"Ялагдашгүй Армада" гэгддэг ИСПАНИ дэлхийн хошой аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 6 цаг 40 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) бүтэн сар үргэлжилсний эцэст өнөөдөр өндөрлөлөө.

Анх удаа гурван улсад зохион байгуулагдсан төдийгүй 48 улс оролцсон энэ удаагийн ДАШТ-ий ялагчаар "Ялагдашгүй Армада" гэгддэг Испанийн шигшээ баг тодорсон юм.

Тэд шигшээд дөрвөн жилийн өмнөх аваргын цомын эзэн Аргентины багтай учраа таарч, нэмэлт цагт Ферран Торресын ганц гоолын зөрүүгээр дэлхийн хошой аварга болов.

Испаничууд 2010 онд анхны аваргын цомоо авснаас хойш 16 жилийн дараа хоёр дахиа түрүүлж буй нь энэ.

АНУ-ын Нью-Йорк хотноо цугласан 80,000 гаруй үзэгчдийн өмнө хоёр баг үндсэн цагт хуурай тэнцсэн. Гэхдээ үндсэн цагийн шүүгчийн мэдлийн 90+3 минутад Аргентины багийн Энцо Фернандез хоёр дахь шар хуудсаа авч, талбайг чөлөөлсөн нь энэ тоглолтын эргэлтийн цэг байв.

Нэмэлт цагийн хоёрдугаар хагас дөнгөж эхлээд Нико Уильямсын толгойгоороо мөргөж дамжуулсан бөмбөгийг Ф.Торрес эсрэг багийн хаалганд цохиж оруулснаар энэ тоглолтын эцсийн цэгийг хатгалаа.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ийнхүү испаничууд түүхэндээ хоёр удаа шигшээд үлдээд бүгдэд нь ялалт байгуулав. Тэд ДАШТ-ий түүхэнд хоёр ба түүнээс олон түрүүлсэн долоо дахь баг болж түүхэнд үлдлээ. Энэ жагсаалтыг тав түрүүлсэн Бразил тэргүүлдэг бол Герман, Итали тус бүр дөрөв, Аргентин гурав, Франц, Уругвай тус бүр хоёр түрүүлсэн үзүүлэлттэй.

Харин Л.Месси тэргүүтэй Аргентин долоон удаа шигшээд шалгараад дөрөв үзүүрлэсэн амжилтаараа Германы хамт жагсаж байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ удаагийн ДАШТ-д нийт 104 тоглолт болоход 308 гоол орлоо. Мэргэн буучдын жагсаалтыг Францын Кильян Мбаппе 10 гоолтойгоор тэргүүлсэн бол шилдэг тоглогчоор Испанийн Родри, шилдэг залуу тоглогчоор Пау Кубарси, шилдэг хаалгачаар Унай Симон нар тодорлоо.