Э.Чулуунхүү: Ээж минь намайг одоо ч нялх юм шиг санадаг
Энэ удаагийн “Миний ээж” буландаа гавьяат жүжигчин, дуучин Н. Чулуунхүүг урилаа. Тэрээр ээжийн тухай хамгийн олон дуутай уран бүтээлч билээ.
Мөн одоо хүртэл ээжийнхээ дэргэд амьдарч, хамтдаа өтөлж буй. Түүнтэй бага насны нандин дурсамж болон ээжийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу та. Сайхан хаваржиж байна уу?
-Танай сонины уншигчдад болон Монголын бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ удахгүй болох Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэхийн ялдамд та бүхэн минь сайхан баярлаарай гэж ерөөе.
-Энэ баяраар ээжийгээ яаж баярлуулах бодолтой байна?
-Би жил бүр эмэгтэйчүүдийн баярт чухал ач холбогдол өгдөг хүн. Учир нь азай буурал ижий минь энх тунх амьдарч байна. Хамгийн түрүүнд ижийдээ очдог юм. Дүү нараа цуглуулаад, гэр бүлээрээ энэ өдрийг сайхан өнгөрөөхийг хүсдэг.
Би ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг үгэнд сүжиггүй. Учир нь тийм сэтгэлээр амьдарч болохгүй шүү дээ.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ. Дэггүйтэж ээжийнхээ, чихийг халууцуулж байв уу?
-Хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ дээ. Хурга, ишиг хариулж голын захад тоглож хүн болсон. Гэхдээ үеийнхнийгээ бодвол их дэггүй хүүхэд байсан гэж ижий минь хэлдэг юм. Морьтой хүн ирэхээр морийг нь унаад давхичихдаг байсан гэнэ лээ. Багаасаа дуу хуур, бүжиг наадам наргианд дуртай хүүхэд байлаа.
-Манай уншигчдад ээжийгээ танилцуулахгүй юу. Ээж тань хүүгийнхээ “Ээжийн бор аяга” дууны клипэнд тоглож байсан санагдана?
-Баянгийн Орломсүрэн гэж хүн бий. Бага насандаа мал хариулж, сургуульд тогооч хийж байсан гэдэг. Миний санахын их сайхан дуулдаг бүсгүй байсан. Их чанга хоолойтой, манай нутгийнхан ч анддаггүй юм билээ. Одоо 90 нас давсан гэхэд дууг эвлэгхэн дуулчихдаг шүү. Би “Зуу наслаарай, ээжээ” дуундаа ижийгээ тоглуулсан.
Миний дуулах авъяас ижийгээс минь өвлөгдсөн гэхэд болно. Сургуулийнхаа урлагийн үзлэг, наадамд оролцдог байсан. Тэмцээн уралдаанд оролцоод шагнал, медаль авахад ижий минь л урам хайрлана. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч, улмаар цэргийн сургуульд элссэн.
-“Ээжийн бор аяга” дууг та ээждээ зориулсан уу. Бүтсэн түүхээс нь сонирхуулаач?
-Анх дууны үгийг нь сонсчихоод ойшоогоогүй. Тухайн үед нэг бор аяганы тухай дуу юм даа гээд өнгөрч байлаа. Энэ дууг захиалж хийлгэсэн хүн “Ээжид минь нэг бор аяга байдаг байлаа. Одоо хүртэл тэр нь нүдэнд харагддаг юм” гэж ярьж байсан. Аялгууг нь хийчихээд л эх хүний орон зай, тэр агуу сэтгэлийг нь илэрхийлж дээ гэж бодогдсон. Одоо бодоход энэ дууг дандаа эрэгтэй хүн дуулсан байдаг. Би одоо эмэгтэй уран бүтээлчээр дуулуулахаар зэхэж байгаа.
-Дуучнаа сонгосон уу?
-Амжаагүй л байна. Гэхдээ бодсон хүн бий. Алтантүлхүүр гээд аятайхан дуулчихдаг залуу уран бүтээлч байна. Мөн А.Түмэн-Өлзийгөөр дуулуулдаг юм билүү гэж бодож байгаа.
-Та “Зуу наслаарай ээжээ” дуутай холбоотой клип, тайлан тоглолт хийж, цомог гаргасан нэгэн. Мөн хамгийн олон ээжийн луутай уран бүтээлч гэдгээр чинь ард түмэн андахгүй- Тэр сайхан хөг аялгуу хаанаас ундардаг юм бэ?
-Надад ээжийн тухай 100 гаруй дуу бий. “Ээжийн бор аяга”, “Настан буурал эмээ”, “Ээжээ санасан сэтгэл”' гээд бүгд сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн бүтээлүүд. Ер нь ээжийн тухай дуунууд хамгийн удаан насалдаг байх шүү. Учир нь хүн бүхэн ээжтэй. Тэгэхээр ээжийн тухай дуунд дурлахгүй байх аргагүй.
-Анх ээжийн тухай дуу хийчихээд ижийдээ сонсгоход өөрт чинь юу бодогдох юм дээ. Ээж тань хүүгээрээ бахархсан л байлгүй?
