Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЯПОН ба ОРОС, ХЯТАД

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр, 2013.3.30

Ерөнхийлөгч энэ сарын 20-24-ний хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийх билээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ирэх сард болох Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулан хүрэлцэн ирэхийг уриад байгаа. 

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар  ОХУ-тай байгуулах "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцсэн байна. 

Оросын талтай хэлэлцээ хийж санал солилцон, Засгийн газрын хуралдаанд дахин оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан талаар ЗГ-ын хэвлэлийн мэдээнд дурджээ. 

Энэ хөтөлбөрөөр Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын таван жилийн тодорхой, ойлгомжтой, төлөвлөгөөг тодорхойлох ач холбогдолтой. Үүнээс гадна улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах,  хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг иж бүрнээр тусгасан хөтөлбөр ажээ. 

Шанхай хотноо болсон Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр, 2014.05.20

Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Шанхай хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тавдугаар сарын 23-ны өдөр Санкт-Петербург хотноо Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ хөтөлбөр байгуулах санал тавьж, Оросын тал нааштай хүлээн авсан байдаг. Тэгэхээр Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний урилгыг Ерөнхийлөгч В.Путин хүлээн авах тохиолдолд тэрбээр манай улсад хүрэлцэн ирэх үеэрээ "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-т гарын үсэг зурах магадлалтай болж байна. 

Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл хангахаар холбогдох яам, байгууллагуудад үүрэг өгч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголын хэсгийн дарга Н.Батбаярт хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ.

Шанхай хотноо болсон Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр, 2014.05.19

Дээрх мэдээллүүдээс харахад Монгол улс хоёр хөрш оронтойгоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал хөтөлбөр, арга хэмжээнүүдийг ирэх сард төлөвлөөд байна. 

Монголын талын хүслээр Орос, Хятадын удирдагч нарыг хамтад нь эх орондоо байлцуулж стратегийн чухал хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж буй. 

Өнгөрсөн тавдугаар сард Шанхайд болсон уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төмөр замын хамтын ажиллагааны асуудал, ялангуяа  Монголоор дамжин өнгөрч буй төмөр замын тээврийг  өсөн нэмэгдэж буй Орос, Хятадын худалдааны дамжин өнгөрөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналаа хэдийнээ дэвшүүлээд байгаа. 

Хятад, Оростой хийх чухал хамтын ажиллагаанаас урьтаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсыг зорих гэж байгаа нь учиртай. 

Манай гурав дахь хөрш буюу Япон улс. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд  Шинзо Абэ нар өнгөрсөн есдүгээр сард албан ёсны хэлэлцээ хийж, Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрөө үзэглэсэн. 

Хэдийгээр Монголчууд Оростой нийлэн Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа ч энэ зуур Японыг мартаж болохгүй билээ. 

Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны бизнес эрхлэгчдийн форумд оролцоно гэхээсээ гадаад харилцааны чухал зорилготой байхыг үгүйсгэхгүй.

Япон улс манайд хандив тусламж үзүүлсэн хэмжээгээрээ тэргүүлдэг. Тодруулбал, Япон улс манайд гадаад улс орнуудаас олгосон нийт зээл тусламжийн 50 хувийг, олон улсын байгууллагуудыг эс тооцвол 70 хувийг дангаараа олгож иржээ. 

2013 оныг оруулахгүйгээр 1991 оноос хойш Япон улс нийтдээ 93.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлттэй зээл, 37,5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлээд байгаа бөгөөд энэ нь 3.6 тэрбум ам.доллартай тэнцэж байна. 

Япон улсын олгосон зээл, тусламжийг графикаар харвал,

Ерөнхийлөгч ийнхүү Япон орныг зорьсон нь учиртай. 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улс Халх голын ялалтын 75 жилийн ойтой холбогдуулан Япон улстай зарим нэг өрийн асуудлыг тэглэх асуудал яригдах магадлалтай гэсэн мэдээлэл ч байгаа билээ. 

Монгол улс “гурван” хөрштэй. ЯПОН ба ХЯТАД, ОРОС.