Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн баяраар цагдаагийн нэмэлт постууд гаргаж ажиллана

Ж.Отгонмягмар
2014 оны 5 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Хүүхдийн баяраар цагдаагийн газраас пост гаргана

Энэ амралтын өдрүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа. Тус өдөр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын олон нийтийн мэдээллийн хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Хүүхдийн баярын өдрөөр цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллах бол. Энэ талаар тодруулаач?

-Цагдаагийн байгууллагаас нийтээр тэмдэглэдэг баяр ёслолын үеэр эргүүл болон хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж ажилладаг. 

Энэ хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдөр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажил­лах болно. Өөрөөр хэлбэл, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд өөрийн газар нутаг дээрээ хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын хамгаалах чиглэлээр эргүүл, шалгалтыг эрчимжүүлж ажиллах юм. 

-Эргүүлийг ихэвчлэн хаа­гуур гаргах вэ. Энэ өдрүүдэд хүүхдүүд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол их гардаг?

-Гол төлөв Чингисийн талбай буюу төв талбай мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн дээр бага насны хүүхдээ хараа хяналт авч явснаас болж хүүхдүүд төөрөх явдал маш их гардаг. Тиймээс үүнтэй холбоотойгоор тухайн газруудад цагдаагийн постууд ажиллаж, эцэг, эх, асран халамжлагчаасаа төөрсөн хүүхдүүдийг олох, тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. 

-Олон нийтийн баярын өдрүүдэд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг гардаг вэ?

-Ер нь иргэддээ анхааруулж хэлэхэд нийтээр тэмдэглэдэг баяр ёслолын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа бол үзвэр үйлчилгээний газарт очихдоо анхааралтай байх хэрэгтэй. 

Учир нь иргэд тээврийн хэрэгсэл дотроо том оврын буюу хүний нүдэнд тусах гар утас, цүнхээ орхиж бууснаас хулгайд өртөх тохиолдол гардаг. Хүүхдийн баяраар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд ажиллахгүй. Тиймээс энэхүү журмыг бизнес эрхлэгчид мөрдөж ажиллах хэрэгтэй. 

Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага мэргэжлийн бай­гууллагуудтай хамтран тө­лөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийж хуу­лийн хэрэгжилтийг сахиулна. Хэ­рэв ямар нэгэн байдлаар тус өдөр архи согтууруулах ундаа зарж борлуулах буюу түүгээр үйлчилж байгаа аж ахуйн нэгж байвал иргэд цаг­даа­гийн байгууллагад яарал­тай мэдэг­дэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 102 дугаарын утсанд хандаж тухайн газрын хаяг, байршлыг мэдэгдэх шаардлагатай гэсэн үг. 

-Амралтын газруудад цаг­даа­гийн эргүүлийг нэмэг­дүүлэн хийж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-НЦГ-ын даргын тушаалаар хонхны баяр арга хэмжээ энэ сарын 17-ноос ирэх сарын 10-ыг хүртэл үргэлжилж байгаа. Тиймээс Улаанбаатар хотын тойрсон 50 гаруй амралтын газруудад шалгалт хийж байна. Төгсөлтийн баяраа хийж байгаа оюутнууд анги хамт олноороо зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа энэ үед нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэлээд олон ажлыг хийж байна. 

-Хэр үр дүнтэй байгаа бэ?

-Амралтын газруудад ха­рьяа дүүргийн хэлтсүүдээс эр­чим­жүүлсэн байдлаар цагдаагийн эргүүл, шалгалтыг хийж машинтай болон явган эргүүл хийж байгаа учраас нэлээн үр дүнтэй байгаа. Эргүүлийн ажилд хүч нэмэгдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн оюутнуудыг дайчлан ажиллаж байна. Одоогоор амралтын газруудад онц ноцтой зөрчил гараагүй. Ер нь амралтын газарт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, зөв зохистой амарч байхыг зөвлөж байна.

-Амралтын газруудад хийж байгаа шалгалтаар ихэвчлэн ямар зөрчил илэрч байна?

-Ноцтой зөрчил илрээгүй харин архи болон тамхины тухай хууль зөрчсөн явдал илэрч байгаа. Улмаар Захиргааны хариуцлагын хуульд зааснаар 36 аж ахуйн нэгж есөн хүнд зургаан сая гаруй төгрөгийн торгууль ногдуулаад байна. 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.