АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэр бүлд хүүхэд мэндэлсэн нь сүүлийн 156 жилийн анхны тохиолдол болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 9 цаг 55 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон түүний гэргий Уша Вэнс нар дөрөв дэх хүүхдээ төрүүлснийг Ням гарагт зарлажээ.

Энэ нь сүүлийн 156 жилийн хугацаанд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг идэвхтэй хашиж байгаа хүний гэр бүл хүүхэдтэй болсон анхны тохиолдол юм байна.

Вэнсийн гэр бүл өмнө нь дөрвөн настай охин, зургаа ба есөн настай хоёр хүү, нийт гурван хүүхэдтэй байсан юм.

Сүүлд төрсөн хүүхэд нь хүү бөгөөд Алек Нил гэдэг нэр өгчээ.

“Өнөөдөр өглөө бидний бяцхан хүү Алек Нил Вэнс мэндэлснийг дуулгахдаа таатай байна. Уша болон хүүхдийн бие сайн, аз жаргалтай байгаа бөгөөд манай хүүхдүүд бяцхан дүүтэй болсондоо маш их баяртай байна” гэж Вэнс сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Дэд ерөнхийлөгч бас Цагаан ордны эрүүл мэндийн баг болон Уолтер Ридийн Үндэсний Цэргийн эмнэлгийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Бүгд Найрамдах намын дэд ерөнхийлөгч Америкчуудад олон хүүхэдтэй болохыг байнга уриалж, өөрийн биеэр үлгэрлэдэг хүн.

2025 онд түүний найз, консерватив хөдөлгөөний идэвхтэн Чарли Кирк буудуулж алагдсан нь дахин нэг хүүхэдтэй болоход нөлөөлснийг Вэнс нэг удаа ярьж байжээ.

Одоо 41 настай дэд ерөнхийлөгч гадаад айлчлалдаа 40 настай гэргий Уша болон гурван хүүхдээ байнга дагуулж явдаг.

АНУ-ын дэд ерөнхийлөгч нараас хамгийн сүүлд 1870 онд Шуйлер Колфакс, түүний хоёр дахь гэргий Эллен Уэйд Колфакс нар хүүтэй болж байжээ.

Тэр үеэс хойш дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа хүүхэдтэй болсон тохиолдол байгаагүйг Цагаан ордны Түүхчдийн Холбоо баталж байна.

Колфаксаас өмнө 1829 онд дэд ерөнхийлөгч Жон Калхун, түүний гэргий Флорид Бонно Калхун нар хүүтэй болж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press