Их дээд, сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалт маргааш буюу БЯМБА гарагт орон даяар эхлэх гэж байна.
Иймээс шалгалтын талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхтуяагаас тодрууллаа.
-Хэдэн хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна вэ?
- Энэ жил ЕБС төгссөн 32439, урьд өмнөх жилүүдийн төгсөгч 5839, нийт 38332 хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна.
-Энэ жилээс хүн бүр заавал Монгол хэл бичгийн шалгалт өгдөг болж байгаа гэсэн?
-Тийм ээ. Монгол хэл бичгийн шалгалтаар ЭЕШ эхэлнэ. Монгол хэл бичгийн шалгалтаа өгсөн хүүхэд бүртгэлийн хуудас дээрээ тусгай тэмдэгт наалгаж дараа дараагийн шалгалтууддаа орох эрхээ олж авах юм.
- Өмнөх жилүүдийн шалгалтын явцаас өөрчлөгдсөн зүйл байгаа юу?
-Өнгөрсөн жилүүдэд шар хуудас буюу суудлын хуваарийг тараадаг байсан. Харин энэ жилээс шар хуудас тараахаа байж хүүхдүүд өөрсдөө манай http://www.eec.mn/ сайтаар орж шалгуулагчийн буланг сонгож ороод бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хувиараа хэвлэн авах юм.
-Шалгалтын хариу хэзээ гарах вэ?
-Долоодугаар сарын нэгний өглөө 09:00 цагт ЭЕШ-ын дүн манай сайт дээр тавигдана.
ЭЕШ-ын хуваарь:
| Сар/өдөр | Цаг | Хичээл |
|---|---|---|
| 06 дугаар сарын 14 | 12:00-13:40 | Монгол хэл бичиг |
| 06 дугаар сарын 16 | 10:00-11:20 | Орос хэл |
| 13:00-14:40 | Хими | |
| 16:00-17:20 | Англи хэл | |
| 06 дугаар сарын 17 | 08:30-09:50 | Монгол Улсын түүх |
| 11:30-13:10 | Математик | |
| 14:30-15:50 | Биологи | |
| 17:00-18:20 | Монгол хэл | |
| 06 дугаар сарын 19 | 08:00-09:40 | Физик |
| 11:30-12:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
| 14:20-15:40 | Газарзүй |
Шалгалтын үеэр анхаарах зүйлс
- Шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө очих
Шалгалтад ирэхдээ авч ирэх бичиг баримтууд:
• Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэхүйц бичиг баримт
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
• Бүртгэлийн хуудас
• Суудлын хуваарь
Шалгалтын үргэлжлэх хугацаа:
- Заавал өгөх монгол хэл бичиг, математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалт 100 минут үргэлжлэх бол монгол хэл, англи хэл, орос хэл, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газарзүй, биологийн хичээлүүдийн шалгалтын 80 минут үргэлжилнэ. Тиймээс цагаа зөв тооцох нь чухал.
- Хариултын хуудсыг хар, хөх өнгийн үзгэн болон тосон балаар бөглөнө.зөвхөн хариултын хуудсан дээр бөглөсөн байдлаар шалгалтын үнэлгээг өгөх учир нямбай ажиллаарай.
- Шалгалтын анги танхимд, цүнх, гар утас, тооны машин, томьёоны хураангуй, таблиц, ном дэвтэр, ноорог цаас зэргийг авч орохыг хориглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!