2027 онд улс төрийн зургаан нам, эвсэлд ₮7.5 тэрбумын санхүүжилт төрөөс өгөхөөр болжээ
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2026.09.14)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2027 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хэлэлцэн тогтоожээ.
Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.
Ирэх онд улс төрийн зургаан намд нийт 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс өгнө. Үүнд:
- Монгол Ардын Нам - 3,363,948,720₮
- Ардчилсан Нам - 2,568,083,760₮
- ХҮН Нам - 756,799,560₮
- Үндэсний Эвсэл - 376,976,160₮
- Иргэний Зориг Ногоон Нам - 368,303,760₮
- Үнэн Ба Зөв Нам - 161,500,680₮
Улмаар нам, эвслийн 2026 оны санхүүгийн тайланг хуульд заасны дагуу хувийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасны дараа хянагдсан тайлан дахь орлогын дүнгээс хамааруулж, төрөөс олгох санхүүжилтийг 2027 оны 5 дугаар сард багтаан эцэслэн тогтоох юм.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар долоог нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан. Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон тул Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
