ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үйл ажиллагаа нь зогссон буудлын эздийн арга улам нарийсч байна шүү цаана чинь

Р.Төгс
2014 оны 12 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлд зөвшөөрөлгүй ажиллаж байсан 102 зочид буудлыг энэ сард холбогдох газрууд нь шалгалт хийж илрүүлээд байгаа. Хамгийн гол нь эдгээр зөвшөөрөлгүй дэн буудлаас ноцтой гэмт хэргүүд олноор гардаг. 

Тэгвэл энэ сард хийсэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын шалгалтад үндэслэн зарим нэг дэн буудлуудын байрыг өөрчилж оффис болгох шийдвэр гарсан байна.

Өөрөөр хэлбэл уг шалгалтын дараа “Саппоро”-гийн араар байрласан хаяа дэрлэх буудлуудын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон юм.

Ямартай ч эл газруудад одоогоор ажилласан нэг ч зочид буудал байхгүй байгаа гэдгийг албаныхан онцлон хэлж байсан юм. 

Зочид буудлуудын зарим нэгийг нь өдөр өнжүүлэх төв болгон өөрчилж байгаа гэнэ.

Тус байрнуудын зориулалтыг өөрчилж, үйлчилгээний төв болгохоор шийдсэн нь нүдээ олсон ажил байлаа гэж хэлэх нь зүйн хэрэг байх.

Харин нэг муу тал нь гэвэл дээрх зочид буудлуудын зарим нэгийг нь өдөр өнжүүлэх төв болгон өөрчилж байгаа гэнэ. “Гэмт хэргийн үүр уурхай болсон муу энергитэй газар хүүхдүүдийг байлгана гэдэг нь зохимжгүй.

Буудал нэртэй амбааруудыг цэгцэлж байгаа ч арай л зохимжгүй газар түмний хүүхдийг байлгахаар болсон нь харамсалтай” байна гэж хэлэх хүн олон байсан юм.

Нээрээ л ямар хүн үр хүүхдээ үхэл хагацал, бузар булай шингэсэн муухай газар байлгахыг хүсэх вэ дээ. Хэдийгээр ийм шийдвэр нь гарсан ч гэлээ “Саппоро”-гийн ойр орчмын оршин суугчид орой үдэш явахад айх аюулгүй боллоо гэж ихэд сэтгэл хангалуун байх юм билээ.

Ямартай ч дэн буудлыг эхнээс нь хумьж эхэллээ. Одоо харин Нийслэлд нууцаар үйл ажиллагаа явуулдаг маш олон амбаар нэртэй хогийн жижиг дэн буудлуудыг цаашид ч цэгцэлж цэвэрлэх хэрэгтэй.

Тухайлбал, нэгдүгээр хороололд байрлалтай жижиг дэн буудлуудын үйл ажиллагаа зогсоход орой үдэш шоу цэнгээнээ дууссан хөлчүү залуус байрны булан тохой бүрт байдаг жижиг буудлыг ангуучлаад эхэлсэн байна.

Мэдээж Чингис, Улаанбаатар, Сүнжингранд гэсэн өндөр зэрэглэлийн зочид буудалд хоногийн хоолоо яая даа гэж байгаа эдгээр залуус буудаллахгүй нь ойлгомжтой. Тиймээс л залуус хамгийн хямд төсөр үнэтэй болсон дэн буудлыг сонгож тус газраа архидан согтуурч хүний аминд хүрээд зогсохгүй бүлэг, бүлгээрээ нийлж охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх гол обьектоо болгож байна.

 Жижиг зочид буудлуудад зэрэглэл тогтоож тусгай шалгуураар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь олгох хэрэгтэй.

Ийм учраас үлдэж байгаа жижиг зочид буудлуудад зэрэглэл тогтоож тусгай шалгуураар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь олгох хэрэгтэй гэж албаны хүмүүс өөрсдөө дуу нэгтэй хэлж байгаа юм. Яг үнэндээ хараа хяналтгүй, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй эдгээр газруудад хамгийн их цугларч, хохирч байгаа хүмүүс нь охид, бүсгүйчүүд байдаг нь хэнд ч нууц биш.

Үйл ажиллагааг нь хумигдаад ирэхээр өмнө буудал ажиллуулж байсан нөхдүүд хотын захын хороололд байрлах буудлуудыг өндөр үнээр түрээслэн авч хуучин ажиллаж байсан биеэ үнэлэгчдтэйгээ гэрээ байгуулан буудалдаа орогнуулж үйлчлүүлэгчээ татдаг болсон тухайг нэгэн биеэ үнэлэгч охин санамсаргүй байдлаар ярьж байсан. 

Тэгэхээр өчнөөн олон жил охид бүсгүйчүүдийг муу зам руу түлхэн оруулж байсан буудлын эзэд нэртэй хогийн шаарууд улам нууц байдалд орж нөгөө л мөнгө олох арга хэрэгсэлээ зохион байгуулалттайгаар үргэлжлүүлж байна.

Тиймээс хууль хүчний байгууллага болон дүүргийн мэргэжлийн хяналтынхан шинэ он гарахаас өмнө дахин нэг дэн буудлаар шалгалт хийгээд үзвэл өөрсдийн нүдээр тэрхүү ертөнцийг харах болно гэдгийг баттай хэлэх байна. 

Энэ бүхний эцэст тусгай зөвшөөрөл олгодог холбогдох албаны хүмүүс нь өгсөн зөвшөөрлөө эргэж нэг харахгүй бол дэн буудал нэртэй амбаар, тагзнууд гэмт хэргийн үүр уурхай болж охид бүсгүйчүүдийг янхан болох, эрчүүдийг нь мансуурагч, элдэв халдварт өвчнийг түгээн дамжуулагч болох замд эргэлт буцалтгүй оруулсаар байгаад дүгнэлт хийх цаг болжээ.

 

Зураг