АНУ, Канадын хил дээр оршдог Онтарио нуурын нэрийг "Америк нуур" болгох захирамжид Трамп гарын үсэг зурлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрш Канад улсын эсрэг худалдааны дайн зарласан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хоёр улсын хил дээр оршдог Онтарио нуурыг “Америк нуур” гэж нэрлэхээр болж буйг зарлажээ.

Тэрбээр өөрийн Дотоод Хэргийн яаманд АНУ-ын газар зүйн нэршлийн бүртгэлд нуурын нэрийг шинэчлэх үүрэг болгосон захирамжид гарын үсэг зурсан байна.

Гэхдээ Трамп өөрийн өгсөн нэрийг дагаж мөрдөхийг Канадын талд албадаж чадахгүй юм.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ, Канадын худалдааны яриа хэлэлцээ нуран унасны дараа Трамп хөршийнхөө $20 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 50 хувийн импортын татвар ногдуулснаа зарласан.

Энэ долоо хоногийн эхээр Канадын засгийн газар ижил тэнцүү хариу арга хэмжээ авсан билээ. Трамп өнгөрсөн онд Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох санааг удаа дараа илэрхийлж байв.

Онтарио нь АНУ, Канадын дунд оршдог хэд хэдэн Их Нуурын нэг юм.

Канадын ерөнхий сайд Марк Карни нуурын нэрийг өөрчлөх Трампын алхмыг шүүмжилж, энэ нэр нь Канадын Холбоо үүсэн байгуулагдах болон АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал зарлагдахаас ч өмнө нутгийн уугуул иргэдийн өгсөн нэр болохыг тайлбарлажээ.

“Канадчууд нуурын бодит нэр Онтарио болохыг мэддэг, мэдэж ч байсан, үргэлжлэн нэрлэх болно” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.

Канадын Нова Скотиа мужийн захирагч Тим Хьюстон “Бид өнөөдөр үнэхээр тэнэг зүйлсэд автаж байна. Энэ бол Онтарио нуур шүү, найз аа” хэмээн мөн сошиал хуудсаараа мэдэгджээ.

Гол усны нэрсийг тодорхойлдог олон улсын нэгдсэн байгууллага байдаггүй.

Трампын захирамж нь зөвхөн АНУ дотроо л үйлчлэх юм.

Онтарио нуурын нэр нь Хуроны уугуул иргэдийн “oniatari:io” буюу “гялалзсан устай нуур” гэсэн утгатай үг юм байна.

1867 онд Канадын Онтарио муж байгуулагдахдаа уг нуурын нэрийг авч байжээ.

Нуурын шинэ нэрийг зарлахдаа Трамп “Канад биднийг урт удаан хугацаанд ашиглаж байсан. Тэд биднийг улс шиг харьцахыг шаардаж байгаа ч үнэндээ тэд улс биш. Би Канадын ард түмэнд хайртай. Тэднийг төлөөлдөг хүмүүс зохих ажлаа сайн хийхгүй байгаа гэж би бодож байна. Тэд өөрчлөгдөж магадгүй. Би мэдэхгүй байна. Ингэлээ гээд байдал өөрчлөгдөхгүй байх” гэж хэлсэн юм.

Трамп өнгөрсөн онд өмнөд хөрш Мексиктэй муудалцахдаа Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилсөн.

Өчигдөр тэр хэлэхдээ усны нэр өөрчлөх ажил нь дуусаагүй байж магадгүйг анхааруулжээ.

“Бидэнд одоо булан байна, нуур байна. Харин одоо бидэнд далай хэрэгтэй. Тиймээс бид Атлантын, эсвэл Номхон далайн нэрийг өөрчлөх хэрэгтэй болж магадгүй” гэж Трамп хэлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press