АНУ-ын засаг захиргаа ерөнхийлөгч Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2026 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа ерөнхийлөгч Дональд Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлүүлэхээр бэлдэж эхэлжээ.

Хэдийгээр холбооны хуулиар америк долларын дэвсгэрт дээр амьд сэрүүн байгаа хүний хөрөг хэвлэхийг хориглодог ч Конгресс дэх Трампын холбоотнууд үүнийг зөвшөөрөх хуулийн төсөл өргөн барьсан байна.

Хэрвээ хууль тогтоогчдын олонх үүнийг дэмжвэл АНУ-ын түүхэнд анх удаагаа долларын дэвсгэрт дээр амьд сэрүүн байгаа хүн, одоо албан тушаал хашиж буй ерөнхийлөгчийн хөрөг залрах юм.

Шинэ дэвсгэрт нь энэ онд тохиож буй АНУ-ын үүсгэн байгуулагдсаны 250 жилийг бэлэгдэх юм байна.

$250-ын дэвсгэртийн загвар олон нийтэд ил болоогүй байгаа. Гэхдээ сангийн яамны мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлт, үйлдвэрлэл хариуцдаг агентлаг BEP (Bureau of Engraving and Printing) загвар гаргах ажлыг эхлүүлсэн гэх мэдээлэл байна.

Өчигдөр АНУ-ын сангийн сайд Скотт Бессент шинэ дэвсгэртийн тухай Вашингтон Пост сонинд анх гарсан Трампын хөрөгтэй төсөөллийн загвар бүхий мэдээний эхийг харуулсан юм.

Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш ерөнхийлөгч Трамп өөрийн нэр, зураг, гарын үсгийг олон зүйл дээр мөнхжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа.

Тэрбээр 250 жилийн ойг тохиолдуулан хэвлэж буй шинэ дэвсгэрт дээр өөрийн гарын үсгийг байрлуулсан.

Одоогоор АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Фрэнклиний хөрөгтэй $100-ын дэвсгэрт АНУ-ын хамгийн том мөнгөн дэвсгэрт болдог.

АНУ өмнө нь $500, $1,000, $,10,000-ын дэвсгэртүүд хэвлэж байсан ч 1969 оноос эхлэн хэвлэхээ зогсоосон юм.

Одоо эдгээр нь хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байгаа ч ихэвчлэн хувийн цуглуулгад хадгалагддаг.

Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг боловсруулахад олон жилийн хугацаа шаардаж, Холбооны Нөөцийн Зөвлөл болон бусад АНУ-ын нууц албад, агентлагууд оролцдог бөгөөд загварыг нь ч нууцалдаг юм.

Тиймээс долдугаар сарын 4-ний өдөр тохиох 250 жилийн ойд зориулсан шинэ мөнгөн дэвсгэрт богино хугацаанд хэвлэгдэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Трампын нэр Вашингтон дахь Кеннедийн төв зэрэг түүхэн барилга байгууламжууд дээр бичигдэж, АНУ-ын шинэ паспортын хуудсанд зураг нь хэвлэгдсэн.

Тэр бас АНУ-ын ерөнхийлөгч нарын хөлөглөдөг нисэх онгоцыг өөрийн дуртай өнгөөр будуулсан юм.

 

Эх сурвалж: BBC