ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд шилжин ирэгсдийн тоо буурчээ

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 20
Өдрийн шуудан
Зураг зураг
Нийслэлд шилжин ирэгсдийн тоо бага зэрэг буурчээ

-Хотын өнгө-

Улаанбаатарт 1990-ээд оны эхэн үед хамгийн олон хүн шилжиж ирсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд багассаар байгаа аж. 

Өнөөдөр иргэдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг газрын нэг нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газар. Шилжилт хөдөлгөөн, иргэний цахим үнэмлэх нөхөн олгох гээд ажлын найман цагт хөл татардаггүй газрын нэг гэвэл энэ.

10370 иргэн хотоос хөдөөд, 26888 иргэн хөдөөгөөс шилжиж ирсэн байна.

Иргэдийн шилжилт хариуцсан мэргэжилтэн н.Ганчимэгээс иргэд ямар үйлчилгээ үзүүлэхийг илүүд хүсч орж ирдэг талаар тодруулахад “Манайхан дэндүү хайнга.

Гэнэт шилжилт хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй болсноо мэдээд тулгаж ирдэг. Ямар нэг зээл авах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах болоход бичиг баримтаа бүрдүүлэх гэж уцаарлан “одоо гаргаж өг” гээд шаарддаг. Зарим нь бүр бидний өмнөөс бичиг баримтаа гээгдүүлчихсэн юм шиг хандахыг яана.

Харин сүүлийн үед энэ байдал дээрдэж байгаа” гэсэн. Хамгийн их ачаалал үүсгэдэг ажил нь иргэний цахим үнэмлэх гээгдүүлсэн хүмүүс байдаг гэнэ.

Түүнчлэн Нийслэлийн удирдлагуудаас саяхан хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжин ирэгсдэд тусгай заасан газарт хувийн сууц барьж амьдрах нөхцлийг олгоно гэж яригдсан тухай Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын хэлтсийн дарга Н.Наранцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ тухай тодорхой яригдаж байгаа юм алга байна. Одоогоор дүрэм, журамд өөрчлөлт ороогүй. Шилжилт хөдөлгөөн хуучнаараа хэвийн явж байгаа. Харин өнгөрсөн оны байдлыг ажиглахад нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо бага зэрэг цөөрсөн. Тоон үзүүлэлтээр хэлбэл 10370 иргэн хотоос хөдөөд, 26888 иргэн хөдөөгөөс шилжиж ирсэн байна.

Энэ тоонд хамрагдаагүй олон айл өрх шилжилт хөдөлгөөн хийгдээгүй хотод амьдарч байдаг. Үүнээс шалтгаалаад нийслэлд шилжин ирэгсдэд тодорхой шалгуур тавихыг үгүйсгэхгүй. Цаашдаа энэ байдал үргэлжлээд байхгүй нь тодорхой. Ямар нэгэн дэвшилттэй арга хэмжээ авах байх. Өргөжөөд байгаа гэр хороолол гэдэг чинь үндсэндээ хотын уугуул иргэд биш шүү дээ. Ихэнхдээ зах зээлийн шуурганд нүүдэллэж ирсэн айлууд байдаг аа” гэлээ.

Зураг