Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргалтай хосуудын ДОЛООН зуршил

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Урт удаан хамт байгаа хосуудын харилцаа сайхан сэтгэл, өгөөмөр байдал дээр тогтдогийг шинжлэх ухаан олж нээжээ. Тэгвэл нэгэн асуулт урган гарч ирнэ. Үүнийг хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлэх вэ. Юу бидний харилцааг таатай болгох вэ?

Азаар энэ бүхний хариултыг олох “Аз жаргалтай хосуудын долоон зуршил”-ыг Business Insider нэрлэсэн байна.


  • Тэд харилцаа холбоо сайтай

Гэр бүлдээ сэтгэл хангалуун байдаг Тим Грахл эхнэртэйгээ үл ойлголцсон үедээ заавал шийдвэрлэдэг гэжээ. Ингэхдээ тэд бие биенийхээ үзэл бодлыг ойлгох хүртэл сайтар ярилцдаг байна. Мөн тэд “Бид хүүхдүүдийнхээ тухай, цагаа хэрхэн өнгөрүүлж буйгаа, завгүй болгож буй ажлуудынхаа тухай үргэлж ярилцдаг” гэжээ. Мөн ямар нэгэн чухал зүйл дээр шийдвэр гаргахдаа заавал өмнө нь зөвшилцдөг байна.

  • Тэдэнд ганцаараа өнгөрөөх цаг бий

Интернэт хэрэглэгч Маркус Гедалд болон түүний эхнэр хамтдаа амардаг ч гэсэн цаг үргэлж хоорондоо “наалдаж” байх албагүй гэж үздэг байна. Тэд буйдан дээрээ хамтдаа суух боловч өөр өөрийн хүссэн зүйлээ хийдэг ажээ.

“Миний эхнэр буйдан дээрээ суугаад зурагт үзэж байхад би интернэтээр хэсэж байдаг. Харин түүнийг үгийг сүлжээ бөглөж байхад би юм уншиж байдаг” гэжээ. Бие биенээсээ юу ч хүсэхгүйгээр нэг өрөөнд хамт байхдаа ингэж өөр өөр зүйл хийх нь сайхан байдгийг онцолсон байна.

  • Тэд анх эхэлж байсан шигээ тэгш харилцаатай байдаг

Үерхлийн эхэн үед хосууд эрх тэгш харилцаатай байна уу, тухайн харилцаа хөгжилтэй, хүчтэй байна уу гэдгийг анхаарч үзэх нь чухал бөгөөд үүгээр тодорхойлогдож байдаг.

Хэрэв харилцаа чинь эрх тэгш биш буюу хэн нэг нь сул дорой байдалтай байдаг бол энэ хэзээ ч сайхан харилцаа болж чадахгүй.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад  шинэ хосуудын насны зөрүү нь их байх тусам салах магадлал нэмэгддэг гэжээ.

  • Тэд хайртыгаа өөр байхыг дэмждэг

Хоёр хүн хосын харилцаанд орж, хамтдаа байхыг сонгож байгаа үе бол гайхалтай. Гэхдээ нэгэнт өөр хүнийг амьдралдаа оруулж байгаа тохиолдолд цоо шинэ зүйлс хамт ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх нь чухал юм.

Тиймээс хайртай хүнийхээ танаас ялгарах давуу талыг нь дэмж. Битгий нэг хүн шиг болохыг хичээ. Харин үүнийхээ оронд өөр өөрийн онцлог, мөн чанарыг хадгалсан хосууд байгаарай.

  • Тэд тэврэлддэг

Интернет хэрэглэгч Жэн Линн болон түүний нөхөр өдөр бүр 5-30 минутыг бие биетэйгээ тэврэлдэж өнгөрөөдөг гэжээ. Тэд ажлаа тарж ирээд ор юм уу буйдан дээрээ хамтдаа тэврэлдэж өнөөдөр ямар өдөр байсан, орой юу хийхийг хүсэж буйгаа ярьдаг байна.

Мөн тэдний гарт гар утас байхгүй, зурагтаа асаагаагүй зөвхөн бие биедээ л анхаарлаа хандуулж, хайртай хүнээ сонсоход энэхүү цагийг зориулдаг аж.

  • Тэд чухал шийдвэрийг хамтдаа гаргадаг

Дрю Ланза болон түүний эхнэр Жэн нар ямар нэгэн чухал шийдвэрийн өмнө гэртээ “дээд хэмжээний хурал” хийж зөвшилцдөг гэжээ.

Жишээ нь тэдний хүүхдүүд өсөж том болж байгаа энэ цаг үед тэдэнд тулгараад байгаа хэд хэдэн том асуудлыг шийдэхийн тулд ийнхүү асуудлаа ярилцдаг байна.

Мэдээж зуун хувь төгс шийдвэр гэж байхгүй учир эхлээд сайтар ярилцаж байгаад хамтдаа шийдэх нь хамгийн зөв алхам байдаг ажээ.