Энгийн иргэнийг “дроноор ангуучилсан” Оросын зэвсэгт хүчнийг Украины тал дайны гэмт хэрэгт буруутгажээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины өмнөд бүсийн Херсон хотод хүнсний ногоо худалдагчийг нисгэгчгүй онгоцоор хөөж, шархдуулж буйг харуулсан дүрс бичлэг цацагдсаны дараа Киевийн эрх баригчид Оросын талыг дайны гэмт хэрэгт буруутгажээ.

Украины цагдаагийн байгууллагаас нийтэлсэн уг бичлэгт гудамжны зогсоолд хүнсний ногоо худалдаж байсан эрэгтэйг нисгэгчгүй онгоц элдэн хөөж, автомашины ард нуугдахад нь бөмбөг дэлбэлж буйг харуулсан байна.

Эрэгтэй амьд үлдсэн ч цочролд орж, бөмбөгний хэлтэрхийд оногдон шархадсаныг цагдаа нар мэдээлжээ.

Украины албаныхан сүүлд түүнийг 52 настай Юрий гэдэг хүн болохыг мэдээлж, эмнэлэгт авсан видео ярилцлагыг нь нийтэлсэн байна.

“Өнөөдөр олон хүн Херсон хотод энгийн иргэнийг дроноор ангуучилж буйг харуулсан бичлэгийг үзээд цочирдлоо. Оросууд галзуурсан” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа бичээд Москвад илүү их дарамт шахалт үзүүлэх, Украины аюулгүй байдлын баталгааг чангатгахыг уриалжээ.

Украины цагдаагийн газар болон гадаад хэргийн сайд Андрей Сибига дээрх үйл явдал Мягмар гарагт болсныг баталсан бол

ОХУ-ын батлан хамгаалах яам уг бичлэгийн талаар тодруулахад тайлбар өгөөгүй байна.

“Би дөнгөж сүүдрэвчээ босгоод хайрцагтай ногоонуудаа буулгаж байсан. Эхнэр маань ч тэнд байсан. Дараа нь бид чимээ сонссон ч эхэндээ олж харж чадаагүй. Дрон захын ар талаас, бут сөөг дундаас гарч ирээд маш доогуур нисэж байсан. Энэ бол задгай газар. Хаашаа ч нуугдах аргагүй. Үнэхээр аймшигтай байсан” гэж эмнэлэгт эмчлүүлж буй Юрий ярьжээ.

Тэрбээр хоёр хөл болон нуруундаа авсан шархыг энэ үеэр харуулсан байна.

“Херсонд Оросын үйлдсэн энэхүү зэрлэг дайны гэмт хэргийг олон улс зэмлэн буруушааж байгаа ч мянга мянган ижил төстэй гэмт хэрэг хэзээ ч олны анхаарлын төвд өртөлгүй өнгөрдөг” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсаараа мэдэгджээ.

Долдугаар сард Украин дахь НҮБ-ын хүний эрхийн хяналтын төлөөлөгчийн газар 2026 оны эхний зургаан сарын хугацаанд 1,396 энгийн иргэн алагдаж, 7,978 хүн шархадсаныг мэдээлсэн. Энэ нь 2025 онтой харьцуулахад 37 хувиар өсөж, 2024 оныхоос хоёр гаруй дахин өссөн үзүүлэлт юм байна.

Энгийн иргэдийн хохирол огцом өссөн нь фронтын шугамаас хол оршдог хотуудыг чиглэсэн Оросын алсын тусгалын пуужин, нисгэгчгүй онгоцны дайралт эрчимжсэнтэй холбоотойг НҮБ тайлбарлаж байв.

Украины тал бас алсын тусгалын пуужин, дрон харваж байгаа ба эдгээрийн улмаас энгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч буйг Оросын тал шүүмжилдэг.

Даваа гарагт Оросын тал Хар тэнгисийн эргийн Геленджик амралтын газарт Украины дрон долоон хүн, түүний дотор гурван хүүхдийн амийг хөнөөсөн тухай мэдээлж, үүнийг санаатай террорист халдлага гэж тодорхойлсон.

Харин Украины тал үүнийг өөрийнх нь дроныг Оросын зэвсэгт хүчин буудаж унагаснаас болсон гэж тайлбарласан юм.

 

Эх сурвалж: Reuters