Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨМӨР ЗАМ

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зургаан жил хүлээсэн төмөр замын бодлогыг өнгөрсөн сард Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-д өргөн барьж маргаантай сэдэвт шийдэлд хүрэх эхний алхмыг хийгээд байлаа. 

Гэвч өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр "Төмөр замын шинэ шугам барих тухай" тогтоолын төслийг Н.Батбаяр сайд эргүүлэн татсан тухай мэдэгдсэн юм. 

Чухам ямар шалтгаанаар энэхүү тогтоолын төслөө татах болсон нь тодорхойгүй байна. 

Энэ хаврын чуулганд өргөн бариад байсан "Төмөр замын шинэ шугам барих тухай" тогтоолын төсөлд урагшаа чиглэлд нарийн царигтай, хойшоо чиглэлд өргөн царигтай байх буюу өргөн, нарийн цариг барих саналыг өргөн бариад байсан. Энэ тогтоолын төслийг өргөн барьсаны дараагаар УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь олон хүний анхаарлыг татаж байлаа. 

Гэтэл МАН-ын бүлэг Н.Батбаяр сайдыг албан тушаалаас нь огцруулах саналыг өргөн барьсан өдөр Н.Батбаяр төмөр замын тухай саналаа эргэн татлаа. 

Хэдийгээр энэ бүхнийг бид дотоодын улстөрчдийн зөрчил мэт харж болох ч үүнд хоёр хөршийн бодлого илүүтэй туссан байх магадлалтай юм. 

Учир нь "Төмөр замын шинэ шугам барих тухай" тогтоолын төслийг өргөн барьсаны дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Шанхай хотноо хоёр хөршийн төрийн томчуудтай уулзсан. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаад байгаа билээ. 

Харин энэ бүх уулзалтын дараагаар  "Төмөр замын шинэ шугам барих тухай" УИХ-ын тогтоолын төсөл эргэн татагдаж байна. 

Тэнд чухам ямар хэлэлцээ үүссэн бэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Чухам ямар шалтгаанаар энэ төслөө татах болсон талаар Н.Батбаяр сайд одоогоор хэвлэлд тодруулга өгөхөөс татгалзаж байна. 

Эргэн татагдсан УИХ-ын тогтоолын төсөлд: 

  • Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, 
  • Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар тус тус барина гэж заагаад байсан билээ.