Эхийн хэвлийд хүн бүрэлдэж, эх баригчийн гарт ойчих тэр мөч хүртэлх цаг хугацаа гэр бүлд хамгийн үнэ цэнэтэй. Үрээ төрөх өдрийг нь хоног тоолон хүлээж, сая нэг харна.
Гэтэл ийм л нандин сэтгэлийн эхлэлээс аав ээждээ аз жаргал тээж ирдэг балчир үрс минь зарим нэгэн томчуудын зугаа цэнгэлийн золиос болж, өрөөл татуу, өвчин зовлонтой болох нь олонтаа болж. Тэр ч бүү хэл амь насаа алдах нь цөөнгүй.
Хүүхдийн амиар нааддаг хамгийн наад захын жишээ бол хурдан морины уралдаан. Энэ нь хэдий Монгол зон олны эрийн гурван наадмын нэг ч гэлээ өнөөдрийн тухайд наадам гэхээсээ илүүтэй бизнес болж хэлбийгээд байх шиг.
2013 оны нэгдүгээр сарын 29-нд Өвөрхангай аймагт болсон сунгааны үеэр хүүхэд мориноосоо унаж, эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэгдэв
Уясан мориныхоо шандсыг үзэх гэж, хэр уяач болохоо олонд харуулах гэж хүний нялх үрийг зуны халуун, өвлийн хүйтнээр морин дэл дээр “хүлдэг” хэнэггүй араншин зөвхөн монгол уяачдад л бий. Ингээд зогсохгүй морио унуулж хурдлуулахын тулд хүүхдүүдийг хичээлээс нь хөндийрүүлж, жинг нь нэмэхгүй гэхдээ хоолыг нь сойх нь энүүхэнд гэлцдэг юм билээ.
Өөрөөр хэлбэл, хурдан морь унаач хүүхдэд өөрийн гэх амьдрал байхгүй. Таван настайгаасаа морьж унаж, морин дэл дээр хэдэн жил сэгсчүүлсний эцэст “туслах уяач” гэсэн гуншинтай золгодог аж. Эрдэм номгүй тэр хүүхдүүдэд үүнээс өөр сонголт байхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэн хүүхдийн хүссэн ирээдүй биш байлтай.
Харин үүнийг уяачид, уяачдын ард зогсох торгон дээл, мөнгөн бүс, үнэт чулуун хөөргөөр гоёсон эрхмүүд анзаардаггүй нь сонин. Анзаарлаа ч......
НЭГ САРЫН ДОТОР 22 ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, БЭРТЭВ
Сүүлийн үед хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, амь нас, эрүүл мэндээр нь тоглодог тоо тоймгүй морин уралдаануудыг олон нийт эрс эсэргүүцэх боллоо. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд ч дуу хоолойгоо нэгтгэх болов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас гаргасан мэдээллээс харахад 2014 оны эхний нэг сарын байдлаар улсын хэмжээнд хурдан морины 67 удаагийн уралдаан болж, давхардсан тоогоор 3623 хүүхэд морь унаж уралджээ. Эдгээрээс 22 хүүхэд мориноосоо ойчиж хөнгөн гэмтсэн гэсэн бол нэг хүүхэд хүнд бэртсэн гэж тэмдэглэжээ.
Хурдалж яваа мориноос ойчсон хүүхдийн өвдөг шалбарах төдий үлдэх нь юу л бол, ийм байтал хөнгөн бэртэл гэж яг юуг нь хэлээд байгааг ойлгох юм алга. Хүнд бэртлийн тухайд хэлэх ч юм биш.
УЯАЧ БҮХЭН "НААДАМ"-ТАЙ
Хурдан морь унаач хүүхдүүдийг эрсдэлд оруулж байгаа гол шалтгаануудын нэг нь уяач бүхэн "наадам"-тай болсон явдал. Ямар ч хараа хяналт байхгүй, өөрсдийн дураар баг, сум, аймгийн сунгаа зохион байгуулж хүүхдүүдийг эрсдэлд оруулж байгаа нь бодит үнэн. Үүнд жишээ дурдая.
