ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тайгын цаатнуудад анхаарал хандууллаа

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
Тайгын цаатнуудад анхаарал хандууллаа

Бид Хөвсгөлд цаатан иргэд амьдардгийг гэж мэдэхээс тэдний дунд орж үзсэн нь цөөхөн.

Өнөөдөр манай улсад нийт 367 цаа маллагч нүүдэлчин, 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Дархадын хотгор, Шишгэд, Зүүн, Баруун тайгад өвөрмөц унаган төрхөө алдаагүй цаачид амьдарч байна.

Монгол Улсын засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” симпозиум нийслэлд өчигдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд зарлиг гаргаж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон билээ. Зарлигийн хэрэгжилтийг хянаж, удирдлагаар хангах үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хариуцуулсан юм.

Энэ удаагийн симпозиумыг Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци зохион байгуулсан. Өнгөрсөн онд холбогдох байгууллагын төлөөлөгчид удаа дараа Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаа буга маллан тайгад амьдарч байгаа иргэдийн ажил амьдралтай танилцжээ.

Өнөөдөр тус сумын нутагт амьдарч буй нийт 339 иргэний 131 нь 0-18 насны хүүхэд байгаа аж. Тайгад амьдардаг иргэдийн хувьд хөдөлмөрийн насны хүмүүс ихэнх нь бөгөөд ажлын байр ховор, ихэнх хүмүүс нь улсад ажиллаагүй учир тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй, үр хүүхдээ сургуульд сургах, боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг хэдий ч сургууль гэр хоёрын хоорондох зай хол.

Дээрээс нь сургуулийн дотуур байрын нөхцөл муу байхын зэрэгцээ цаатан залуучуудын дээд боловсролын түвшин доогуур, эмчийн хэрэгцээ дутмаг байдаг байна.

Энэ мэт Цагааннуур суманд амьдарч байгаа цаатан иргэдэд шийдвэрлүүлэх асуудал нэлээд байдаг аж. Нэг авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээ нь 2013 оны зургадугаар сараас Тайгад амьдардаг 18 хүртлэх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр cap бүр мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ.

Мөн амьдрал ядуу өрхийн орлогыг оруулан тооцох аргачлалаар тогтоосон хүнсний талон хөтөлбөрт 11 цаатан өрхийг хамруулсан байна. Өнгөрсөн онд Цагааннуур сумын архив бүхэлдээ шатаж цаачдын уг удмын бичиг устсан нь энэ үндэстний эмгэнэл болж байгаад анхаарч ургийн бичиг хөтлүүлэх арга хэмжээ авахыг ярилаа.

Энэхүү симпозиумд цаа буга, цаатан иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон, ТББ-ууд эрдэмтэн мэргэд судлаачдын төлөөлөл оролцсон бөгөөд цаа бугын аж ахуй, цаачдын аж амьдралд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг ярилцаж цаашдын үр дүнгийн талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ажээ. Тус арга хэмжээнд холбогдох яамд, ТББ-уудын төлөөлөгчид, эрдэмтэд илтгэл тавьж, санал дэвшүүллээ.

Цаачдын дунд шийдвэрлэх асуудал их байгаа ч хэрэгжиж байгаа зүйл олон байна. Өнгөрсөн онд цаанаас 200 гаруй төл авч тоо толгой өссөн бөгөөд энэ жил 300 гаруй цаа төллөх мэдээ байна. Too толгойг нь өсгөх, үүлдэр угсааг нь сайжруулах зорилгоор улсын төсвөөс зохих хэмжээний мөнгө гаргаж Тувагаас 16 цаа оруулж ирж, 90 гаруй цааны цус сэлбэжээ.

Симпозиумд ҮХААЯ, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцох байсан хэдий ч тусгай ажилтай хэмээн ирсэнгүй. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Цаатан иргэдийн аж амьдрал, хүний эрхийн төлөв байдал”, Мал эмнэлгийн лабораторийн эмч “Цаа бугын өвчний судалгааны дүн”, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Пүрэвжав “Монгол, Орос, Хятадын цаатны нийгмийг харьцуулсан судалгаа” илтгэлүүд сонирхол татаж байлаа. Тус симпозиумд Хөвсгөл аймаг, Цагааннуур сумын ЗДТГ-ын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтад оролцогчид цаатан иргэд болон цаа бугын аж ахуйтай хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, гадаад дотоодын хувь хүмүүс, цаатан иргэдийн эрх, уламжлалт соёл, зан заншлыг хүндэтгэн, зах зээл, даяаршлын нөхцөлд хөгжихөд нь туслалцаа үзүүлэх, тэдний идэвхтэй санал санаачилга, оролцоог дэмжихээр болсон юм.

Зураг