Өнгөрсөн онд 20 насныхаа төрсөн өдрийг фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан цагаан сараар Сөүлд тоглосон.
Тэд удахгүй Америкийг зорих гэж буй гэнэ. ‘Хурд”-ынхны аялан тоглолт болон шинэ уран бүтээлийн ургац хэр арвинтай байгааг сонирхохоор хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай холбоо барилаа.
-Өглөөний мэнд.
-Өглөөний мэнд.
-Та хаагуур байна. Өнөөдөр ямар ажил амжуулахаар төлөвлөв?
-Өглөөний мэнд. 8:00 цагт гэрээсээ гараад бэлтгэлдээ ирсэн. Бэлтгэл 11:00 цагт дуусаад, гадуур ажил хөөцөлдөөд явж байна.
Номонд хэн ч мэдэхгүй, манай хамтлагийн олон сайхан түүх орсон учраас фэнүүдэд маань таалагдана.
-Танай хамтлагийнхан аялан тоглолтоо эхлүүлсэн. Одоо хаана тоглох вэ?
-Бид cap шинийн өдрүүдэд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа 20 жилийн ойн тоглолтоо бүрэн эхээр нь толилуулаад ирлээ. Ирэх сарын 1-нд АНУ-ыг зорих гэж байна. Тэнд байгаа фэнүүддээ мөн ойн тоглолтоо хүргэнэ. Гуравдугаар сарын 7-ноос эхлээд Вашингтон, Нью-Йорк, Чикаго зэрэг хотод тоглох төлөвлөгөөтэй байгаа.
-Тоглолтынхоо хажуугаар шинэ уран бүтээл хийж амжиж байна уу?
-Тэнд бид шинэ цомгийнхоо бичлэгийг хийлгэж, “Бүсгүйчүүд инээмсэглэцгээе” нэртэй дуугаа дүрсжүүлнэ. Мөн 20 жилийн ойдоо зориулсан номны маань эх бэлтгэл дууссан. Энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлтэд өгнө. Өчигдөр /уржигдар/ манай хамтлагийн 300 ширхэг алтан пянз ирлээ. Ном, пянз хоёроо энэ сардаа багтаан худалдаанд гаргана.
-Цомогтоо ямар дуунуудаа оруулсан бэ?
-Цомогт маань 16 дуу багтана. Бидний хамгийн сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүд гэдгээрээ онцлог байх болов уу. Дуунуудаа эхнээс нь дүрсжүүлж эхэлсэн. Яг одоо “Бүсгүйчүүд инээмсэглэцгээе” дууныхаа клипний зохиолыг ярилцаад сууж байна. Шинэ цомог “Хурд”-ын өнгө аясыг хадгалсан атлаа маш олон шинэ зүйлийг шингээсэн. Хайр, эх орон, анд нөхөр, бүсгүйчүүдэд зориулсан гээд олон сэдэвтэй дуунуудаас бүтсэн. Хип хоп дуу ч байгаа. Сайхан цомог болно гэдэгт итгэж байна.
-Номныхоо тухай сонирхуулахгүй юу. Та бүхний хорин жилийн түүхийг өгүүлсэн сайхан ном болох байх?
-Тийм ээ. Номоороо дамжуулан “Хурд” хамтлагийг яаж байгуулсан, он цагийг яаж туулаад өнөөдөртэй золгосноо харуулахыг хүссэн. Бид хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан өөрсдийн түүхээр нэвтрүүлэг хийлгэж, алтан пянз хүртэл гаргалаа. Гэхдээ номонд хэн ч мэдэхгүй, манай хамтлагийн олон сайхан түүх орсон учраас фэнүүдэд маань таалагдана гэж итгэж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!