ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хишигжаргал: Үүдэл эсийн эмчилгээгээр олон төрлийн өвчнийг анагаах боломжтой

Б.Туул
2014 оны 6 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн туслах профессор Б.Хишигжаргал

Гадаадын өндөр хөгжилтэй оронд, өндөр үнэ өртөгтэй хийгддэг ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд анх удаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн эмч нар хийсэн.

Ингэхдээ мэс заслын бус “Hi technology”-ийн аргыг эмчилгээнд нэвтрүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. Тиймээс энэ удаагийнхаа дугаарын зочноор УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн туслах профессор Б.Хишигжаргалыг урьсан юм.

-Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг манай улсад анх удаа мэсийн бус аргаар хийсэн. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг Хэнтий аймгийн харъяат 51 настай иргэнд хийсэн. Энэ өвчтөн өнгөрсөн жил бидэнд хандсан юм. Үүнээс өмнө Тайландын “Бумрунгранд” эмнэлэгт оношлуулсан боловч эмчилгээний зардлаас болж Монголдоо эргэж ирсэн юм билээ. Тэр үед манай төсөл хэрэгжиж эхлээд өвчтөнөө сонгож байсан юм. Шинжилгээний хариуг үзэхэд насны хувьд ч, өвчний хувьд ч манай шалгуурт тэнцэж, өвчтнийг бэлдэж эхэлсэн. Тухайн хүн цусны миелом гэдэг хавдартай.

Хавдар нь “IIIA” зэрэг буюу хүнд шатандаа орсон байсан. Ингээд цусны хавдрын өмнөх химийн эмчилгээ, үүний дараагийн хүндрэлийг эмчлэх эмчилгээ зэргийг эндээ хийж дуусгаад Солонгос руу явуулсан. Үүний шалтгаан нь цусны үүдэл эсийг өвчтний биеэс ялгаж авахын тулд эхлээд тухайн хүний биеэс өвчнийг бүрэн зайлуулж, улмаар цонх үед тааруулж үүдэл эсийг ялгаж авах ёстой байдаг. Гэтэл тэр цонх үедээ орсон үгүйг шинжилдэг л абораторийн төхөөрөмж нь манайд хараахан ирээгүй байсан учраас хамтарч ажилладаг Солонгосын эмнэлэг рүүгээ явуулсан. Тэндээс цонх үе нь таарсан байна. Эмчилгээгээ эхлүүлж болно гэдэг хариу ирсэн учраас хүртэл эндээ эмчилсэн.

-Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг мэс заслын аргаар хийдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин энэ удаа мэс заслын бус аргаар хийсэн гэхээр сонирхолтой санагдаад байна. Та энэ тухай дэлгэрэнгүй талбарлаад өгөөч?

-Ясны чөмгөнд байдаг цусны үүдэл эсэд цусны бүх төрлийн эс үүсдэг. Энэ утгаараа хамгийн чухал эрхтэний нэг. Ясны чөмөг шилжүүлэх гэдэг нь тэр чөмгөнд байгаа цусны үүдэл эсийг ялган авч өвчтөнд шилжүүлэн суулгахыг хэлж байгаа юм. Ингэхийн тулд химийн эмчилгээгээр эхлээд өвчнийг тодорхой хугацаанд бүрэн эдгээдэг. Энэ үед аь тааруулж, чөмгөө шилжүүлэн суулгах ёстой. Энэ үед амжихгүй бол өвчин дахиж сэдэрдэг. Яагаад гэхээр химийн эмчилгээ бол бүрэн, төгс эмчилгээ биш. Тиймээс энэ цонх үеийг тааруулж, үүдэл эсийг ялгаж авах ёстой.

Үүдэл эс нь ясны чөмгөнд байдаг гэж түрүүнд хэлсэн. Ясны чөмөг суулгах, үүдэл эс шилжүүлж суулгах эмчилгээ гэж янз бүрээр хэлдэг ч энэ нь нэг нэр томъёо гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй байгаа цусны үүдэл эсийг ясны чөмөгнөөс авч болдог. Эсвэл захын цус болон хүйн цуснаас авах гэсэн гурван эх сурвалж бий. Ясны чөмөгнөөс авахын тулд өмнө нь мэс ажилбарт хийдэг байсан.

Сүүж яснаас ойролцоогоор 1.5 литр цус авч, түүнийгээ шүүж өнөөх үүдэл эсийг ялгаж авдаг. Гэтэл орчин үед үүдэл эсийг ясны чөмөгнөөс хөөж, захын цус руугаа гаргаж авах боломжтой болсон. Ингэж захын цус руу гаргасан үүдэл эсийг аферезын аппаратаар шүүж авдаг юм. Ингэхээр заавал хагалгаанд орох шаардлагагүй гэсэн үг.

-Үүдэл эсийг шүүж аваад эргээд өвчтөнд хийснээр тухайн хүний өвчин эдгэрдэг гэсэн. Тэгэхээр онош нь тогтоогдохгүй байгаа хүмүүс танай эмнэлэгт хандаж, энэ төрлийн эмчилгээг хийлгэ^ боломжтой юу?

-Одоогоор бид цусны үүдэл эсийг шилжүүлж авч байна. Үүнээс гадна холбогч эдийн үүдэл эс, мезенхимийн гээд олон төрлийн үүдэл эс бий. Дэлхийн анагаах ухаанд үүдэл эсийн эмчилгээ ямар төвшинд хөгжсөн бэ гэхээр үүдэл эсийг лабораторийн төвшинд сонгомлоор ургуулж, улмаар тархи, уушги, бөөр, элэг зэрэг бүх эрхтнийг үүдэл эсээс гаргаж авах хэмжээнд хүрч байна.

Маш олон оронд энэ төрлийн ихэвчлэн үүдэл эсээс янз бүрийн эрхтэн эсвэл эсүүд гаргаж авсан нээлтүүд байх жишээтэй. Энэ технологи цаг хугацааны эргэлтэд улам сайжирна. Ингэхээр хүнийг бараг шинээр “ бүтээх ” хэмжээнд хүрэх юм. Эрхтэн шилжүүлэхийн тулд донор шаардлагатай болдог. Ингэхээр тохирох, тохирохгүй гээд олон асуудал үүсдэг. Харин өөрийнх нь эсийг ургуулах учир ямар ч асуудал тулгарахгүй гэсэн үг. Гэхдээ иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бидний хийсэн энэ эмчилгээ бол зөвхөн цусны үүдэл эсийг ялган авч, дахин суулгаад өвчнийг нь эмчилсэн юм.

-Ясны чөмөг суулгах эмчилгээг ямар оноштой хүнд хийдэг юм бэ?

-Заалтын хувьд нэгдүгээрт цусны бүх төрлийн хавдар, хоёрдугаарт дархлааны бүх төрлийн эмгэгүүд мөн зарим эрхтний хавдар болон бодисын солилцооны эмгэгүүд гэхчлэн олон өвчний үед ясны чөмөг шилжүүлэн суулгадаг.

-Ингэж үүдэл эс ялгахад эмчилгээний дараах хүндрэл хэр гардаг вэ?

-Маш их хүндрэл гарна. Яагаад гэвэл, үүдэл эс шилжүүлэн суулгахын өмнө өндөр тунгийн химийн болон туяа эмчилгээгээр тухайн өвчтний ясны чөмгийг бүрэн хоосолж, хаднаас донор эс хүлээж авах боломжтой болгодог. Эсгүй болохоор тухайн өвчтөний дархлаа их суларч, халдвар авах магадлал ихэсдэг. Суулгасан эс маань яг өөрийн болж, өсч үржээд ажиллаж эхлэх хүртэл цаг хугацаа их шаарддаг. Тиймээс өвчтнийг маш ариун ваакум орчинд эмчлэх шаардлагатай

-Манай улс ач бохирдол, тоосжилт ихтэй. Хэдийгээр ваакум орчны эмчилгээ хийлгээд гарсан ч ахуйн нөхцөлөөс халдвар авах магадлал өндөр. Энэ тохиолдолд яаж эмчилгээний гам барих вэ?

-Энэ их зөв асуулт байна. Өвчтөн эмнэлгээс гарахаас хоёр долоо хоногийн өмнөөс эхлэж ар гэрийнхэнийг нь сургалтад хамруулсан. Өвчтөн энд маш цэвэрхэн ваакум орчинд байж байгаад гэртээ харихаар бүх зүйл бохир санагддаг, Тиймээс орны матрасыг хэрхэн цэвэрлэхээс эхлээд өдөрт хэдэн удаа чийгтэй цэвэрлэгээ хийх болон хоол ундыг хэрхэн бэлдэх гээд маш нарийн зааварчилгаа өгсөн.

Яагаад ингэж байна гэхээр тухайн өвчтний бүх эсүүд шинээр үүсэхээр дахин төрсөнтэй адилхан болдог. Нярай хүүхэд ямар дархлаатай, эмзэг байдаг билээ. Яг тийм төвшинд хүрдэг. Тиймээс одоогоор өвчтний маань дархлаа хангалттай хэмжээнд биш байгаа. Энэ утгаараа гэр бүлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Гадуур гаргахгүй, долоо хоног бүр хяналт шинжилгээ өгөх ёстой.

-Манайхан биеэ тордох гээд элдэв янзын эм их уудаг, дусал их хийлгэдэг. Үүдэл эсийн эмчилгээнд орсныхоо дараа дархлаагаа яаж дэмжих ёстой вэ?

