Дэлхийн алдарт дуучин Nana Kwame Abrokwa энэ онд Азийн улсуудаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн талаар дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан.
Гэтэл төд удалгүй түүнийг аяллын гараагаа Монголоос эхлэх нь гэх яриа олны дунд гарсан нь үнэн болов.
Түүнийг Монгол-Австрийн залуучуудын холбооноос урьсан юм. Тус холбооны Монголын талын тэргүүн Э.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Дэлхийн од дуучин Nanа-гийн Азид хийх тоглолтынхоо гарааг эх орноосоо эхлүүлэхээр болсон талаараа сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Герман улсын нийслэл Берлин хотод Монголын Элчин сайдын яаманд дуучин Nana айлчилсан юм. Тэр үед яамны удирдлагууд болон манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсан. Тэгээд л Монголд аялан тоглолтоо хийхээр болсон юм. Түүнийгээ баталгаажуулж гэрээ хүртэл байгуулсан шүү.
-Дуучин Nana Монголд хэзээ, хэд хоногийн хөтөлбөртэй ирэх вэ?
-Энэ сарын 28-нд ирээд маргааш нь буюу гуравдугаар сарын 1-нд тоглолтоо хийнэ. Тэгээд л буцна. Маш давчуу хугацаатай, шахуу хөтөлбөртэй. Хөтөлбөрийн нарийн ширийн зүйлийг одоо задлахгүй. Гэнэтийн байх тусмаа хүмүүст илүү сонин байх болов уу. Гэхдээ бид энэ сарын 10-нд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлана.
-Тэрбээр манай улсад хийх тоглолтоо “Remember the time” хэмээх анхны цомгийнхоо нэрээрээ нэрлэсэн байна билээ. Тоглолтдоо ямар дуу дуулах, юугаараа онцлог байхыг зохион байгуулагчидтай зөвлөлдсөн зүйл бий юу?
-UB PALACE-ийн концертын их танхимд хийх түүний “Eemember the time” тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Бид Берлинд хийсэн уулзалтын үеэр ярьсан зүйл бий. Гэхдээ энэ ч гэсэн одоохондоо нууц. Түүний бараг дуу бүхэн хит болдгийг монголчууд, тэр дундаа залуус андахгүй биз ээ. Тэр сайхан дуунуудаасаа шигшиж, монголчуудад зориулан дуулна.
-Тоглолтын зөвлөхөөр Монголын талаас ямар хүмүүс оролцож байгаа вэ?
-Тоглолтын ерөнхий зөвлөхөөр “Пентатоник” академийн тэргүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион болон түүний удирдлага дор салбар салбарын шилдэг залуус ажиллана. Тэд багаа бүрдүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!