“Утасны анд” энэ удаад жүжигчин, хөтлөгч Т. Өөдөөтэй холбогдлоо. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Сайхан шинэлэв үү?
- Сайхан шинэллээ . Монголынхоо ард түмэнд модон морин жилийн мэндийг дэвшүүлье.
-Таны шинэ өглөө яаж эхэлсэн бэ?
-Сайхан амраад яг одоо эрч хүчтэй байна. Миний өглөө бүхэн хүүгээ хооллохоос эхэлдэг. Өнөөдөр ч тэр дүрмээрээ эхэлсэн. Хүү маань эрт сэрдэг болохоор дагаад сэрчихдэг юм. Түүний дараа өнөөдрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргадаг.
-Өнөөдрийн ажлаа юунаас эхлэх вэ?
-Гэрийнхээ ажлыг амжуулчихаад гадагшаа гарах санаатай.
Миний өглөө бүхэн хүүгээ хооллохоос эхэлдэг.
-Гоо сайхны ширээний ард сууж амжив уу?
-Би гоо сайхандаа олон цаг зарцуулдаггүй. Зүгээр л өөртөө тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд, биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Амралтын өдөр бүр будах дургүй. Магадгүй нэг бодлын миний хамгийн сул тал энэ байх.
-Гэхдээ бас давуу тал байж болох юм шүү?
-Тийм бол сайхан л байна. Бүсгүй хүн энгийн байхдаа илүү үзэсгэлэнтэй гэдэг байх шүү.
-Өнөөдөр төлөвлөсөн ажлаасаа онцлооч?
-Машин гардаггүй өдөр болохоор шууд “SBN” телевиз рүү явна. Нэвтрүүлгийнхээ эвлүүлгийг хийнэ. Өө бас “Alfa Music” төслийнхөө залуустай уулзах юм байна. Яг мартах нь.
-Өдрийг завгүй өнгөрөөх нь дээ. Ер нь чөлөөт цаг гарвал та юу хийх дуртай вэ?
-Аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хүсдэг. Бас нэг зүйл бий. Хааяа бухимдахаараа зураг зурах дуртай.
-Дуулдаг, жүжиглэдэг, хөтөлдөг бүсгүйд бас зургийн авъяас байдаг байх нь ээ?
-Зурах дуртай. Дүрслэх урлагийн сургуулийн оюутан болсон. Юу ч бодолгүйгээр ангидаа суугаад зурах амьдралын минь сайхан мөчийн нэг. Сүрхий, мундаг зурдаг гэж хэлэхгүй ч өөрөө өөртөө зураач болоод байгаа.
-Та одоо юу зурж байгаа вэ?
-Багш юу зур гэнэ түүнийг л зурж байна. Макет тавиад зурах дадлага хийж байгаа. Гэхдээ дулаарахаар нэг зураг зуръя гэсэн бодол бий. Одоохондоо зургийнхаа санааг нууцлая.
-Гадаа хүйтэн байна. Өвлийг цагаанаас өөр өнгөөр зур гэвэл та яаж дүрслэх бол?
-Сонин асуулт байна шүү. Бодож үзээгүй юм байна. Гэхдээ цасан цагаан биш саарлаар зурахаас.
-Өвөлд дуртай юу?
-Өвөл надад зэвэргэн, хүйтэн хөндий мэдрэмжийг төрүүлдэг юм. Тиймээс яг одоо зун хурдан болоосой гэж бодож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!