Японы томоохон компаниуд дотооддоо хиймэл оюуны технологийг хөгжүүлэх шинэ компанийг дундаасаа үүсгэн байгуулжээ
Япон улсын SoftBank Corp, NEC Corp, Honda Motor Co, Sony Group Corp зэрэг томоохон компаниуд дотоод зах зээлдээ ашиглах хиймэл оюуныг хөгжүүлэх зорилгоор дундаасаа шинэ компани үүсгэн байгуулж буйг уг асуудалд ойр ажилладаг эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.
Дээр нэр дурдсан компаниуд АНУ, Хятадтай өрсөлдөхүйц хиймэл оюуны загварыг бүтээх зорилготой бөгөөд үүндээ засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй байгаа гэнэ.
Тэд бүтээсэн хиймэл оюуны загвараа Японы бусад компаниудад ашиглуулах замаар хамрах хүрээг нь цааш улам өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ компанид SoftBank компанийн гүйцэтгэх захирлаар удирдуулсан хиймэл оюуны 100 инженер ажиллах гэж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.
Хөрөнгө оруулагчдын дунд бас Nippon Steel Corp, Kobe Steel Ltd, MUFG Bank, Sumitomo Mitsui Banking Corp, Mizuho Bank зэрэг аварга компаниуд багтжээ.
Шинэ компанийн үйл ажиллагаанд эхлээд SoftBank, NEC компаниуд тэргүүлэх үүрэгтэй оролцож, сүүлд тэдэнтэй Токиод төвтэй хиймэл оюуны технологи хөгжүүлэгч Preferred Networks Inc нэгдэхээр болсон байна.
Японы засгийн газрын агентлаг Шинэ Эрчим Хүч, Аж Үйлдвэрийн Технологийн Хөгжлийн Байгууллагаас шинэ компани нэг их наяд хүртэл иений ($6.3 тэрбум) санхүүжилт хүсэхээр төлөвлөснийг эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
