Жюд Беллингэмийн хоёр гоолоор англичууд хагас шигшээд шалгарлаа
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн наймд Англи, Норвегийн баг учраа таарсан билээ.
Майами хотод болсон уг тоглолтод "Гурван арслангууд" өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм. Норвегийн Андреас Шельдеруп эхний хагасын 36 дахь минутад гоолын салхийг хагалсан ч "Викингчүүд" тэргүүллээ удаан хадгалж чадсангүй.
Эхний хагасын шүүгчийн мэдлийн 45+2 дахь минутад Жюд Беллингем тооны харьцааг тэнцүүлэв.
А.Шельдерупд Мартин Одегаард оновчтой дамжуулалт өгсөн бол Ж.Беллингемийн гоолд Энтони Гордон дамжуулалт нэр дээрээ бичүүлэв.
Үлдсэн хугацаанд хоёр талаас нэг бус гоолын боломж гаргасан ч отон, алдаа зэрэг шалтгаанаар цуцалсан юм.
Улмаар хоёрдугаар хагаст тооны харьцаанд өөрчлөлт ороогүй тул цаг сунгасан. Харин нэмэлт цагт Ж.Беллингем гоолдсоноор багаа хагас шигшээд шалгарууллаа.
Тэр ийнхүү ДАШТ-д зургаан гоолтойгоор Харри Кэйний хамт мэргэн буучдын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. Одоогоор Месси, Мбаппе найман гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй бол Норвегийн Эрлинг Хааланд долоон гоолтой ч энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ.
Английн шигшээ баг хагас шигшээд Аргентин, Швейцарын хожсонтой нь өрсөлдөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

