Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулагчдад илгээх МОНГОЛЧУУДЫН МЕССЕЖ

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

 “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүн өнөөдөр олон нийтэд нээлттэй болж Ерөнхий сайд шийдлээ УИХ-д танилцуулна. 

Үүнтэй зэрэгцэн бид олон улсад ямар мэдээлэл цацсан бэ?

Нэг. Монголчууд ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХОРЬДОГ, ЯЛЛАДАГ...

 

Дээрх санал асуулгын хугацаанд Монголын эрх баригчид болоод шүүх, хууль хяналтын байгууллага ямартай ч хөрөнгө оруулагчдад хоёр мессежийг илгээгээд буй. 

Тухайлбал, “Овоот Толгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон. 

Мөн шүүхээс Жастин Капла болон Кристобал Ж.Дэвид нараас тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, таван жил 10 сарын хугацаагаар хорих, Хиларион В.Кажуком ЖР-ээс мөн нэг сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаатай хорих ял оноогоод буй.

Энэ тухай мэдээлэл ч олон улсад цацагдаж, Монголд хөрөнгө оруулахад ямар хэмжээний хохирол амсч болох вэ, татвар, хууль эрх зүйн орчин нь ямар хүнд байдалд байгааг харж болохоор байна. 

АНУ-ын Элчин Сайдын Яамнаас ч мөн энэ хэрэгтэй холбоотой шүүх хурлын үеэр орчуулгын болоод бусад ямар их бэрхшээл байсан талаар  МЭДЭГДЭЛ гаргаад буй. 

Монголчууд ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ урих уу, тэдэнтэй ажилламаар байна уу эсвэл бүсээ чангалсаар яваандаа дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унаж болдог ОХУ-ын жишээ рүү явах уу гэх утга бүхий санал асуулга явуулах тухай Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн орой МҮОНТ-ээр зарласан. 

Харин энэ үйл явдлаас ердөө хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн Баасан гарагт Жастин Капла нарт МОНГОЛ УЛС дээрх ялыг оноосон байх юм.

 

Хоёр.  МЕГА ТӨСӨЛД ЗААВАЛ УИХ ОРОЛЦОНО бас "ГАЦААНА"

 

Шийдлийн хэмээх Засгийн газар мега буюу үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт олж ирэх тэр хэмжээгээр улс орны эдийн засгийг босгох төслүүдийг урагшлуулахын тулд Монгол Улсын сайд хэмээх статусыг бий болгоод буй. Тиймээс М.Энхсайхан "Таван Толгой" төсөлд хөрөнгө оруулахаар шалгарсан компаниудтай хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байгаа билээ. 

Энэ зуур төмөр зам болоод "Эрдэнэс Таван Толгой" компанийн зээл, өрийн асуудал сөхөгдөөд байгаа.  Тодруулбал,  “Таван Толгой” төслийг тойроод 5-6 жил хэрэлдэж явахдаа улсын нуруун дээр 700-800 сая долларын өр үүсгэжээ. 

Хамгийн наад захын жишээ гэхэд "Чалько"-д төлөх ёстой өрөө ЭТТ компани төлж, үйл ажиллагаагаа явуулахын тулд дотоодын хэд хэдэн банкнаас их хэмжээний зээл аваад байгаа билээ.

Мөн Төмөр зам барихад зориулж Чингис бондоос 200 сая долларын санхүүжилтийг хийгээд буй.  Ханшийн алдагдлаас эхлээд ТТ төслийн эргэн тойронд ийнхүү 700-800 сая долларын өр бий болжээ. 

Тиймээс ч хөрөнгө оруулагч талтай энэ бүх өрийн асуудлыг умартан төслийг урагш явуулах хэлэлцээ эд дундаа өрнөж байхад УИХ-ын дарга З.Энхболдын Даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлага олон асуулт дагуулаад байгаа юм. 

Тэрбээр "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагадаа "Суурь бүтцийн 51 хувь нь төрийн мэдэлд байна, бүх хүнд нээлттэй, нэг тарифаар үйлчилнэ гэсэн хуультай учраас "Таван Толгой"-н төмөр замыг “Энержи Ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй.

... Одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ" хэмээн ярьжээ.

Үнэндээ ТТ төслийн хэлэлцээгээр гурван компани Монголын төмөр замыг эзэмшээд бусдад өндөр тариф санал болгож, боож, хаах асуудал огт яригдаагүй бөгөөд Монгол Улсын хуулийн дагуу, олон улсын банк, санхүүгийн шаардлага хангахуйц хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр чармайж буйг ТТ төслийн ажлын хэсгийнхэн мэдээлж байгаа билээ. 

Иймэрхүү эсрэг тэсрэг мэдээлэл эрх баригчдаас гарсаар байгаа юм. 

Их Эвслийн Засгийн газрыг байгуулж, бүгд хамтарч ажиллах шийдвэрийг Ардчилсан нам гаргасан гэж ойлгосон. Гэвч нэг нэгнийхээ олон улсын хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээг юу ч биш мэт ийнхүү нулимж буй явдлыг нэг талаар хууль сахиулах нэртэй ч нөгөө талаар Ардчилсан Нам бусадтай хамтарч ажиллаж чаддаггүй, нэгнээ хүлээн зөвшөөрөх дургүй, дотроо ойлголцолд хүрч байж хөрөнгө оруулагчдад, олон улсад мэдээллээ хүргэх нэгдсэн тоглолт хийж чаддаггүй гэдгийг ДАХИН НОТОЛЛОО.  

Монгол Улс дотоод, гадаадын хэнд ч бай хууль ёсны шаардлага тавьж биелүүлэхийг шаардах эрхтэй. Хамгийн чухал нь Монгол Улсын хууль тогтоомж ойлгомжгүй, улстөрчид нь "хулхи", татвар, хяналтын тогтсон дүрэм журамгүй  байгаа байдалд хөрөнгө оруулагчид шүүмжлэлтэй хандсаар байгаа билээ.

  

Гурав. Жирийн иргэд ямар сонголтыг хийх бол?

 

Шийдлийн Засгийн газрын Санал асуулгын дүн гарч өнөөдөр өглөөний 09.00 цагт Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газраас нэгтгэн Засгийн газарт танилцуулаад байна.

Улмаар санал асуулгын дүнг 10.30 цагаас нийт иргэдэд танилцуулах аж. 

Үргэлжлүүлээд Засгийн газар 11.00 цагаас ээлжит бус хуралдаан хийж  “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүнтэй холбоотойгоор хөгжлийн замаа тодорхойлох ажээ. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санал асуулгын дүн аль ч хувилбараар гарсан надад бэлэн хоёр бодлого бий хэмээн ам алдсан. Тиймээс тэрбээр иргэдээс ирсэн асуулгын хариутай холбоотойгоор бэлдсэн хоёр хувилбарынхаа нэгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж улмаар УИХ-д танилцуулах юм байна. 

Засгийн газрын энэ удаагийн санал асуулгыг хэдийгээр Ерөнхий сайд бодлогоо тодорхойлох гарцыг олоход зориулж хийж байгаа ч эдийн засагчид, зарим төрийн түшээ ЭНЭХҮҮ САНАЛ АСУУЛГА ЗАСГИЙН ГАЗАРТ БУС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД илгээж буй МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ МЕССЕЖ юм гэж үзэж байна. 

Учир нь Монгол Улсын Засгийн газар хөгжлийн замаа сонгох санал асуулга явуулж эхэлсэн талаар эдийн засаг, санхүүгийн нэр хүндтэй олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээд байна. 

Тэдэнд ч бас хариулт сонин байгаа. Монголын АРД ТҮМЭН дийлэнх нь нэгдүгээр хариулт буюу "Оюу Толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох" гэдгийг сонговол энэ нь олон улсад өгөх Монголын АРД түмний ЭЕРЭГ МЕССЕЖ болно гэж үзэж байгаа юм. 

 

bolortuya@ikon.mn