Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар хэлэлцэж байна
“Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Эрүүл мэндийн яамны сургалтын танхимд эхэлж байна.
Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од, Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтан, лабораторийн 110 эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтаар Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, лабораторийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж сайжруулах талаар санал боловсруулах ажээ.
Хэлэлцэх асуудлууд:
- Эрүүл мэндийн лабораторийн хүний нөөцийн өнөөгийн байдал
- Ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн индексийг олон улсын жишигт ойртуулан шинэчлэх
- Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр, стандарт
- Монгол улс дахь эрүүл мэндийн лабораторийн магадлан итгэмжлэл
- Чанарын гадаад хяналт, үнэлгээний өнөөгийн байдал
- Нянгийн эсрэг эмийн тэсвэржилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
- Лабораторийн оношзүйн салбарын олон улсын ололт, амжилтууд болон өөрийн орны сайн туршлагыг сурталчлах зэрэг өргөн хүрээний асуудал
Зөвлөлдөх уулзалтаас “Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зөвлөмж гаргах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

