ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Анхтуяа: Ясны шөл нь хүүхдийн ядаргааг тайлж, чийрэгжүүлдэг

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн өвчлөл их байна. Дүүргийн эмнэлгүүд ор тасаг нь хүрэлцэхгүй, хүүхдүүдээ хонгилдоо эмчилж эхэлжээ.  Харин зарим эцэг, эхчүүд хүүхдийн дархлаа сайжруулах эм бэлдмэл, ханиад хатгалгаа дарах эм асууж явна.  Иймд бид  уламжлалт эмчилгээний аргаар хүүхдийн ханиадыг хэрхэн эдгээх тухай асууж сонирхов. Энэ тухай  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч Э.Анхтуяатай ярилцлаа.

-Та өөрийгөө болон уламжлалт эмчилгээний тасгаа товчхон танилцуу­лаач?

-Би 2011 онд “Оточ­ман­рамба” дээд сургуу­лийг Анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Баянзүрх” эмнэлэгт ирж ажилласан. Уламжлалт эмчилгээний тасаг нээгдэхээс өмнө дотрын тасагт ажиллаж байлаа.

Манай эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасаг 2012 оны аравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед бид ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн төв хороотой хамтран ажиллаж байсан. Одоо ч өвөрмонгол эмч нартайгаа хамтын ажиллагаатай, харилцан туршлага солилцож, зөвлөгөө тусламж авч ажилладаг.

 Монголчуудын бие, эрхтний тогтолцоо бусад улс, үндэстэнтэй харьцуулахад уламжлалт анагаах ухааны эмчилгээг хүлээж авах чадвар өндөр байдаг. 

Мөн эмч нараа Өвөрмонголд мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамруулах зэрэгт манай эмнэлгийн удирдлагууд их сайн анхаарч ажилладаг. Манай тасаг уламжлалтын таван эмчтэй. ЭМШУИС болон “Ач” анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг их эмч мэргэжлээр төгссөн эмч нар байдаг. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, дадлага туршлагатай эмч нар олон бий.

-Бусад эмнэлэгтэй харьцуулахад танай уламжлалт эмчилгээний эмч нар Өвөрмонгол руу их явж байгаа харагддаг. ӨМӨЗО-д ямар эмнэлэгтэй хамтарч ажилладаг юм бэ?

-Манай эмнэлэг Хөх хотод байрлах ӨМӨЗО-ны Монгол эмнэлгийн Хороотой хамтарч ажилладаг. Энэ эмнэлэг нь улсын зэрэглэлийн анхны монгол уламжлалт эмчилгээгээр гол болгосон, орчин үеийн эмчилгээ судалгаа шинжилгээ, сургалт, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, яаралтай тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн том эмнэлэг байдаг.

Тус эмнэлэг нь эмчилгээ, эмийн найрлага, захиргаа зэрэг 65 салбар нэгжтэй, мянга гаруй ажилтантай.  Өдөрт 1600 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг том эмнэлэг байдаг. Саяхан манай тасгийн Б.Хадбаатар эмч мөнгөн зүүгээр мэргэжил дээшлүүлээд ирсэн. Мөн өнгөрсөн есдүгээр сард  Найдан эмч маань бариа засал, уламжлалт эмчилгээний онол зэрэг сэдвээр мэргэжил дээшлүүлээд ирсэн. Одоо манай тасагт Гүнчинбүрэн, Барсаа гээд хоёр өвөрмонгол эмч оношлогоо, эмчилгээний тал дээр бидэнд заавар зөвлөгөө өгч, хамтран ажилладаг.  

-Одоо танай тасгийн үйл ажиллагаа нэлээд тогтворжсон биз. Анх хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байв. Одоо  үйлчлүүлэгч олонтой байдаг гэж сонссон?

-Анх 17 хүн хэвтүүлэн эмчилж байсан. Одоо 23 ор, тасагтай ажиллаж байна.

