НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Уг хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах бөгөөд хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарлаж, ерөнхий гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарчээ. Тус компани нь 2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай байна. Тус байгууллага нь Рио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцуудын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу, 2024 онд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэж байжээ.
Олон улсын сонгон шалгаруулалтын талаар КОП 17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын Захирал бөгөөд Хэлэлцээ хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баттулга “Уг хурлыг хөх болон ногоон бүс гэсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хөх бүс дэх түр барилга байгууламжийг барьж байгуулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулж, шийдвэрийг гаргалаа” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!