“Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ болон олон улсын судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээсэн уг цахим хуудаснаа Монголын 1000 гаруй сүм хийдүүдийн бүртгэл мэдээлэл, тухайлбал өдгөө зөвхөн ул мөр нь л тал нутагт үлдсэн түүхэн хийдүүд, тэдгээр хийдэд шавилан сууж байсан олон зуун өндөр настнуудын дурсамж, түүхэн аман эх сурвалж, гэрэл зургуудыг олон нийтэд хүргэж байна.
Уг цахим хуудаст 1939 оноос өмнөх 1000 гаруй сүм хийд, 1990 оноос хойш шинээр сэргээсэн 300 гаруй сүм хийдийн мэдээлэл /2007 оны байдлаар/, гэрэл зураг, товч түүх, газарзүйн солбилцол, 500 гаруй дурсгалт газрын план зураг, 350 гаруй хүнээс авсан ярилцлага буюу сүм хийдтэй холбогдох аман түүх, сүм хийдийн 60 орчим эртний түүхэн гэрэл зургууд, мөн 1930 онд улс орон даяар явуулсан сүм хийдийн талаарх судалгааны тайлангийн зарим хэсэг, Монголын нэр хүндтэй том хутагт хувилгаад, эрдэмтэн лам нарын талаарх мэдээлэл байрлаж байна.
Эдгээр нь Монголыг сонирхон судлагч гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хувьд судалгаанд ашиглаж болохуйц анхан шатны мэдээллийн сан болох бөгөөд 1990-ээс 2007 оны хооронд шинээр сэргэсэн сүм хийдийн хөгжлийг харуулах судалгааны суурь баримт болох юм.
Монголчууд өнгөрсөн түүх, өв соёлтойгоо эргэн холбогдож уламжлалт соёлоо ахин сэргээхийг эрмэлзэж буй өнөө цагт Монголын бурханы шашны соёлтой холбогдох түүхийг баримтжуулан мэдээллийн сан бүрдүүлж, олон нийт ба хүүхэд залууст өв соёлоо танин мэдэх боломжийг олгож, дэлхий дахинаа Монголын соёлыг сурталчлах нь чухал ач холбогдолтой билээ.
Монголын сүм хийдийн тухай судалгаа явуулах, мэдээлэл цуглуулах төслийн анхны санааг Монголд ажиллаж амьдарч байсан АНУ-ын иргэн, ХААН Банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу, Төвдийн сангийн Монгол дах Бурханы шашны төсөлд ажиллаж байсан Их Британий иргэн, антропологич Сью Бөрн нар хэрэгжүүлэхээр төлөвлөж уг санаачлагын хүрээнд 2004-2006 онд Төв аймаг ба Их хүрээний сүм хийдүүдийн талаарх судалгааг Унгарын судлаач Кристина Телеки, Жуужаа Маер тэргүүтэй олон улсын судалгааны баг эхлүүлсэн билээ.
МУЗ 2007 онд дээрх төслийн багынхны хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч, сүм хийдийн судалгааг орон даяар явуулах ажиллагааг Гандантэгчинлэн хийд болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёлын өвийн төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн билээ. 2007 онд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, Монгол болон Унгарын хоёр судлаачаас бүрдсэн судалгааны 6 баг Монгол улсын нийт 21 аймагт судалгааны ажлыг 5 сарын турш гүйцэтгэсэн. Судлаачдын цуглуулсан мэдээллийг МУИС-ийн багш Ж.Лхагвадэмчиг хянан тохиолдуулж, МУБИС-ийн багш Д.Мөнхбат, ХААИС-ийн багш Ч.Хулан нар нийт сүм хийдүүдийн товч түүх, аман түүхийг хянан эмхэтгэсэн юм.
2010-2014 онуудад Төслийн зөвлөх Сю Бөрны удирдлаган дор судалгаагаар тогтоосон мэдээллийг цэгцлэн боловсруулж, англи хэл рүү хөрвүүлж, дотоод гадаадын эрдэмтэд, түүх соёл сонирхон судлаачид болон олон нийтийн хүртээл болгох зорилгоор www.mongoliantemples.org цахим хуудсыг бүтээлээ.
Энэхүү урт хугацааны томоохон төслийг ХААН Банк, Петровис компани, Вестерн Юнион, АНУ-ын Элчин Сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан, АНУ-ын Доналд Рубины Сан, АНУ дахь МУЗ болон бусад хувь хүмүүсийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
Төслийг амжилттай хэрэгжүүлж, Монголын соёлын өвийг бүртгэн баримтжуулах, түүх соёлын дурсгалт газрыг гадаад дотоодод сурталчлах ажилд хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Монголын ба олон улсын эрдэмтэн судлаачид, лам хуврагууд, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийд, Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Үндэсний Төв Архив, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архив, Соёлын Өвийн Төв, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл, ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүс, төслийг санаачлан олон жилийн хичээл зүтгэл, зүрх сэтгэлээ зориулан ажилласан Их Британий иргэн антропологич, судлаач Сю Бөрнд гүн талархлаа илэрхийлж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх бололцоог олгож бидэнтэй өөрсдийн цаг хугацаа, дурсамж мэдлэгээ хуваалцсан ахмад буурлуудадаа онцгой талархал илэрхийлье.
Монголын Урлагийн Зөвлөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!