Ногоон модод навчсаа гөвж, усны шувууд нутаг буцаж, сүүлчийн бороо гунигтайхан шивэрсээр намар ирдэг. Зуны амралт, аялал зугаалга дуусдаг болохоор ажил амьдралын өрнүүн улирал гэж нэрлэж болох юм намрыг. Харин энэ үеэр урлагийнхан нойрноосоо сэрж, дуу хөгжим, аялан тоглолтууд үргэлжилдэг. Энэ намар манай уран бүтээлчид ямар гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн тухай сонирхлоо.
“Sweetymotion” хамтлагийн ахлагч Э.ГАНБОЛОР
-Манай хамтлагийн хувьд сайхан зун болж өнгөрлөө. Зүгээр суусан гэж хэлэхгүй. Учир нь бид “Эрхэм сэтгэл” дуугаа дүрсжүүлсэн. Сонсогчдод таалагдаж, бидэнд урмын үг тасралтгүй ирж байгаа. Мөн анх удаа охидын хамтлагийн бүсгүйчүүд нэгдэж, киноны дуу дууллаа.
Энэ мэдээж содон, өөр мэдрэмж байсан. Харин энэ намрыг эрч хүчтэй угтах төлөвлөгөөтэй байна. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Цаг нь болохоор сонсогчид мэдэх биз. Ямар ч байсан “Sweetymotion” хамтлагийнхан фэнүүдээ уйдаахгүй гэдгээ амлая.
Дуучин Т.ДЭЛГЭРМӨРӨН
- Энэ жил уран бүтээлийн олз омог арвин байлаа. “Хийморь” цомог маань бэлэн болсон. Цомогт “Харанга”-ын Чука ах хамтарсан. Дууны эх бичлэгийн тохиргоон дээр “New star” студийнхэн ажилласан. Дуунууд сонсогчдод хүрээд эхэлсэн. Мөн шинэ уран бүтээлээрээ удахгүй сонсогчидтойгоо уулзана. Намар болохоор уран бүтээлчид идэвхиждэг шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй.
Альтернатив дуучин Х.ОТГОНЧИМЭГ
-Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж, ээжийнхээ үүргийг гүйцэтгэлээ. Тайзаа их санасан байна. Уран бүтээл хийгээгүй удсан болохоор шинэ цомгоо гаргахаар шийдээд хөдөлмөрлөсөн. Гурав дахь цомгоо амжилттай гаргасан. Цомог гарсны дараа сонсогчдын дунд хүлээлт үүсчихсэн байж дээ гэж ойлгосон. Харин энэ намар цомгоо мялааж, багахан хэмжээний тоглолт хийх бодол байгаа. Гэхдээ яг хэзээ гэдгээ хараахан шийдэж амжаагүй байна.
Ц.Мишээл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!