1. 2014 оны нэгдүгээр сард Өвөрхангай аймагт хурдан морины дөрвөн уралдаан болж давхардсан тоогоор 142 хүүхэд оролцжээ. Уралдааны үеэр хоёр хүүхэд мориноосоо унан хөнгөн бэртсэн байна.
2. 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн уяач Соёлын Жигжид болон хэсэг уяачдын санаачилгаар их сунгаа зохион байгуулж. Сунгаанд их насны 38 морь уралджээ. Уг уралдааны үеэр морь дагаж явсан машиныг уралдаж байсан морь очиж мөргөсний /машины баруун хойд талын хаалгыг мөргөж хонхойлгон, жижиг цонхыг хагалсан/ улмаас ноцтой осол гарчээ.
Ослын улмаас унаач хүүхэд болох 14 настай хүү мориноосоо унаж, хүнд гэмтэн сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр эмнэлэгт ухаан алдсан, нүүр, хамар, хацар, дух, дагз, чамархай хавь нь хавдартай, биеийн байдал хүндэвтэр ирсэн аж. Эмч Хүрэлбаатар яаралтай эмчилгээ хийсний дүнд хүүгийн биеийн байдал сайжирч, хэл яриа хэвийн болж, нүүр амны хавдар буужээ. Гэсэн хэдий ч эмч түүнийг тархины бичлэг хийлгэж, нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж хэлсэн байна.
Хүүгийн биеийн байдал дээрдсэн хэдий ч одоогоор нойрондоо муу, тайван унтаж чадахгүй байдалтай байгаа гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр энэхүү хэрэгт Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс анхаарлаа хандуулж, нөхцөл байдлыг тодруулан бодит дүгнэлт гаргуулахаар Аймгийн цагдаагийн газарт хүүхдийн нэрийн өмнөөс төлөөлөн, нэхэмжлэл гаргаад байгаа гэнэ.
3. Түүнчлэн Хөвсгөл аймагт шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хүнд гэмтсэн. Тэрбээр тархины яс цууралттай, цус хурсан гэсэн оноштой нийслэлд ирсэн бөгөөд өдгөө эмчилгээ хийлгэж байна.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНУУДЫГ ЦУЦАЛЖ ЭХЭЛЛЭЭ
Хүүхдийн эрх ийнхүү ноцтой зөрчигдөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг үндэслэн Хүүхдийн төлөө үндэсний газар өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд “Монголын Морин спорт уяачдын холбоо” ТББ-д хандан хаврын хахир цагт болдог хурдан морины уралдаанд морь унаж уралддаг хүүхэд, багачуудын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд үүсдэг сургамжит эрсдлийг нэхэн санаж ажиллахыг сануулсан “Албан шаардлага” хүргүүлсэн юм.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ сарын 6-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар Зөвлөмж хүргүүлэв. Энэ мэтчилэн арга хэмжээ авсны дүнд аймгуудын Засаг дарга нар удирдамж гаргаж, хурдан морины хаврын уралдаануудыг цуцалж эхэлсэн таатай мэдээ байна.
Хурдан морины хаврын уралдааныг хориглосон аймгууд:
Юутай ч аймгуудын Засаг дарга нар ийнхүү эхнээсээ хурдан морины хаврын бүсийн уралдааныг хориглолоо. Харин одоо энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэж, дахин хэлэлцэх нь зүйтэй гэж хүүхдийн болон хүний эрхийн байгууллага, ард иргэд үзэж байна.
Ер нь ч тэгээд хүүхдийн амиар наадах нь хүний ёсонд үл нийцэх үйлдэл гэдгийг хаа хаана бодох цаг ирсэн гэдгийг хурдан морь унаач хүүхдүүдийн хувь заяа бэлхэн харуулсаар байгаа бус уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!