Ер нь бол манай монголчуудын бие, эрхтний тогтолцоо бусад улс, үндэстэнтэй харьцуулахад уламжлалт анагаах ухааны эмчилгээг хүлээж авах чадвар өндөр байдаг. Тиймдээ ч манай тасгаар үйлчлүүлж, эмчилгээ хийлгэх гэсэн, хэвтэн эмчлүүлэх гэсэн  иргэдийн тоо жил ирэх тусам өсч байна. Тэр хэрээр бид эмчилгээ, үйлчилгээгээ илүү сайжруулахад анхаарч ажиллаж байна. Ер нь бол хэвтэн эмчлүүлэх хугацаа  7-10 хоног байдаг. Эмчилгээгээ бичүүлээд, биеийн эрүүл мэндээ хянуулаад явдаг олон хүн бий.

-Уламжлалт эмчилгээ гэхээр  манайхан зүү, төөнүүр, бариа, хануур, төдийхнөөр төсөөлдөг. Гэтэл сүүлийн үед энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ  нэлээд боловсронгуй болчихлоо. Танайд гол төлөв ямар өвчтэй хүмүүс хандаж байна вэ. Мөн бусад эмнэлгүүдтэй харьцуулахад шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээ юу байна?

-Үений эмгэг, яс ургалт, нурууны үений  суулт, бөөрний үрэвсэл, даралт ихсэх өвчлөл, харвалтын дараах саа, саажилттай хүмүүс их ханддаг.

Эдгээр өвчлөлийг эмчлэхдээ бид  европ эмчилгээтэй хослуулан эмчилдэг болохоор хүмүүс ам сайтай байдаг. Мөн эмчилгээний үр дүн ч сайн байдаг.  Гол төлөв 20-50 гаруй насныхан их үйлчлүүлдэг. Манай тасагт одоогоор зүү, төөнүүр, бумба, хэсгийн болон бүх биеийн бариа засал зэрэг бүх төрлийн эмчилгээнүүдийг хийж байна. Тухайлбал, бумба л гэхэд дотроо олон янз. Зэс бумба, хулсан бумба, энергийн бумба, шилэн бумба гэх мэтчилэн олон төрөл бий. Мөн мөнгөн зүү эмчилгээ байна. Нурууны өвдөлтийн үед мөнгөн зүү, гал заслын эмчилгээнүүдийг хийдэг.

-Өвлийн сар гараад л хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл ихэсдэг. Энэ нь нэг талаараа манай утаатай холбоотой байх. Нөгөө талаар хүүхдүүдийн дархлаа сул байгаа байх. Тиймээс хүүхдэд тохирсон уламжлалт эмчилгээний аргуудаас сонирхуулаач?

-Манай уламжлалт эмчилгээний  тасагт хүүхдүүд ч эмчлүүлдэг. Жишээ нь, ханиад хүрсэн, хоолой бачуурч боосон үед хуруу ханах, шарлага утлага хийх, уушгин дээр нь лаа тавих зэрэг тухайн хүүхдийн өвчинд тохирсон олон төрлийн эмчилгээнүүдийг хийдэг.

Нурууны өвдөлтийн үед мөнгөн зүү, гал заслын эмчилгээнүүдийг хийдэг.

 Мөн физик эмчилгээний төрөл болох зөгийн балтай татлага, бумба тавих зэрэг бусад эмчилгээнүүдийг ч бас хийж байна. Ер нь уламжлалт эмчилгээнд хүүхдэд хийж, болох болохгүй эмчилгээ гэж айхтар хорьсон зүйл байдаггүй. Насны ангиллаар нь авч үзэх эмчилгээ гэж байдаг. Тухайлбал, хэтэрхий нас өндөр гарсан хүнд  ширүүн бариа заслын  эмчилгээ бас тохирдоггүй, хүнддэнэ гэж үздэг.

Өөрөөр хэлбэл, нас өндөр гарсан,  хий ихтэй хүнд цөс угаах, туулга хийх, зүү тавих зэрэг эмчилгээнүүдийг хийж болдоггүй. Мөн нялхаст зүү эмчилгээ бас төдийлөн тохиромжтой биш. Зайлшгүй зүү тавих шаардлагатай бол хатгаад авах төдийхөнөөр  л эмчилгээг нь тохируулж хийдэг. 

