Трамп дизелийн хомсдолд Ойрх Дорнодын дайныг бус, Зеленскийг буруутгаж, Оросын эсрэг цохилтоо зогсоохыг уриалав

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий дахиныг хамарсан шатахууны хомсдолд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг буруутгаж, түүнээс Оросын дизель түлшний дэд бүтцүүдийн эсрэг агаарын цохилтоо зогсоохыг уриалжээ.

Сүүлийн саруудад Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн алсын тусгалын цохилтоо эрчимжүүлсний улмаас Орос даяар бензин шатахууны хомсдол бий болоод байгаа.

Үүнтэй зэрэгцэн Ойрх Дорнодод үргэлжилж буй дайн АНУ-ын зах зээлд бензин шатахууны үнийг огцом өсгөөд байна.

Тухайлбал GasBuddy үнийн судалгааны байгууллагын мэдээлснээр ачааны автомашин, галт тэрэг, далайн тээвэр, хөдөө аж ахуйн машин механизмд хэрэглэгддэг дизель түлшний галлон тутмын үнэ Пүрэв гарагт $6 давсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.

“Ноён Зеленский нэг зүйлийг хийх хэрэгтэй. Тэр Оросын дизель түлшний үйлдвэрлэлийг зогсооход хүргэж буй агаарын цохилтуудаа зогсоомоор байна” гэж Трамп өчигдөр Ирландын баруун хэсэгт оршдог өөрийн гэр бүлийн эзэмшлийн гольфын клубт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

“Би энэ талаар ноён Зеленскийтэй ярилцсан. Өөр олон бай байгаа шүү дээ. Дизель түлшний үйлдвэрүүдэд довтолмооргүй байна. Энэ нь дэлхий нийтэд хор хөнөөл учруулж байна” гэж тэр хэлсэн юм.

Дэлхий дахинд үүсээд буй түлшний хомсдол нь “Ойрх Дорнодын дайнаас бус, харин Орос, Украины хооронд болж буй үйл явдлаас шалтгаалж байна” гэж Трамп нэмж хэлжээ.

Оросын засгийн газар энэ жилийн газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээгээ сүүлийн 17 жилийн хамгийн бага түвшинд байхаар тооцоолж, 2026, 2027 оны экспортын төлөвлөгөөгөө эргэн харж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters