Энэтхэгт цар тахлын үеэр хорио цээрийн дэглэм сахиулахдаа хүний аминд хүрсэн есөн цагдаа цаазын ял сонсжээ
Энэтхэгт 2020 онд цагдан хоригдож байсан эцэг, хүү хоёрын амийг хөнөөсөн хэргээр цагдаагийн есөн албан хаагч цаазын ял сонсжээ.
Тухайн үед 58 настай П.Жэяараж, түүний хүү 38 настай Беникс нарыг цар тахлын хорио цээрийн дэглэмийг зөрчиж, гар утасны дэлгүүрээ ажиллуулсан шалтгаанаар Энэтхэгийн өмнөд бүсийн Тамил Наду мужийн шоронд хорьсон байна.
Энэ үеэр цагдаа нар тэднийг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн юм. Даваа гарагт мужийн шүүх цагдаа нарыг “эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүний амь санаатай бүрэлгэсэн” хэмээн дүгнээд тэдэнд цаазын ял оноожээ.
Цагдаагийн албан хаагчид шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой юм байна.
“Тэд зэвсэггүй хүмүүст халдсан. Тэднийг өршөөх ёсгүй. Тэдний нас, гэр бүлийн гарал үүслээс хамааран үүнээс бага ял оноох боломжгүй. Тэд бүгд боловсролтой хүмүүс байсан” гэж шүүгч дүгнэлтдээ дурджээ.
Эцэг, хүү хоёрын аллагад цагдаагийн арван ажилтан буруутгагдсан ч нэг нь 2020 онд коронавирусийн халдварын улмаас нас барсан юм байна.
Энэ хэрэг Тамил Наду муж даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж, иргэдийн жагсаалд сөрөг хүчний улс төрчид оролцож байжээ.
Энэтхэгийн сөрөг хүчний удирдагч Рахул Ганди, крикетийн од тамирчин Шихар Дхаван нар цагдаа нарт хариуцлага хүлээлгэж, шударга ёс тогтоохыг уриалсан алдартнуудын дунд байв.
Энэ хэрэг цагдаагийн харгислалын асуудлыг Энэтхэгийн олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм.
Тус улсад жил бүр хэдэн зуун хүн цагдан хоригдож байхдаа амь насаа алддаг талаар хүний эрхийн байгууллагууд мэдээлдэг.
Цагдаагийн байгууллага хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүх, хүчирхийлэх явдал түгээмэл болсон гэж тэд үздэг юм.
Энэ оны эхээр НҮБ-ын хэд хэдэн шинжээч цагдаагийн байгууллагынхаа үйл ажиллагааг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэхийг Энэтхэгийн эрх баригчдад уриалж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

