Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Харвардын оюутан, зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн гадаад хэл сурах зөвлөгөө бичжээ

ikon.mn
2014 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Харвардын их сургуульд суралцаж байгаа У.Билгүүн АНУ-ын шилдэг сургуулиудад олон Монгол хүн сураасай гэсэндээ нэгэн сонирхолтой блогийг хөтлөн явуулдаг билээ. 

Тэрбээр гадаад хэлийг хэрхэн амжилттай сурах талаар туршлагаасаа блогтоо нийтлэжээ. 

Энэхүү зөвлөмжийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. 


Блогийн маань уншигчдаас Англи хэл хэрхэн сурах талаар асуусан олон мэйл ирсний дагуу Англи болон бас бусад гадаад хэл сурсан өөрийн туршлагаа хуваалцан энэхүү туршлага дээрээ үндэслэн гадаад хэл сурах зөвлөмжүүд нэгтгэж нийтэлье гэж бодлоо.

Гадны шилдэг сургуулиудад сурах мэдлэг чадвартай, толгойтой мөртлөө ганц хэлний бэрхшээлээс л болж гадаадад сурах мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа залуустай уулзахад харамсалтай санагдаж уулзаж холбогдсонд нь зав зайгаараа зөвлөгөө өгч байв. Энэхүү нийтлэлээрээ дамжуулан илүү олон хүнд хэл сурахад нь тус болъё гэж зорилоо. Нийтлэл маань Англи бас бусад гадаад хэлний мэдлэг улам чухал болж буй өнөө үед зөвхөн гадаадад сурах гэсэн залууст төдийгүй аливаа хэл сурах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус болно байх аа.

Миний хувьд энд нэгтгэсэн арга барилуудыг ашиглаж нийт зургаан хэл сураад авсан. 

Америк явахаасаа өмнө Англиар ярьдаг оронд амьдарч байгаагүй ч хэлний олимпиадуудад гадны оронд амьдарч байсан хүүхдүүдээс дээгүүр жагсаж, SAT, TOEFL зэрэг шалгалтууд дээр өндөр оноо авч байлаа. Орос, Франц, Хятад хэл үзэж байхад бас багш нар их хурдан ахиц гаргаж байгаад магтаж "хэлний авьяастай" гэх мэтээр хэлдэг байв. Хэл их түргэн амархан сураад байгаа мэт харагдсаных тэр байх л даа. Үнэн хэрэгтээ ийн ахиц гаргахад минь хэлний авьяас гэхээсээ илүүтэй их хөдөлмөр, зөв арга барил тус болсон гэж би боддог. Зөвлөмжүүдийг маань дагаж TOEFL, IELTS, SAT дээрээ оноогоо ихээхэн ахиулсан, Англиар ном сонин уншдаг болсон олон хүмүүсийн жишээ энэхүү нийтлэл дэхь зөвлөмжүүдийг туршаад үзэх итгэл, урам зориг уншигч танд өгнө гэж найдаж байна.

1. Сонирхлоороо дамжуулж хэл сур


Хэл сурч буй ихэнх хүмүүс хэл сурч буйгаа хийх ёстой ажил, даалгавар, бүр дарамт мэтээр үзэх нь элбэг юм шиг санагдаад байдаг юм. Хэл сурахыг Англи хэлний гэрийн даалгавраа дургүйхэн гялс хийж дуусгах, сургалт дамжаанд хүчлэн байж очиж суухтай адилтгаж ойлгодог бол тийм байхаас ч аргагүй байх л даа. 

Үнэндээ бол хэлний сургалтаа хичээл сургалтанд зааж буй материал, даалгавраар хязгаарлалгүй, өөрийн сонирхолтой зүйлсээрээ баяжуулвал хэл сурах нь огтхон ч уйтгартай, дарамттай зүйл байхаа болиод зогсохгүй, харин ч чөлөөт цагаараа дуртайяа хийдэг "хобби" тань болох боломжтой юм. Ингэснээр хэл сурах нь дарамтгүй санагдахаас гадна, өөрт тань сонирхолтой учраас хэл сурахад өөрийн мэдэлгүй л дуртайяа олон цаг зардаг болно.

Миний хувьд янз бүрийн хэл сурсан туршлагаа эргэн харвал бараг тэр чигээрээ л өөрийн сонирхлоороо дамжуулж хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна билээ. 11 настайдаа дөнгөж Англи хэл сурч эхэлж байхад Харри Поттерийн тавдугаар боть номны орчуулга хэвлэгдэн гарахыг хүлээж тэсэлгүй Англи хэл тааруу мөртлөө Англиар нь шууд уншиж байв. Номыг нь хагас дутуу ойлгож байсан ч Харри Поттерийн улаан фен тул 700-аад хуудас номыг дахин дахин шимтэн уншиж байлаа.​ Тэр үед Англи хэлний хичээл дээр Англиар 700 хуудас текст таван удаа унш гэж өгсөн бол ягшдээ гээл сууна биз дээ. Харри Поттерийн номнуудаа уншиж дуусгаснаас хойш өөрт сонирхолтой Англи номнууд олж уншсаны бүх хуудсыг нэмбэл олон мянга болно байх. 

Зөвлөмжүүдийг маань дагаж TOEFL, IELTS, SAT дээрээ оноогоо ихээхэн ахиулсан, Англиар ном сонин уншдаг болсон олон хүний жишээ зөвлөмжүүдийг туршаад үзэх итгэл, урам зориг уншигч танд өгнө гэж найдаж байна.