-Ер нь уламжлалт эмчилгээ харшил өгдөггүй, эмийн өвчин үүсгэдэггүй гэх мэт давуу тал олон биз?

-Уламжлалт эмчилгээ нь хүний биед гаж нөлөөгүй, тухайн бие махбод, эд эрхтэнд шууд үйлчилдэг, бие махбодийн хямрал өөрчлөлт, өвчлөлийг эмчлэх, тэгшитгэн засах зэрэг онцлог үйлчилгээтэй. Ялангуяа, гадаа хүйтэрч, ханиад томуу ихсэж байгаа энэ үед цэцэрлэг, сургуулийн багш нар, эцэг эхчүүд ханиадтай хүүхдээ химийн гаралтай эмээр биш гэрийн аргаар эмчилж сурах нь  хүүхдийн эрүүл мэндэд тустай. 

Ер нь том хүн  жилд 3-4 удаа, хүүхэд үүнээс хоёр дахин их ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл байдаг. Тэр болгонд эмээр дараад байвал элэг, цөс ходоод, бөөр зэрэг бүх дотор эрхтэн мууддаг. Тэгээд ч эмэн эмчилгээ нь жирэмсэн, хөхүүл эхчүүд болон хүүхдэд хориотой, сөрөг нөлөөтэй байдаг. Харин гэртээ сонгино, сармис, аарц зэргийг ашиглаад ханиадыг хөнгөхөн эмчилж болно. Энэ нь химийн найрлагатай эмээс дутахгүй үйлчилгээ үзүүлдэг.

-Тэгвэл ханиад томуу хүрсэн үед хүүхдийг гэрийн нөхцөлд, элдэв эмгүйгээр дархлаажуулах ямар арга байна?

-Хүүхдийг зуны цагт сайн чийрэгжүүлж байх хэрэгтэй. Тохирсон цагт гадаа гарга, нар салхинд тоглуулах, наранд биеийг нь шарах, хөл нүцгэн явуулах зэрэг нь өөрөө хүүхдийг дархлаажуулж байдаг.  Хүйтэн сэрүүний улиралд ханиад хүрсэн ч хөнгөн тусдаг. Дүүргүүдийн аль ч эмнэлгийн  хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Энэ нь манай хүүхдүүдийн биеийн дархлаа сул байгаатай холбоотой.

Уламжлалт эмчилгээ нь хүний биед гаж нөлөөгүй, тухайн бие махбод, эд эрхтэнд шууд үйлчилдэг

Манай эмнэлгийн хувьд ч гэсэн хүүхдийн дуудлагыг 24 цагаар хүлээж авдаг.  Өнөөдөр мөн л ор тасаг маань дүүрэн хүнтэй байна. Гадуур ч ханиад томуугийн өвчлөл их байна. Тиймээс эцэг, эхчүүд  хүүхдээ гэрийн нөхцөлд маш сайн чийрэгжүүлж байх хэрэгтэй.

-Ээжүүд дунд ам сайтай байдаг чийрэгжүүлэх аргуудаас хэлж өгөөч. Энгийн аргаар, гарт амархан олдохуйц  зүйлээр дархлаажуулдаг  арга байдаг уу?

-Хүүхдийг чийрэгжүүлэх олон арга бий. Гэхдээ эдгээр аргыг хэрэглэхдээ тодорхой хугацаанд 2-3 хоног гам барих шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал,  хүүхдээ шар сүүнд оруулж болно.  Ингэхдээ  шар сүүгээ 37 хэмийн халуун бүлээн болгоод,  бөгсөөр нь суулгаж биеийг нь шар сүүгээрээ зөөлөн дарж, арчиж өгөх хэрэгтэй.

