“Хунт нуур” балетын 120 жилийн ой болж байна
Энэ жил Санкт Петербургийн Мариинскийн театрт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тавьж эхэлсний 120 жил тохиож байна.
1895 оны нэгдүгээр сард домогт “Хунт нуур” балетыг П.И.Чайковскийн хөгжмөөр Мариинскийн театрын тайзнаа анх тоглосон байна.
Түүнээс өмнө 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Их театрт Вензел Рейзингерын дэглэлтээр тавьсан ч амжилтгүй болж удалгүй тайзнаас буусан гэдэг.
Ингээд 1890 оны эхээр балетмейстер Мариус Петипа, Чайковский нар Мариинскийн театрт зориулан дахин бүтээсэн байна.
Гэхдээ анхны хувилбар нь өнөөдөр тоглож байгаагаас ялгаатай байдаг аж. 19 дүгээр зууны сүүл үед эрчүүд нь тоглолт дээр нарийн хэцүү үсрэлтүүдийг хийдэггүй, эмэгтэй балетчинаа дэмжих маягтай оролцдог байж.
Эмэгтэй бүжигчид ч одоогийнхоос өөр, битүү хувцастай, хөлөө өндөр өргөдөггүй, ингэх нь ёс зүйгүйд тооцогддог байсан гэнэ.
Түүхийн турш “Хунт нуур” нь олон удаа өөрчлөгдөж ирсэн байдаг. “Хунт нуур” нь эмгэнэлт болон аз жаргалтай хоёр янзын төгсгөлтэй байдаг. 1950 онд дэглээч Константин Сергеев анхны аз жаргалтай төгсгөл бүхий хувилбарыг гаргаж ирсэн нь одоог хүртэл үргэлжилж байгаа.
Ингэхдээ Сергеев анхны Петипа, Иванов нарын дэглэлтийг үндсэнд нь хадгалж зарим орчин үеийн бүжгийн элементүүдээр баяжуулжээ.
Мариинскийн театр “Хунт нуурыг” нийт 1,757 удаа тайзнаа тоглоод байгаа гэнэ.
Энэ хугацаанд балетын гол дүр Одетта/Одилед Анна Павлова, Галина Уланова, Наталья Дудинская, Марина Семёнова, Ульяна Лопаткина, Диана Вишнева зэрэг алдарт бүжигчид тогложээ.
Өөр нэг сонирхолтой түүх нь 1991 оны ЗХУ-д болсон төрийн эргэлтийн үеийн билэгдэл “Хунт нуур” болж байжээ.
Наймдугаар сарын 19-нд бүх радиогоор сонгодог хөгжмөөс өөр юу ч дамжуулсангүй. Харин бүх телевизийн сувгуудаар зөвхөн “Хунт нуур” балетын Их театрын хувилбарыг давтан давтан дамжуулж байжээ.
Зөвлөлтийн үед улс орны удирдагчийг нас барахад “Хунт нуур”-ыг мөн тасралтгүй дамжуулдаг байсан бол энэ удаа төрийн эргэлтийн билэгдэл болсон түүхтэй.
Эх сурвалж: RBTH.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
