Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдүүд эмнэлэгтэй боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг

ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих ажил одоогоос хоёр жилийн өмнө эхэлсэн түүхтэй. Тэгвэл тус эмнэлэг маргааш үүдээ нээхэд бэлэн болжээ.

Эмнэлэг барих санаачилгыг 2012 онд “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Ринбүүчи гаргаж, улмаар хөрөнгө цуглууж эхэлсэн байна.

Тухай  үед гурван давхар эмнэлгийн барилга барина гэж төлөвлөсөн бөгөөд 4.1 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Гэхдээ гурван давхраар төлөвлөсөн эмнэлгийн барилга өнөөдөр зургаан давхар болон сүндэрлээд байна.

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг бүрэн ашиглалтанд орсон хойно дараа Засгийн газарт улсын өмч болгон хүлээлгэн өгөх юм.

Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд  уг эмнэлгийн дэргэд эмч нарын сургалтын танхим, хурлын заал, Манал бурхан байршуулсан сэтгэл заслын танхим бүхий гурван давхар барилгыг мөн барьж дуусгажээ.

Энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг олон түмний өглөг, хандиваар босгосон бөгөөд Тайвань, АНУ, Япон зэрэг олон орны сайхан сэтгэлт хүмүүс тусласан хэмээн Ажиа Ринбүүчи хэлж байна.

Мөн манай улсын томоохон компани, УИХ-ын гишүүд тусалсан гэдгийг ч тэрбээр дурдав.

Гэхдээ Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг 100 хувь ашиглалтад ороход хөрөнгө мөнгө шаардлагатай хэвээр байгаа аж. Анх 4.1 тэрбум төгрөгт багтана гэж тооцсон ч өнөөдрийн ханшаар 6 тэрбум төгрөг шаардлагатай болжээ.

Иймд энэхүү сайн үйлсийн аянд Монгол Улсын томоохон аж ахуй нэгж, компаниудыг идэвхтэй оролцохыг Ажиа Ринбүүчи уриалж байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК : 452565325 /төгрөг/ ДАНСНЫ НЭР: “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ, Ч.Батнайрамдал

ХААН БАНК : 5028569730 /төгрөг/ ДАНСНЫ НЭР: “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ, Ч.Батнайрамдал

ГОЛОМТ БАНК : 1105049505 /доллар/ ДАНСНЫ НЭР: “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ, Ч.Батнайрамдал

Эмнэлэг нийтдээ 4600м2 бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори эмнэлэг байх юм. Эмнэлэг ашиглалтад орсноор,

  • Нярайн эрчимт эмчилгээний 25 ортой тасаг /өрөө бүр дотроо 00, шүршүүртэй/
  • Хэвтэн эмчлүүлэгчдийн 50 тусгай ортой тасаг /өрөө бүр дотроо 00, шүршүүртэй/
  • Гаднаас урилгаар ирэх эмчийн байрлах өрөө /14 эмчийн багтаамжтай/
  • Хөнгөвчлөх эмчилгээний хэсэг
  • Эмчилгээний дараах амрах өрөө
  • Цусны эмгэг, хавдар, зүрхний эмгэгтэй хүүхдүүд болон 3-5 жил хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдэд цогц эмчилгээ хийх зориулалттай тасгууд ажиллаж эхлэх юм.

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг ЭХЭМҮТ-өөс гаргах бөгөөд эхний ээлжийн эмч нарыг БНСУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулаад байгаа тухай ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэллээ.

Тус эмнэлэг эхний ээлжинд ЭХЭМҮТ болоод Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа хүүхдүүдийг хүлээн авах бөгөөд ирэх оноос шинээр хүүхэд хүлээн авч эхлэх юм байна.

Дашрамд дурдахад, ЭХЭМҮТ-д жилд цусны эмгэг, хавдрын өвчтэй 800-900 хүүхэд ханддаг аж. 

ЭХЭМҮТ-ийн дэргэд барьж байгаа Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн орчин тойронд шинээр зам барих, засах ажлыг "Гудамж" төслийнхөн гүйцэтгэж байна.

Зураг
14 | 18 | 19 цаг