Мөн хүүхдээ орой унтахад нь хонины чөмөгний яс чанаад, шөлөнд нь оруулах сайн. Энэ нь  хүүхдийн ядаргааг маш их  тайлдаг. Харин энэ өдрүүдэд хүүхдээ гадаа гаргахгүй байвал сайн. Мөн дулаан хувцаслаад унтуулах хэрэгтэй, салхи авахуулж болохгүй. Түүнчлэн зарим ээж хүүхдээ өтгөн хар цайнд оруулдаг. Энэ нь хүүхдийг их борогшуу болгож өгдөг. Мөн хүйтэн сэрүүний улиралд хүүхдийнхээ ууц цээжинд баавгайн тос түрхэх нь ханиад томуунаас сэргийлэхэд сайн нөлөөтэй байдаг.

-Хоол ундаар нь бас сайн тордоно биз. Ханиад томуу элбэгтэй үед юу идүүлж уулгах вэ?

-Ер нь аливаа өвчлөл нь бидний хоол хүнснээс их шалтгаалдаг. Биед тохирохгүй хоол идэх, эсвэл их тостой хоол идэх нь эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлдөг.  Ер нь өвдөж, бие хямрах чинь  уламжлалт аргаас үзэхэд бидний зан үйлээс их шалтгаалдаг. Жишээ нь хүйтэнд дулаан хувцас өмсөхгүй байх, гадаа хүйтэн газар удаан суух зэрэг нь бөөрний өвчлөлийн гол шалтгаан болдог.

 Тиймээс хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн өөрсдийгөө энгийн аргаар тордож байх хэрэгтэй.  Аль ч улиралд,  хүүхдэд олон төрлийн ногоо, жимсийг тогтмол идүүлж байх хэрэгтэй. Энэ нь дархлааны системийг дэмжигч гол зүйлсийн нэг болдог. Жишээ нь,  байцаа, тахианы шөл нь  ханиадтай үед сайн нөлөөтэй. Мөн хоолонд нь  сармис, цагаан гаа, зөгийн бал, лимон, мөөг зэргийг хийж өгөх  нь дархааг сайн дэмжиж өгдөг.

-Зарим эцэг, эхчүүд хүүхдээ өвлийн улиралд гадаа гаргах дургүй байдаг. Хүйтэн сэрүүнд даарахаас гадна утаатай байна гэдэг. Ер нь хүүхдийг гэрт “хориод” байх нь зөв үү?

-Өвлийн улиралд ч гэсэн хүүхдээ агаар салхинд гаргаж байх хэрэгтэй. Хүүхэд агаарт гарснаар уушги цэвэрлэгдэж, цусны эргэлт сайжран, эд эсүүд шинээр төлжиж байдаг. Зуны улирал  өглөө 09-12, 16-18 цагуудад,  өвлийн улиралд 30 минутаар гурван удаа салхинд гаргаж байх  хэрэгтэй. Ялангуяа,  өвлийн  улиралд, утаатай үед амралтын өдрөөр аль болох хотоос гарч, уул өөд алхан дотор хийгээ гаргах нь эрүүл мэндэд сайн шүү дээ.

-Бас нэг зүйлийг сонирхож асууя. Зарим ээжүүд “Норов-7”, “Ман-4” зэрэг эмийн тухай яриад байна. Антиобиотик эмчилгээнд дарагддаггүй, вирусийн гаралтай ханиаданд эдгээр тан илүү сайн нөлөөтэй байна гэх юм. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Манай уламжлалтын тасаг хүүхдэд нэг их тан өгөөд байдаггүй. Бусад заслын аргуудаар эмчлэхийг илүүд үздэг. “Ман-4” гэдэг нь боловсруулах үйлчилгээтэй тан байдаг. Хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн энэ танг ууж болдог. Цайгаа чанахдаа идээнийхээ оронд хийгээд, ууж хэрэглэж болдог .

Эмийн сангуудад жортой, жоргүй олгодог эм гэж байдаг.  “Норов-7”, ”Гурван үрийн тан” зэрэг нь  жоргүй олгодог эмийн жагсаалтад байдаг байх. Эдгээр эмүүдийг ихэвчлэн ханиад томуугийн үед хэрэглэдэг. Гэхдээ зарим хүмүүс энэ эмийн талаар мэдэхгүй ч байж магадгүй. Иймд хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, эмчийн зөвлөгөөгөөр авч хэрэглэх хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.

Зураг