-Анх “Настан буурал эмээ” дуугаа хийчихээд Д.Цэрэнчимэдээр дуулуулахад сонсогчид халуун дотноор хүлээж авсан. Удалгүй хит болж, олны талархлыг эргүүлж чадсан. Тухайн үед ижий минь 60 гаруй настай байсан санагдана. Радиогоор сонсчихоод учиргүй баярлаж байж билээ. “Цэрэнчимэдхүү их сайхан дуулсан байна. Ард түмний сэтгэл зүрхэнд үлдэнэ дээ” гэж хэлж байсан юм. Би ижийгээ Д.Цэрэнчимэдтэй уулзуулсан. Ижий минь толгойг нь илээд талархаж байсан юм. Аргагүй биз, өөрөө ч настан буурал эмээ болчихсон байсан үе. Одоо ч сонсох дуртай, дагаад дуулна шүү дээ.
-Таны ээж есөн хүүхдээ өдий зэрэгтэй хүн болгосон азай буурал. Багад чинь юу гэж сургадаг байв?
-Ижий минь одоо хүртэл намайг бага, жаахан юм шиг санадаг. Гэтэл би чинь 60 гарчихлаа шүү дээ. Балчир багад минь эрдэмтэй хүн болоорой гэж захидаг байсан. Залуу явахад хүнтэй эвтэй байгаарай, ураар биш ухаанаар асуудлыг шийддэг юм шүү гэж сургадаг байлаа. Одоо ч ялгаагүй үр хүүхэд, ач зээдээ үнэтэй сургаалиа хайрлаад сууж байгаа.
-Ээжтэйгээ хамт өтлөх сайхан байх даа. Хүн нас ахихаараа хүүхэд шиг болчихдог гэдэг юм билээ?
-Энэ хорвоод үүнээс илүү жаргал гэж юу байхав. Өдий 60 жил ижийтэйгээ хамт байна. Үүнийг хувь тохиол, аз юм болов уу гэж бэлгэшээдэг. Ижийгээ сайхан асрах юмсан. Хүний дайтай хүн явж баярлуулахсан гэж бодогдох юм. Хөгшин хүн хүүхэд хоёр ижилхэн болчихдог гэж үнэн шүү. Ижий минь намайг хэд хоног харагдахгүй бол айлгаад сүйд болно.
-Тантай хамт амьдардаггүй юм уу?
-Манай Н.Цэндхүү гэдэг эмэгтэй дүүтэй хамт байдаг юм. Нэг удаа яваад орсон чинь их өрөвдөлтэй юм ярьсан. “Ижий нь ойрд энэ Цэндхүүд жаахан хатуурахаад байгаа. Энэ надтай олон жил хамт байгаад бүр ээнэгшээд байдаг болчихож. Би шар мөнх наслах биш нэг л өдөр унаад өгнө. Тэгэхээр энэ хүүхдэд их хүнд тусах байх. Тиймээс ээж нь хатуу үг хэлээд, хатуурхаад байгаа шүү” гэж суусан. Энэ үг нь надад их ухаарал хайрласан.
-Ирэхгүй удахаар тань юу гэж гомдолж байх юм?
-Зарим долоо хоног өдөр бүр очно. Хааяа ажил ихтэй байвал хэд хоног өнжиж байгаад очно. Нэг удаа миний толгойг илж суугаад “Миний хүүгийн толгой бүр ботгоны толгой шиг болчихож’" гэдэг юм. Энэ үс маань бууралтаад, халцараад эхэлж байхад арга ч үгүй биз. Өөрөө бол намайг их л жаахан гэж боддог юм хөөрхий.
-Ээжийнхээ хийсэн ямар хоолонд дуртай вэ?
-Гурилтай шөлийг янзтай амттай хийнэ. Одоо ч өөрөө хоолоо хийдэг. Дэлгүүр явна. Биднийг мах авахаар голоод байдаг юм. Өөрөө л явж махаа сонгодог. Ижийг минь захынхан андахгүй ээ. “Намайг хүүе сайн байна уу, бор аяга уу” гэдэг юм гээд хошигноно шүү дээ.
-Таныг гадаадад оюутан байсан гэж сонссон. Хол явахаар төрсөн нутаг, ээж хоёроо илүүтэй санана биз?
-Би дөрвөн жил гадаадад сурсан. Энэ хугацаанд муу ижийгээ үгүйлэлгүй яахав. Гэхдээ байнга утсаар ярьж, захидал бичдэг байлаа. Хааяа зүүдлээд уйлж сэрнэ. Тэр бүхэнд эрдэм номтой, мундаг хүн болоод ижийдээ очно доо гэж өөрийгөө зоригжуулдаг байсан юм.
-Ээж бүхэн хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барилтай байдаг байх. Таны ээж чухам ямар аргаар та нарыг өсгөсөн бол?
-Бага байхад өглөө их босгодог байсан. Сургуульд орохоосоо өмнө малын хашаа, хотоо цэвэрлэчихдэг, гайгүй ажилтай хүүхэд байлаа. Ижий минь өндөр шаардлага тавьдаг зарчимч; хатуу хүн. Харин нас нь жаахан өтлөөд ирэхээр хүүхдүүдийнхээ аясыг хараад бондогоноод байдаг болчихдог юм билээ.
-Хүн ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг. Гэхдээ хариулна гэсэн бодлоор амьдрах нь зөв болов уу. Та өөрийгөө ээжийнхээ ачийг хариулж чадаж байна гэж боддог уу?
-Би ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг үгэнд сүжиггүй. Учир нь тийм сэтгэлээр амьдарч болохгүй шүү дээ. Би өөрийгөө ижийнхээ ачийг хариулж яваа гэж боддог. Өнөөдөр хийсэн ажилтай, нэр хүндтэй, сайхан амьдарч байна. Ижий минь үүнээс илүүг надаас хүсэхгүй шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