Үүнээс гадна өөрийн сонирхлын дагуу Сансар кабелийн баримтат киноны сувгаар David Attenborough-ын комментаритай баримтат кино хадмал бичигтэй нь хичээлээсээ тарж ирээд өдөр бүр үзэж, Монгол хүүхдүүдэд уншуулна гэж Харри Поттерийн олон зуун хуудаснаас орчуулж байв. Бас анх интернэт кафе дараа нь гэртээ dial up интернэт тавиулсан үеэсээ эхлэн нэтээр сонирхсон есөн шидийн сэдвээрээ юм уншиж, Англи форумууд дээр алдаатай Англи хэлээр баахан юм бичиж, өөрөө ч веб сайтууд хийж сураад нээж байлаа. 

Ингээд бодохоор зөвхөн Англи хэлний өдрийн нэг цагийн хичээл, даалгавраар дамжуулж Англи хэл үзэж байсан ангийнхаа хүүхдүүдээс Англи хэлэндээ илүү байх нь аргагүй байжээ. Хэлээ өөрт сонирхолтой байдлаар үзэж байсан болохоор тэрийгээ ажил гэж бодож төвөгшөөлгүйгээр олон зуун цаг хэлний дасгал хийсэн байна. Анх тавдугаар ангид Англи хэлний олимпиадад орж түрүүлж байхад бол бүр олон мянган цагийн Англи хэлний дасгал өөрийн сонирхлоо хөөнгөө хийчихсэн байж. Хожим нь Франц, Хятад хэл анх үзэж байхдаа мөн адил бас сайн ойлгохгүй ч, тухайн хэлээр нь өөрт сонирхолтой ном сэтгүүл олж унших, Франц Хятад вэб сайтуудаар хэсдэг байсан юм.

Ер нь ажиглахад гадаадад амьдралгүйгээр хэл сайн сурсан хүмүүсийн туршлагыг харвал, сурч буй хэлээ хичээл сургалтаас гадуур нэмж өөрийн сонирхлоор сурснууд нь их амжилттай байна. Хэл сурахыг зөвхөн хичээлээр төсөөлөлгүй Англи вэб сайт, ном сэтгүүл унших (reading дасгал), найзуудтайгаа Англиар мэссэж бичилцэх, онлайн форумууд дээр бичих (writing дасгал), Англиар кино үзэх (listening дасгал), дуу дагаж дуулахыг ч (listening, speaking дасгал) хэлний дасгалаа болговол хэл хавигүй амархан сурах боломжтой. Ялангуяа интернэт дээр хайсан бүхэн байдаг болсон одоо цагт Англиар сонирхол татсан ном сонин, вэб сайт, форум олдох нь дамжиггүй.

2. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл
Сонирхол татаад уншиж чадаж байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай боловч өөрт хэт хүндэдсэн юм унших гэж оролдвол уйдаж нойр хүрэх, шантрах нь элбэг. Миний хувьд хэл дөнгөж сурч эхлэхдээ хялбаршуулсан зохиолууд авч их уншдаг юм.

Эдгээр зохиолуудын үг хэллэгийг хэл сурч буй хүмүүст зориулан хялбаршуулсан байдаг бөгөөд номнуудаа амархнаас хүнд гэж ангилсан байдаг. Аажмаар унших номоо хүндрүүлсээр хялбаршуулаагүй ном унших хэмжээнд хүрч болно. Хялбаршуулаагүй ном уншиж эхэлсэн хойноо бас аль болох сонирхолтой, үг хэллэг хэцүү биш ном унших хэрэгтэй. Анхнаасаа төдий сонирхолтой биш, хэцүү зохиол унших гэж оролдоод ном унших дургүй, ном уншихыг уйтгартай гэж боддог болсон хүмүүс олон. Үнэндээ хүн болгонд үзэх дуртай кино гэж байдаг шиг хүн бүрт л уншвал сонирхох ном байдаг юм. Энэ нийтлэлийн дор жишээ болгон амархнаас хүндээр нь ангилж хэдэн ном жагсаалаа.

3. "Go the extra mile"

Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч  гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.

Толь бичиг хэрэглэхдээ чадаж байвал Англи-Англи толь бичиг хэрэглэх, юм уншиж байхдаа мэдэхгүй үгсээ словардах, ойлгохгүй байгаа дүрмүүдээ тодруулж судлаад бүрэн ойлгож хэрэглэж чаддаг болтлоо хэсэг дасгал хийх гэх мэтээр боломж бүрийд "extra mile" явахын чинээгээр хэлээ амжилттай, түргэн сурах нь гарцаагүй.

Хэл сурахад тань амжилт хүсье!

Унших номны жишээ жагсаалт (амархнаас эхэлж жагсаав):

Level 1 (Анхан шат)
Хялбаршуулсан ном зохиолууд. (Graded readers) Энд дарж татаж авч болно.

Level 2
The Tale of Desperaux, Kate DiCamillo
The Little Prince, Antoine de Saint Exupery
The Miraculous Journey of Edward Tulane, Kate DiCamillo
Because of Winn-Dixie, Kate DiCamillo
Holes, Louis Sachar
The Magician’s Elephant, Kate DiCamillo
The Giver, Lois Lowry
The Tiger Rising, Kate DiCamillo
Number the Stars, Lois Lowry 

Level 3
The Alchemist, Paolo Coelho
Tuesdays with Morrie, Mitch Albom
Charlotte’s Web, E.B.White
The Five People You Meet in Heaven, Mitch Albom

Level 4
Hunger Games, Suzanne Collins
Catching Fire, Suzanne Collins
Mockingjay, Suzanne Collins
Harry Potter 1-7


У.Билгүүний сонирхолтой блогоор аялахыг хүсвэл ЭНД дарна уу.