Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэнд-Аюуш: Даашинзнуудынхаа олонхийг нь захиалгаар хийлгэсэн

М.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 18
Өдрийн шуудан
"ТВ коктейль хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш

Энэ удаагийн зочноор "ТВ коктейль хамтлагийн ганц эмэгтэй жүжигчин Н.Цэнд-Аюушийг урьсан юм. Тэрбээр хаана ч явсан эмэгтэйлэг, ихэмсэг төрхөө алддаггүй хэмээн хүмүүст үнэлэгдэж чаддаг. Зарим хүн үүнийг нь өндөр өсгийт, богино даашинзтай нь холбон тайлбарладаг юм билээ.

Аюуш өдөр тутамдаа ч даашинз, өндөр өсгийтөөр гангардаг гэсэн. Тэр бүү хэл, түүнд намхан ултай гутал огт байдаггүй гэсэн шүү. Түүнээс өндөр өсгийт, даашинзных нь талаар сонирхсон юм.

-Таныг маш олон даашинз, өндөр өсгийтийн цуглуулгатай гэж дуулаад “Дэгжин” буландаа урьж байна?

-“Дэгжин” чинь гоё булан юм аа. Таалагдлаа. Гэхдээ би өөрийгөө тийм ч дэгжин гэж боддоггүй. Өөртөө тохирсон, цэвэрхэн хувцсаар л гоёхыг хүсдэг жирийн л эмэгтэй шүү дээ.

-Хүмүүс таныг ингэж үнэлдэг юм билээ. Тиймээс энэ булангийнхаа зочноор урьсан юм?

-Тийм үү. Намайг ингэж үнэлдэг хүмүүст баярлалаа.

Брэнд гэж зохисон зохиогүй хувцас өмсч байхаар өөртөө таарсан чамин хувцсыг захиалаад оёулчих нь амар санагддаг.

-Гоёлын даашинз хэр олонтой вэ. Бас өндөр өсгийт?

-Аль аль нь нэлээн олон бий шүү. Кино болон бусад уран бүтээлийн нээлт хийх бүрт даашинзны тоо нэмэгддэг. Энэ бүр уламжлал болон тогтоод байгаа шүү. Даашинзаа дагаад өндөр өсгийт ч нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, даашинзандаа тохируулан авдаг гэж ойлгож болно. Тэр дундаа ямар нэгэн хүлээн авалтад өмсчихөөр даашинз олон бий шүү.

-Даашинз сонгохдоо загвараас гадна юуг нь илүү чухалчилдаг вэ?

-Мэдээж нэгдүгээрт таны хэлсэнчлэн загварыг нь харна.

Дараа нь чанар, материал, өнгийг нь чухалчилна. Мэдээж урлагийн хүн болохоор уран бүтээлд ашиглагдахаар гял цал, хувцас хэрэгтэй байдаг учраас тиймэрхүү даашинз авдаг. Түүнээс биш, бусад үед энгийн загвар, даруухан өнгийг илүүд үздэг. Харин өндөр өсгийтүүдийн маань олонхи нь хар, улаан, биеийн өнгөтэй.

-Таны цуглуулгад брэндийн даашинз, өндөр өсгийт хэр олон байдаг вэ?

-Би брэнд гэж улайрдаггүй. Ялангуяа даашинзны тухайд биед эвтэйхэн, өөрт зохимжтой байвал л болох нь тэр. Хэтэрхий наалдсан нимгэн материалтай хувцсанд би дургүй. өмсөхөд хүртэл төвөгтэй байдаг юм. Брэнд гэж зохисон зохиогүй хувцас өмсч байхаар өөртөө таарсан чамин хувцсыг захиалаад оёулчих нь амар санагддаг.

- Даашинзуудаа бүгдийг нь захиалж хийлгэдэг юм уу?

-Худалдаж авсан нь тун цөөхөн шүү. Очоод биеийнхээ хэмжээг авахуулаад захиалчихдаг сайхан хувцас болдог. Ядаж л энд тэнд ижил хүмүүстэй таараад байхгүй шүү дээ.

-Хувийн оёдолчинтой юм биш биз. Эсвэл аль нэг газартай гэрээтэй юм уу?

-Урлах эрдмийн дээд сургуулийг төгссөн Төмөрбаатар гэдэг найзаараа оёулдаг. Заримдаа өөр газарт ч захиалдаг. Өнгөрсөн шинэ жилээр өмссөн даашинзаа “Хайрын хурим” салоноор оёулсан.

-Хамгийн өндөр өртгөөр бүгсэн, эсвэл худалдаж авсан даашинзныхаа тухай сонирхуулахгүй юу?

-Саяхан нэг даашинз оёулсан. Маш их гар ажиллагаа орсон. Чимэглэл ихтэй. Одоо дэлхийн аль ч улсад гар ажиллагаа ихтэй бүтээлийг өндрөөр үнэлдэг болж. Би энэ даашинзаа нэг сая 200 мянган төгрөгөөр хийлгэсэн. Эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгосон маш сайхан даашинз болсон.

Зураг