Колумбын шинэ ерөнхийлөгч аюултай гэмт хэрэгтнүүдээ далайд байрласан хөлөг онгоцон дээр хорих боломжийг судалж байна
Колумб улсад байгуулагдсан баруун жигүүрийн шинэ засгийн газар далайн усан дээр хөвдөг шоронд онц аюултай гэмт хэрэгтнүүдээ хорих боломжийг судалж байгаа талаар тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж Пүрэв гарагт мэдээлжээ.
Энэ сарын эхээр үүрэгт ажилдаа орсон ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла дэлхийн хамгийн том кокаин үйлдвэрлэгч Колумбын зэвсэгт бүлэглэлүүдтэй хатуу тэмцэхээ амлаж байгаа.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэй сонгуульд ялсан саятан бөгөөд бүс нутгийн барууны удирдагчдын нэг Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букелегийн гэмт хэрэгтэй тэмцэх хатуу арга барилыг хэрэгжүүлэх төлөвтэй байна.
Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр ерөнхийлөгч далайд хөвдөг усан онгоц-шоронг бодитой болгох санал боловсруулах даалгавар өгснийг эх сурвалж баталжээ.
Колумбын тэнгисийн зэвсэгт хүчин уг саналыг боловсруулахаар болсон гэнэ.
Далайд хөвдөг шорон нь аюултай гэмт хэрэгтнүүдийг оргохоос сэргийлж, гадаад ертөнцөөс таслах ач холбогдолтой.
Харин хүний эрхийн байгууллагууд энэ төрлийн шоронг хүний эрхийг зөрчсөн шийдэл гэж эсэргүүцдэг.
Колумбын ерөнхийлөгч асан Альваро Урибе 2007 онд хар тамхины гэмт хэргийн бүлгийн удирдагчдыг Атлант болон Номхон далайн усанд байрласан хөлгүүд дээр хорьж байгаад АНУ-д шилжүүлж байсан түүхтэй.
Де ла Эсприелла мөн аюулгүй байдлын зорилгодоо хүрэхийн тулд АНУ болон Израильтай улам нягт харилцаа тогтоохыг хичээж байна.
Наймдугаар сарын 12-ны өдөр Колумб улс хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд өөрийн нутаг дэвсгэр дээр АНУ-тай хамтарсан бөмбөгдөлт зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