-Дахин суулгасан цусны үүдэл эсээс дархлааны эс үүсдэг. Дархлаа дэмжинэ гэж янз бүрийн эм тариа хэрэглэж oгт болохгүй. Харин ч эргээд өвчнөө сэдрээх эрсдэлтэй. Тиймээс эмчийн зааварыг ягштал баримтлах нь зүйтэй. Донороос авсан эс хоорондоо тохирохгүй бол дархлаа дарангуйлах эмийг тодорхой хугацаанд уудаг.

Харин энэ тохиолдол шиг өөрийнх нь эсийг суулгавал ямар ч эм, тариа хэрэглэхгүй. Зөвхөн халдвараас л сэргийлэх ёстой.

-Ер нь энэ чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болох магадлал хэр өндбр байдаг вэ?

-Амжилттай болох магадлал 60-80 хувь гэж үздэг. Саяны өвчтний хувьд чөмөг суулгахгүй бол өвчин 100 хувь сэдэрч, хүндрэх байсан.

-Манайд энэ эмчилгээг дөнгөж эхэлж хийж байна. Гадаадын олон оронд эртнээс хийж эхэлсэн эмчилгээ биз дээ. Ер нь дэлхийн анагаах ухаанд хэзээнээс нэвтэрсэн юм бол?

-Анх 1960-аад оноос АНУ-д нэвтэрсэн. Нэвтрүүлсэн эрдэмтэн нь Нобелийн шагнал хүртсэн байдаг. Манайд л анх удаа хэрэглэж байгаа болохоос биш дэлхийн олон орны анагаах ухаанд бараг ердийн хэрэглээнд тооцогддог болсон. Европын ихэнх улс, Азийн 15 оронд энэ төрлийн эмчилгээг хийдэг.

-Та хүйн цуснаас үүдэл эсийг ялгаж авбал хэдэн жилийн дараа хүүхэд нь өвдвөл эргээд энэ үүдэл эсийг эмчлэх боломжтой гэж хэлж байсан. Танай лабораторийн хүчин чадал ингэж хүйн цуснаас үүдэл эсийг ялгаж.авах боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Хүйн цусанд үүдэл эс маш их хэмжээгээр агуулагддаг. Гэтэл үүнийг манайхан шууд хаядаг. Гэтэл гаднын улсад хүйн цусанд хамгийн өндөр концентрацтай байдаг үүдэл эсийг ялгаж аваад хөлдөөж, хадгалдаг.

Үүнийгээ хэдэн жилийн дараа ч хамаагүй тухайн хүнд ашиглах шаардлага гарвал эмчилгээнд ашигладаг. Гаднын улсад энэ чиглэлээр дагнан ажилладаг компаниуд бий. Үүнийг хүйн цусны банк буюу “Cord blood bank” гэдэг. Мөн сайн дурын донороос‘ эд нийцлийн тохирооны бүрдлийг шинжилж, тусгай программд хадгалдаг.

Улмаар дэлхийн ижил төстэй төвүүдтэй холбогдсноор эд нийцлийн тохироо тохирсон хүнд ашиглах боломжтой. Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр Дулмаа өвдлөө гэхэд монголоос донор олдохгүй бол “дэлхийн хайлт” хийдэг компанид хандаж, хайлт хийлгэж болно. Тэгэхээр Канадын Жоржын үүдэл эс тохирвол өнөөх үүдэл эсийг авчирч цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах бүрэн боломжтой.

-Үүний тосов мөнгийг шийдэх талаар яригдаж байгаа болов уу?

-Манай эмнэлгийн шинэ барилга баригдаж байгаа. Тэнд ваакум орчин бүхий хоёр өрөө авахаар болсон.

-Магадгүй энэ ярилцлагыг уншаад хүйн цуснаасаа үүдэл эсээ ялгуулж, хадгалуулъя гэдэг хүсэлтийг хэн нэгэн тавьбал хүлээж авах уу?

-Өнөөдрийн хувьд яг тийм боломж алга. Бид дөнгөж анхны эмчилгээгээ хийлээ. Яваандаа эс хадгалах банктай болох төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн эс хадгалах өрөө маань банк байгуулах хэмжээнд биш байгаа. Тэгэхээр хүссэн хүн болгоны эсийг хадгалах боломжгүй. Тиймээс банктай болох шаардлагатай. Дагаад лабораторийн хүчин чадлаа сайжруулах шаардлагатай.

-Танай багийн эмч нарыг гадны өндөр хөгжилтэй улсад бэлтгэсэн гэж сонссон. Та хаана мэргэжил дээшлүүлсэн бэ?

-Манай эмнэлэг Солонгосын Католикийн их сургуулийн "Гэгээн Мария” эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Энэ эмнэлэг бол чөмөг шилжүүлэн суулгах, цусны өвчлөлийн эмчилгээгээр дэлхийд эхний тавд, Азид нэгдүгээрт ордог. Би тэнд гурван удаа сургалтад хамрагдаж, эмч нартай хагалгаанд орж байсан.

Зураг