FIFA-гийн ерөнхийлөгч ДАШТ-ий 44 тоглолтыг үзэхийн тулд нийт 115 цаг нисжээ
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ 96 жилийн түүхэндээ хамгийн өргөн уудам газар нутгийг хамран зохион байгуулагдсан юм.
Анх удаагаа АНУ, Мексик, Канад гурван улсад зохион байгуулагдсан нь үүнд нөлөөлсөн. FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн 39 өдөрт 44 тоглолт үзэхийн тулд Умард Америкийн хотуудын хооронд нисэхдээ ихэнх цагийг агаарт өнгөрүүлжээ.
Тэрбээр ДАШТ-ий ивээн тэтгэгч Qatar Airways компанийн Gulfstream G650 загварын нисэх онгоцыг аялалдаа ашигласан юм.
Инфантиногийн аяллын сонирхолтой тоо баримтуудыг Associated Press агентлаг тооцоолж гаргасныг хүргэж байна.
- Инфантино энэ ДАШТ-ий бүх 16 стадионд ядаж нэг удаа тоглолт үзжээ. Хамгийн олон буюу дөрвөн тоглолт үзсэн стадион нь Майами хотын Hard Rock Stadium болсон байна.
- Тэрбээр ДАШТ-ий тоглолттой 34 өдрийн 31-д нь нийт 44 тоглолт үзсэн бөгөөд 13 өдөр нь дараалан хоёр тоглолт үзэж байжээ. Энэ ДАШТ нийт 104 тоглолттой байсан юм.
- Инфантино нийтдээ 23 удаа улс хоорондын хил давж, 21 нисэх буудал ашигласан байна.
- Нийтдээ 115 цагийг агаарт өнгөрүүлснээс хамгийн урт нислэг нь Майамигаас Сиэтл хүртэл 344 минут үргэлжилсэн бол хамгийн богино нь Сиэтлээс Ванкувэр хүртэл 28 минут үргэлжилжээ.
- Инфантино нийтдээ 95,403 км замыг ДАШТ-ий үеэр туулжээ. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг бараг 2.5 удаа тойрох хэмжээний зай юм.
- Тэрбээр нэг өдөр хамгийн уртдаа 9,289 км аялсан байна.
- Инфантиногийн гурван улс, 16 хот, дөрвөн цагийн бүс дамжсан урт аялал Ням гарагт Нью Жерсид болсон шигшээ тоглолтоор өндөрлөжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

