даатган алс холын Америк орон руу үдэв. Бие муутай охин дүү, ажлын төлөө махран зүтгэх ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд Н. Мөнхнасан хичээлдээ шамдан сурсаар ахлах сургуулиасаа л шилдэг оюутан болж, улмаар Сан Францискогийн их сургуульд эдийн засгийн бакалавр, Жорж Вашингтоны их сургуульд санхүүгийн чиглэлээр магистрын зэргүүдийг тус тус хамгаалжээ. Сургуулиа төгсөөд Дэлхийн банкны Вашингтон дахь төв оффис болон Монгол дахь оффис, Монгол банкинд эдийн засагчаар нэлээд олон жил ажиллажээ. Харин одоо тэрээр хоёр хүүхдийн ээж төдийгүй Монполимет группийн Сэнж Сант цементийн үйлдвэрийн төслийн удирдагч, компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Н. Мөнхнасан  охиноо АНУ-д амжилттай суралцаж байгаад урамшсан Гарамжав захирал АНУ-ын INМЕХ оюутан солилцооны хөтөлбөртэй холбогдож 40 гаруй Монгол охид хөвгүүдийг 1994-1995 оны хооронд АНУ руу явуулж суралцуулсан нь амжилттай болж одоо эдгээр залуус сонгосон салбар бүртээ амжилттай ажиллаж байна.

Дорноговь аймгийн Өргөн суманд, аж үйлдвэрийн паркаас 40 км-ийн зайд байрлах Сэнж Сантын цементийн үйлдвэр нь Монголд баригдаж байгаагүй эко технологитой, дулаанаа тог болгодог, ус бага хэрэглэдэг үйлдвэр юм. Н. Мөнхнасан захирал төслийн төлөвлөлт, хөрөнгө, зээл босгох гээд бүхий л шатанд гадаад, дотоодын чадварлаг хүмүүсээс бүрдсэн багаа удирдан ажиллаж байна. Сэнж Сант компанийн 20 хувийг ЕBRD 80 хувийг Монполимет эзэмшиж байгаа нь маш зөв бүтэцтэй, олон улсын түвшинд хүрсэн компанийн шинж хэмээн түүний ээж, аж үйлдвэрийн  гавьяат ажилтан  Ц. Гарамжав хэллээ. Эко барилга байгууламжийн үйлдвэрлэлээр алдартай Францын Lafarge компанийг хүртэл эгнээндээ багтааж чадсан уг төсөл жилд нэг сая тонн Европ стандартын Портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, 500-1000-гаад хүнийг ажлын байраар хангах, 170-аас дээш жил дотоод болон гадаадын зах зээлийг цемент, чулуунцараар хангах томоохон эко үйлдвэр болох юм. Энэ үйлдвэрийг дагаад зургаан га талбайд үйлдвэрийн ажилчдад зориулан нийт 1000 хүн амьдрах орон сууц, спортын танхим бүхий иж бүрэн цогцолборыг барьж байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Уг төсөл ирэх оны зургадугаар сард ашиглалтад орсноор Хөтөл, МАК-ын цементийн үйлдвэртэй нийлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй гадагшаа ч экспортлох боломжтой болох юм. “Хэдийгээр би олон жилийн туршлагатай боловч охиноосоо болон чадварлаг хамт олноос нь маш их зүйлийг сурч байгаа. Хойч үеэсээ суралцаж, тэднийгээ өсөн дэвжиж, хүчирхэгжихийг харах шиг сайхан юм байхгүй” хэмээн ярих Ц. Гарамжав захирал өнөөдрийн энэ байр сууринд хүрэхийн тулд үнэхээр цуцалтгүй хөдөлмөрлөсөн хүн.

ТОГТВОРТОЙ ЗӨВ ХӨГЖЛИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ

Монгол улс сүүлийн таван жил уул уурхайг хөгжлийн гол чиглүүлэгч болгон сонгосон. Гэтэл хөгжлийнхээ эсрэг, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг хязгаарласан бодлого явуулж, хууль эрх зүйн орчинг тогтворгүй болгож, судалгаа шинжилгээ, үндэслэл муутай хууль тогтоомж гаргаж байгаад тэрээр харамсдаг. Үүний нэг жишээ нь 2009 онд батлагдсан урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль юм. Хатагтай Ц. Гарамжавын үзэж байгаагаар дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байхад ийм хууль гаргаж уул уурхайн компаниудыг хариуцлагатай, хариуцлагагүйгээр ангилахгүйгээр гадаад, дотоодын хөрөнгөө оруулсан, үйлдвэрүүдээ барьчихсан, технологийн онцлогтой, олон зуун ажилчидтай, тогтвортой ажиллаж байсан компаниудыг  хүртэл энэ хоморгод оруулж хэлмэгдүүлсэн нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгожээ. Гадаадын хөрөнгө оруулалт бараг хасах руу дөхөж байгаа нь ч энэ бодлогогүй хуультай холбоотой гэж тэр үздэг.

“Амьдралд нэвтрэхгүй, хөгжлийнхөө эсрэг алдаатай бодлого явуулсан болохоор хожимдсон ч гэсэн энэ алдаагаа засаж судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Лицензээ хураалгасан энэ олон компаниуд нөхөн олговор нэхвэл төр засаг төлж чадахгүй. Мөн үүнийг далимдуулж нөхөн олговор авах гэсэн уул уурхай явуулах чадамжгүй, лиценз дамлагчид ч нөхөн олговор авна гэх асуудал ч үүсэж болно.  Тиймээс судалгаан дээр үндэслэсэн, байгаль орчноо бохирдуулж байгаад нь хариуцлага оногдуулдаг, дэвшилтэт технологи хэрэглэж, компанийн нийгмийн хариуцлагаа сайн ухамсарладаг, сайн засаглалтай компаниудыг нь урамшуулан дэмждэг тогтолцоог бий болгох хэрэгтэйг тэрээр онцоллоо.

Нэгэнтээ Монгол улсын ЭБЭХ-ний дэд сайдын албыг хашиж явсан хатагтай Ц. Гарамжавтай ийнхүү уулзахад ажил, амьдралын хурдаа удаашруулах шинж түүнээс огтхон ч ажиглагдсангүй. Өдгөө түүний насны олон эмэгтэй тэтгэвэрт гарахаа хүлээн суугаа бол Ц. Гарамжав захирал эсрэгээрээ улс орныхоо тогтвортой хөгжил, дэд бүтцийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж баялаг бүтээх талаар ухаан бодлоо уралдуулж бодно. Нас бол зөвхөн тоо юм. Ухаалаг эмэгтэй сайн чанарын дарс шиг явах тусам өнгө орж улам хүчирхэг болдог гэдэг нь үнэн ажээ. Монгол улс маш сайхан газар нутагтай, арвин их байгалийн баялагтай, иргэд нь оюуны өндөр чадамжтай болохоор улс орон маань хөгжил дэвшилд хүрч чадна гэдэгт огтхонч эргэлздэггүй тэрбээр завгүй ажилласаар л явна.


ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.